Улаанбаатар хот Төрийн ордон
Эрхэм хүндэт ард иргэд ээ!
Та бүхний энэ баярт үдшийн түмэн амгаланг айлтгая. Дурсамж дүүрэн, хуучин 2012 он улиран одох гэж байна. Шинэ 2013 он гарахад хэдхэн хором үлдлээ.Хийморь золбоо ихт Монгол түмний хувьд 2012 он онцгой жил байлаа.
2012 он бол Монголчуудын их түүхээрээ бахархсан үндэсний бахархалт он байлаа. Их эзэн Богд Чингис хааныхаа мэлмий гийсний 850 жилийн түүхт ойг тэмдэглэлээ.
2012 он бол Монголчуудын шинэ сонголтын он байлаа. Их хурал, Засгийн газар шинээр бүрэлдэн ажилдаа орлоо. Нийслэл хот, дүүрэг, аймаг сумдын удирдлагууд шинэчлэгдлээ. Монголын төрийн шинэ бүрэлдэхүүнд манай эмэгтэйчүүдийн эзлэх жин мэдэгдэхүйц нэмэгдлээ. Шил шилээ дарсан шинэчлэл, иргэнлэг шийдэл, бүтээлч ажлууд өрнөж эхэллээ.
2012 он бол Монгол улсад төвлөрсөн халамжийн нийгэмд хийх өөрчлөлтийг жинхэнэ ёсоор эхлүүлсэн он боллоо. Манай орон, иргэний бүтээлч нийгэм рүү, шууд ардчилсан тогтолцоо руу шинэ зоримог алхмууд хийж эхэллээ. Иргэд эрхэндээ эзэн болох их хөдөлгөөн газар сайгүй өрнөж байна. Иргэний оролцоо, шууд ардчилал бол манай нийгмийн ирээдүй юм.
2012 он бол Монгол хүн бүр хариуцлагатай бүтээлч байх түүхэн цаг ирж байгааг сануулсан, мэдрүүлсэн он боллоо. Монгол улсын Засгийн Газар олон улсын санхүүгийн зах зээлд нэр хүндээ үнэлүүлж зээл авлаа. Манай улс санхүүгийн зовлонтой бус бүтээхийн жаргалтай орны замыг тууштай сонголоо.
2012 оны сүүлээр бид шинэ зууны их бүтээн байгуулалтын эхний туузаа хайчиллаа. Оюутолгойн үйлдвэр бүтээгдэхүүнээ боловсруулж эхэллээ. Монголчууд бүгдээрээ хийж бүтээхийн замд дахин нэг урагш алхлаа.
2012 онд Монгол улс шүүх эрх мэдлийг шинэчлэх, шударга ёс хариуцлагын тогтолцоог бүрдүүлэхэд урагш алхаж чадлаа. Шүүх эрх мэдлийг бие даалгаж албан тушаал, хөрөнгө мөнгөний хараат байдлаас гаргахад чиглэгдсэн хуулиуд батлагдлаа. Төр, хуулийн байгууллагууд эрх мэдэлд биш иргэн хүнд үйлчлэх зам засагдаж эхэллээ. Ард олны нуруу тэнийх сайн цаг ирж байна. Хүн бүр дор бүрнээ санаачлагатай, бүтээлч, хөдөлмөрч байж чадвал айл өрх бүрийн амьдрал ахуй дээшлэх боломж бүрдэж байна.
2012 онд манай тамирчид зуны олимпийн амжилтаа ахиуллаа. Найдангийн Түвшинбаяр олимпын хос медалтан боллоо. Манай урлаг соёлынхон олон газар, олон нэр хүндтэй тэмцээнд цахиур хагаллаа. Хүйтэн гараар орж харьд одсон Монгол батаар олуулаа эх нутагтаа эргэж ирэхээр боллоо. Монголчууд түүх соёлын өвдөө эзэн байж чадахаа дэлхийн тавцанд зарлалаа.
