Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга И.Баасанжав |
-Монголын хамгийн том сум, олон хүн амтай гэдгээрээ танай сум онцлог. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө ч их болсон. Тэгэхээр шинэ Засаг даргад ажиллах боломж илүү байгаа биз дээ?
-Баян-Өндөр сум хүн амын нягтрал, санхүүгийн хүчин чадлын хувьд ч хамгийн том сум гэдгээрэ онцлог. Гэхдээ маш бага газар нутагтай. Би ажлаа аваад сар гаруй болж байна. Сумын ажлыг шинэ шатанд гаргахыг зорьж ажлаа эхэллээ. Шинэчлэлийн Засгийн газрын бодлогод эрх мэдлийг сум, баг руу шилжүүлэхээр тусгасан. Үүнийг би ажлынхаа удирдлага болгохыг зорьж байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд 10 мянган саналын хуудас хэвлэж иргэдийн дунд санал асуулга явууллаа. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр Баян-Өндөрт хийх эн тэргүүний ажил юу байх вэ гэдгийг иргэдээсээ асуулаа. Бүх багийнхаа иргэдээс санал авсан. Өмнө нь сум, аймгийн төсвийн хуваарилалт дээрээсээ доош явдаг байсан бол одоо доороосоо дээш явна. Иргэд ч идэвхтэй оролцох болно. Тэд өөрийнхөө амьдардаг орчныг сайжруулах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгох, сургууль, цэцэрлэг, орон сууц гээд тулгамдсан бүхий л асуудлаа саналын хуудсаар идэрхийлсэн. Мөн асуудлыг шийдэх боломжтой саналаа ч өгсөн. Бид иргэдийнхээ саналыг нэгтгэн баг бүрээр эрэмбэлэн гаргаж хамгийн олон саналыг нэг, хоёрдугаарт жагсаалаа. Одоо энэ асуудлаа орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр яаж хийх талаар ажиллаж байна. Үүнийгээ аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулна. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсны хувьд иргэд, орон нутгийн удирдлагууд, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, иргэдийн санал бодлыг дарга нар хүлээн авч богино хугацаанд шуурхай шийдвэрлэдэг байх, хууль тогтоомжийг иргэдэд ойлгомжтой тодорхой тайлбарлаж өгдөг туслагч нь байх тогтолцоог бий болгохоор ажиллаж байна. Ингээд “Цахим сум” хөтөлбөр хэрэгжүүлэхээр аймгийнхаа удирдлагуудад танилцуулж байна.
-“Цахим сум” гэдэг нь ямар хөтөлбөр байх вэ. Товчхон танилцуулаач?
-Өөрийн гэсэн програмчлалтай, иргэд саналаа баг тус бүр дээр тавихад хэдэн секундын дараа орон нутгийн удирдлагуудад ирдэг, түүнийг нь хариуцсан дарга, мэргэжилтэнд шийдвэрлүүлэх үүрэг даалгавар өгдөг, шийдвэр нь тодорхой хугацааны дараа ирдэг байх ёстой. Энэ ажлыг хийхийн тулд “Цахим сум” хөтөлбөр хэрэгжүүлэх юм. Иргэдийн санал яаж ирэх, нууцлал нь ямар байх гээд бүх зүйлийг хийж байгаа. Одоогоор сумын дүрэм гэж өмнө нь хаана ч байгаагүй зүйлийг хийж байна. Сум өөрийн гэсэн дүрэмтэй байх ёстой. Монголд аюул осолгүй, хамгийн түргэн шуурхай ажилладдаг “МИАТ” компани байдаг. Тус компани өөрийн гэсэн дүрэмтэй. Тэгэхээр төрийн байгууллагууд үүнийг нэвтрүүлэх ёстой. Сум дүрэмтэй болчихвол хэн, юу хийх ёстой вэ гэдэг маш тодорхой болно. Төрийн мэдээлэл, тэр дундаа төсөвт санхүүтэй холбоотой мэдээлэл ил тод байх ёстой. Тендерийн ажлыг ил тод болгоно. Сум хэдэн төгрөгтэй, түүнийхээ хэдийг нь өнөөдөр юунд зарцуулав, маргааш хэдэн төгрөгөөр юуг хэн хийх вэ гэдэг маш тодорхой байна. Тухайлбал, хэдэн төгрөгийн тендерт ямар компани шалгарав, хэн оролцов гэдэг бүх мэдээлэл тодорхой байна. Тендерийн ажлыг он дамжин хийдэггүй маш шуурхай байлгах, томоохон ажлыг нэг компанид биш орон нутгийнхаа олон жижиг компаниар хийлгэдэг байх юм. Тэгэхээр орон нутгийнхаа компаниудын чадвар, санхүүгийн чадавхийг сайжруулах хэрэгтэй болно. Үүнд орон нутгийн бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийг татан оролцуулах, ажилгүй иргэдийг чадавхжуулах хэрэгтэй байгаа юм. Тухайн тендерт иргэд хяналт тавидаг болно. Тендерийн ажлын гүйцэтгэлийн явцад хяналт тавьдаг болно. Мөн нийтийн зар мэдээнийн журам гаргаж байна. Иргэд мэдээллээ яаж өгөх вэ, тэднээс мэдээллийг яаж авах, ямар хугацаатай байх вэ гэдэг шинэ журам боловсруулж байна. Манай аймаг олон сонин, телевиз, радиотой. Нийтэд зар мэдээ хүргэхэд хэвлэлийнхэнтэй хамтарч ажиллана.
