Улаанбаатар хотын гэр хороололд суурьшиж буй 184.2 мянган айл өрх, гэр хороолол дахь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийг дулаанаар хангаж буй халаалтын зуухнаас гарч буй утаа, тортог агаарын бохирдлын 60 гаруй хувийг эзэлж байна.
Өнгөрсөн жилүүдэд хотын агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах олон талт арга хэмжээг хэрэгжуүлж байгаа хэдий ч бодитой үр дүн бага байна.
Иймд Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдал, хот байгуулалтын зөв бүтэц, хотын оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх оновчтой бодлого нь газар өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн оролцоотойгоор гэр хорооллыг дахин төлөвлөх замаар инжөнөрийн төвлөрсөн болон хэсэгчилсэн хангамжтай орон сууцны хороолол болгон хөгжүүлэх явдал юм.
- Хотын төвийн хэсгийн инжөнөрийн шугам сүлжээнд ойр байрлалтай гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийж барилгажуулах бүс,
- Дулаан хангамжийг хэсэгчилсэн болон биө даасан эх үүсвэрээр шийдвэрлэн, цахилгаан болон цэвэр усны төвлөрсөн шугам сүлжээгээр хангагдах амины тохилог сууцны хороолол болгон хөгжүүлэх бүс,
- Нүүлгэн шилжүүлэх хэсэг буюу үерийн ам, далан суваг, голын сав газар, өндөр хүчдэлийн болон инженөрийн шугам сүлжээний хамгаалалтын бүс, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх боломжоор хомс уулын хажуу болон орой, хогийн цэг, оршуулгын газрын хил хязгаар дотор болон хамгаалалтын зурваст айл өрх суурьшихыг хориглосон бүс болно.
Дээрх бүсчлэлийн дагуу гэр хорооллын газарт 2008 оноос хойш 17 байршилд дахин төлөвлөлт хийж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Гэвч гэр хорооллын барилгажилтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор ХЕТ-ний инженерийн гол шугам сүлжээ, эх үүсвэр, авто зам, нийгмийн үйлчилгээний барилга байгууламжийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулах шаардлагатай байна. Энэ зорилгоор эхний ээлжинд барилгажуулахаар төлөвлөж байгаа гэр хорооллын газарт шаардагдах хөрөнгө оруулалтын тооцоог дараах байдлаар гаргаж байна.
Тооцоогоор, эхний ээлжинд нэр бүхий 12 гэр хорооллын газарт дахин төлөвлөлтийг хийхэд нийт 179.8 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэр шийдвэрлэх хэрэгтэй байна. Тухайлбал:
- инженерийн гол шугам сүлжээ, эх үүсвэрийн барилга байгууламжийг барихад 84.9 тэрбум төгрөг
- Авто зам барихад 18.7 тэрбум төгрөг • Сургууль, цэцэрлэг барихад 76.2 тэрбум төгрөг
- Гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийж, орон сууцжуулах төслөөр 5 хороололд 37 900 айлын орон сууц баригдсанаар хотын агаарын бохирдлын цөм хэсэгт байрлах нийт 7 355 нэгж талбар буюу хашааны газар чөлөөлөгдөж, одоо байгаа гэр хорооллын 30 хувийн утаа үйлдвэрлэгч яндан үгүй болно.
- Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулж, нөхцөл сайжруулах 7 төслийн хүрээнд 2 920 нэгж талбар бүхий хашааны газарт дахин төлөвлөлт хийж 4 744 айлын амины тохилог орон сууцны хороолол бий болно. Гэр хорооллын ердийн галлагаатай 4 700 зуух үгүй болно.
Дээрх 12 төслийг хэрэгжүүлснээр 42.6 мянган айл инженерийн шугам сүлжээ бүхий тохилог сууцанд орж, агаарын бохирдол 30 хувиар буурч 2000 оны агаарын бохирдлын үзүүлэлтийн хэмжээнд хүрэх боломжтой. Мөн хотын хөрс, усны бохирдол болон тоосжилтын асуудал давхар шийдэгдэж хүн амын эрүүл мэндэд эерэг нөлөөлөл үзүүлнэ.
No comments:
Post a Comment