Эрхэм анд нөхөд өө!
2012 онд Монгол улсын олон улсын нэр хүнд улам өсөн бэхэжлээ. Цөмийн зэвсэггүй байх Монгол улсын статусыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүн дахин нотолж, батламжид гарын үсэг зурлаа. Монгол Улс Европын Аюулгүй байдал хамтын ажиллгааны бүрэн эрхт гишүүн боллоо. Монгол улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн нэр төртэй манлайлагч байж чадлаа. Манай орон ардчилал хүний эрх, шударга ёс, хуулийн засаглалын хувьд үлгэр жишээ улсын нэг боллоо.
2012 онд Монгол улс дэлхийд авлигын түвшин нь хамгийн хурдацтай буурч байгаа орноор тодорлоо. Цаашид Монгол авлигыг халсан, хуулийн засаглалыг бүрэн тогтоосон, ядуурал, залхуурал, бэлэнчлэлийг түүх болгосон орон болох ёстой.
Их түүхээ хамтдаа бүтээж байгаагаараа бид бахархдаг. Бид нэгэн нарны дор, нэгэн цаг үед, Монгол гэдэг нэгэн сэтгэлийг хатамжлан амьдарч яваа хүмүүс. Бид хормын дараа түүхээ бичиглэж эхлэх шинэ оноо угтан авах гэж байна. Монголчууд төр улсыхаа түүхт, дөрвөн хоёр давхацсан тэгш-2222 жилтэйгээ золгох гэж байна. Монгол түмний аз хийморь, ерөөл буян, амжилт бүтээл нь ирэх онд улам тэгш дүүрэн байна гэдэгт би эргэлзэхгүй байна.
Гарч буй 2013 он Монгол түмний амьдралд өөдрөг сайхан өнгө нэмнэ. Газар бүр шинэ бүтээн байгуулалт өрнөж, хүн бүрийн ажил амьдрал өсөж дэвжихийг хүсэж байна. Он солигдох мөчид азай буурал ахмадууддаа “баярлалаа” гэж хэлье. Та бүхнийхээ бүтээснийг бид улам нэмж өсгөж өргөтгөх болно. Өдрөөс өдөрт олон болж байгаа алиа бяцхан үрсээ улам хайрлацгаая. Өрх гэрийн багана, түшиг болсон аав ээж, ах, эгч дүү, ураг саднаа улам хүндэлж явцгаая.
Он солигдох энэ торгон мөчид ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа нийт иргэддээ чин сэтгэлээсээ гүн талархал илэрхийлье. Дэлхийн олон оронд ажиллаж, сурч, амьдарч байгаа элэг нэгт Монгол ахан дүүсдээ, Монгол хэмээх нэрийг эрхэмлэн шүтдэг нийт хүмүүст шинэ оны мэнд хүргэе.
Манай оронд ажиллаж амьдарч байгаа дэлхийн олон орон, байгууллагын элч төлөөлөгч бүрт, Монгол улсыг талархан дэмжигч нийт зон олонд шинэ жилийн нөхөрсөг халуун мэндчилгээг хүргэе.
Эрхэм Монголчуудаа !
2013 онд манай ард түмний амжилт ялалт, бахархлын буухиа үргэлжлэх болтугай. Эх дэлхийд минь хайр энэрэл нэмэгдсэн их сайхан жил ирэх болтугай. Монгол түмний урагшлах зам өөдөө, цагаан байх болтугай.
Энэ ариун цагаан сүүг хүн бүрийн эрүүл энхийн төлөө, амжилт бүтээл, хийморь сүлд нь өөдрөг байхын төлөө өргөе.
Монгол түмэн минь өнө мөнх бадран мандах болтугай. Та бүхэнд шинэ жилийн мэнд хүргэе.
2012 оны 12 дугаар сарын 31
No comments:
Post a Comment