Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс санаачлан НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэстэй хамтран Нийслэлийн Иргэний танхимд Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр 2013-2016 төслийг иргэд, ААНБ, ТББ, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн дүнд
Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн тал дээр хогны төлбөрийг нэмэгдүүлэх, ам бүлийн тоогоор төлбөр хураах тогтолцоонд шилжүүлэн хог хаягдлын талаарх иргэдийн мэдлэг ухамсарыг дээшлүүлэх сургалт сурталчилгааны ажлыг эрчимтэй явуулах, хог ангилан ялгах, боловсруулах үйлдвэрүүдийг яаралтай ашиглалтанд оруулах, нэмж барих саналын иргэдийн зүгээс тавьж хөтөлбөрийн төслийг дэмжиж саналуудыг хэлж байлаа.
Хөтөлбөр болон журам батлагдан гарсны дараа зоригтой хэрэгжүүлж ажиллахыг хүсч, сануулж байлаа.
Нийслэл Улаанбаатар хотын хүн ам, айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж ахуйгаас болон үйлдвэрлэл, үйлчилгээнээс гарах хог хаягдлын хэмжээ ихэсч хог цуглуулах, тээвэрлэх, түүнийг ангилан ялгаж боловсруулах үйл ажиллагаа өнөөгийн шаардлагаас хоцорч байгаад дүгнэлт хийж энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор “Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр”-ийг боловсруулаад байна.
Хөтөлбөрт хог хаягдлын хууль эрх зүйн орчинг сайжруулах, удирдлагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, хог цуглуулах, ачих, тээвэрлэх үйл ажиллагаа болон хог хаягдлыг ангилан ялгах хэлбэрт иргэн, айл өрх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийг шилжүүлэх, хэвшүүлэх, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хог хаягдал боловсруулах жижиг, дунд үйлдвэрүүдийг байгуулах, хог тээврийн үйл ажиллагааны хөрөнгийн эх үүсвэр болон санхүүжүүлэх тогтолцоог сайжруулахтай холбоотой асуудлуудыг тусгав.
Хөтөлбөрт тусгагдсан үндсэн бүлэг сэдвүүд:
- Үндэслэл
- Баримтлах зарчим
- Үндсэн зорилго
- Зорилт
- Стратеги
- Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа, үе шат
- Улаанбаатар хотын хог хаягдлын урсгалын төлөвлөлт
- Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт
- Оролцогч талууд, тэдгээрийн гүйцэтгэх үүрэг
- Хяналтын тогтолцоо, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүд
- Эрсдэлийн удирдлага
- Хэрэгжүүлэх үйл ажиллагааны календарчилсан төлөвлөгөө, шаардагдах хөрөнгө оруулалт(2013- 2016 он)
Хөтөлбөрийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөөнд 27 нэр бүхий ажлыг шаардагдах хөрөнгө, хугацаа, хариуцах эзэнтэй нь тодорхой тусгаж оруулав.
Хөтөлбөрийн хүрээнд 2013 онд:
- Гэр хороодод хяналтын камер байрлуулах
- Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн төвлөрсөн цэгийг түшиглэн барилгын хог боловсруулах үйлдвэр байгуулах
- Ашиглалтаас гарсан автомашин, электрон, цахилгаан барааны цех байгуулах
- Малын сэг зэм, малын гаралтай хог хаягдлын тээвэрлэлт, цуглуулалтын тогтолцоог боловсронгуй болгож зориулалтын төвлөрсөн цэгийг эмээлтэд байгуулах
- Алслагдсан хороо, дүүрэгт хогийн төвлөрсөн цэг байгуулах зэрэг томоохон ажлууд хийгдэнэ.
No comments:
Post a Comment