Өнөөдөр нийслэлийн Иргэний танхимд “Улаанбаатар хотын хог хаягдлын
менежментийг сайжруулах хөтөлбөр”-ийг улам сайжруулах тухай болон хотын
рекламны самбарыг цэгцлэх тухай нээлттэй хэлэлцүүлэг боллоо.
Улаанбаатар
хотын хүн ам, айл өрх, албан байгууллага, аж ахуйн нэгж өдрөөс өдөрт
өсөн нэмэгдэж байна. Эдгээрийг дагаад ахуйгаас болон үйлдвэрлэл
үйлчилгээнээс гарах хог хаягдлын хэмжээ ихэсч хог цуглуулах, түүнийг
тээвэрлэх, ангилан ялгаж боловсруулах үйл ажиллагаа орчин үеийн
шаардлагаас хоцорч байгаад дүгнэлт хийж дээрх асуудлыг шийдвэрлэх
зорилгоор “Хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөр”-ийг
боловсруулжээ.
Хөтөлбөрт хог хаягдлын болон хууль эрх зүйн
орчинг сайжруулах, удирдлагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй
болгох, хог цуглуулах, ачих тээвэрлэх үйл ажиллагаа болон хог хаягдлыг
ангилан ялгах хэлбэрт иргэн, айл өрх, байгууллага, ААН-үүдийг шилжүүлэх,
хэвшүүлэх, улс, нийслэлийн төсвийн хөрөнгө болон хувийн хэвшлийн
хөрөнгө оруулалтаар хог хаягдал боловсруулах жижиг, дунд үйлдвэрүүд
байгуулах, хог тээврийн үйл ажиллагааны хөрөнгийн эх үүсвэр болон
тогтолцоог сайжруулахтай холбоотой асуудлуудыг тусгажээ.
Тус
хөтөлбөрийг 2016 он хүртэл буюу үндсэн 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр
болжээ. Нэгдүгээр үе шат нь 2013-2014, хоёрдугаар үе шат нь 2015-2016 он
хүртэл үргэлжлэх аж.
Хөтөлбөрийн хүрээнд 2013 онд:
Гэр хороодод хяналтын камер байрлуулах
Нарангийн энгэр, Цагаан давааны хогийн төвлөрсөн цэгийг түшиглэн барилгын хог боловсруулах үйлдвэр байгуулах;
Ашиглалтаас гарсан автомашин, электрон, цахилгаан барааны цех байгуулах;
Малын
сэг зэм, малын гаралтай хог хаягдлын тээвэрлэлт, цуглуулалтын
тогтолцоог боловсронгуй болгож зориулалтын төвлөрсөн цэгийг Эмээлтэд
байгуулах;
Алслагдсан хороо, дүүрэгт хогийн төвлөрсөн цэг
байгуулах зэрэг томоохон ажлууд хийгдэхээр болжээ. Удахгүй НИТХ-аар
дээрх хөтөлбөрийн талаар хэлэлцэж өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцсон
иргэдийн санал бодлыг тусгаад эрх зүйн актууд болгох юм байна. Мөн
“Улаанбаатар хотыг хөгжүүлэх төлөвлөгөө”-г батлахаар болжээ.
Хэлэлцүүлгийн
үеэр Захирагчийн ажлын албаны дарга С.Батбаяр “Бид Улаанбаатар хотын
иргэд 1 сая 200 мянга хүрлээ гээд онгирохын оронд энэ хотод амьдарч
байгаа иргэн бүр соёлтой байх хэрэгтэй байна. Хамгийн наад зах нь
иргэдийн ахуйн хог хаягдалд хандах ухамсрын түвшин маш доогуур байна.
Тиймээс иргэдийн идэвхтэй оролцоо, хяналт чухал байна” гэв. Сонирхуулж
хэлэхэд 2012 оны байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 1008 тонн хог
хаягдал гарсан ба үүний 68.5 хувийг гэр хороолол, 15.9 хувийг аж ахуйн
нэгж, 12.3 хувийг орон сууц, үлдсэн 1.2 хувийг нийтийн гудамж талбайн
хог хаягдал эзэлжээ.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна
реклам, мэдээллийн байгууламж байрлуулахдаа 2006 онд НИТХ-аас батлагдсан
“Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна реклам, мэдээллийн байгууламж
байрлуулахдаа байгууллага, аж ахуйн нэгж иргэдээс дагаж мөрдөх журам”-ыг
мөрдөн ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын нутаг
дэвсгэрт 2180 ширхэг реклам мэдээллийн байгууламж байрлаж байгаа бөгөөд
хотын Захирагчийн ажлын албанаас мөрдөгдөж байгаа хууль, журмын
хэрэгжилтийг хангуулан хяналт тавин ажиллаж байна. 1995 онд анх
Захирагчийн алба байгуулагдахад гадна реклам мэдээллийн байгууламж
хариуцсан 1 мэргэжилтэнтэй Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ердөө 20
ширхэг реклам мэдээллийн байгууламж байжээ. Гэтэл 17 жилийн дотор
хариуцсан мэргэжилтэн 1 хэвээр байгаа бөгөөд рекламын байгууламжийн тоо
бараг 10 дахин өсчээ.
2006 оны журмаар гадна зар сурталчилгааны
байгууламжийн татварыг 37 дахин өсгөж нэмэгдүүлэн эдийн засгийн аргаас
гадна зар сурталчилгааны тоог цөөлөх бодлого барьж байсан. Цаашдаа
энэхүү журмыг улам боловсронгуй болгож, нэмэлт өөрчлөлт оруулан гадна
рекламын байгууламжийн өнөөгийн дүр төрхийг хот төлөвлөлт, хотын
хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэ түвшинд гаргах шаардлагатай байгаа
аж.
Хотын ерөнхий менежерээр томилогдоод удаагүй байгаа
менежер Б.Бадрал “Улаанбаатар хотод рекламын самбарууд замбараагаа
алдлаа. Эдгээр рекламны самбарыг мэргэжлийн хүмүүс хийдэггүй юм байна.
Дархан, Эрдэнэт хот нийслэлээс замбараатай, цэвэрхэн. Ер нь Улаанбаатар
хотын гудамж талбайд Европ ч, Ази загвар ч ажиглагдаж байна. Тиймээс
бидний үйл ажиллагааны язгуур зорилго үндсэндээ улсынхаа нийслэлийг
замбараатай болгоход чиглэх болно” гэв.
Дээр нь эдгээр замбараагаа
алдсан рекламны самбарууд замын камержуулалтад ихэвчлэн сөргөөр
нөлөөлдөг байна. Замбараагүй байрлуулсан самбарууд камерыг хааж осол
гарсан үед ослын бичлэг хадгалагддаггүй байна. Авто замын осолд өртсөн
хүмүүс ЗЦГ-т энэ талаар байнга ханддаг гэнэ.
No comments:
Post a Comment