-Энэ бүгдийг хийхэд нэлээд хөрөнгө хэрэгтэй нь мэдээж. Танай сум энэ жил хэдэн төгрөгийн төсөвтэй байгаа вэ. Таны санаж төлөвлөсөн ажлыг хийхэд хүрэлцээтэй мөнгө бий юү?
-Манай сумын орон нутаг хөгжүүлэх санд 2,6 тэрбум төгрөг энэ онд суусан. Үүнийг юун зарцуулах вэ гэдгээ хянаж байна. Журам хараахан батлагдаагүй боловч эхний загвараа гаргаж, түүнийхээ дагуу ажиллаж байгаа. Манайх том хот доторх сум. Нэг бол хот, аймаг ч юм шиг. Сайн харвал сум гэсэн сонин хэлбэртэй. Тэгэхээр бид ажлаа сайн харж хийхгүй бол ажлын давхардал гарах магадлалтай.
-Иргэдээс санал цуглуулсан гэлээ. Нэг, хоёрдугаарт ямар санал бичигдсэн бэ. Танай сумынханд ямар асуудал илүү тулгамдаж байна вэ?
-Ардчилсан нам орон нутгийн сонгуулиар ялалт байгуулсан. Намын мөрийн хөтөлбөрт аюулгүй орчинд иргэдээ ажилтай орлоготой байлгая, эрдэм боловсролтой, эрүүл чийрэг амьдруулъя гэсэн таван багц зүйл тусгасан нь иргэдэд таалагдсан. Энэ дагуу саналууд ирж байна. Жишээ нь, мөнхийн сэдэв болсон орон сууц, орчин тойрны тохижилт, гэрэлтүүлэг, орц хонгил гэх мэт асуудал бий. Мөн төрийн байгууллагуудын ажлыг шуурхай, нээлттэй тунгалаг ил тод байлгах талаар олон санал ирсэн.
-Иргэдэд мэдээлэл хомс байгаагаас өөртөө хэрэгтэй зүйлээ олж авч чаддаггүй, эрхээ хамгаалж мэддэггүй гэдэг шүү дээ. Та хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан болохоор нээлттэй байдлыг илүү чухалчилж байна уу. Та өмнө нь юу хийж байсан юм бэ?
-Би Радио телевизийн дээд сургуулийн анхны төгсөгч. Телевиз, радиогийн найруулагч мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд МҮОНРТ-д ажиллаж байгаад “Эрдэнэт” үйлдвэрийн хэвлэл мэдээллийн албанд “Номин” телевизийн найруулагчаар ажилласан. Дараа нь хувийн телевиз байгуулан ажиллаж байсан. Хоёр удаа “Алтаншонхор” шагнал хүртэж байлаа. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хэвлэлийн ажлаас хөндийрч улс төрийн салбарт ажиллаж байна.
-Улс төрд орсон нь хоёр жил гэж үү. Эсвэл эртнээс нам, улс төрийн үйл хэрэгт оролцож байсан юм уу?
-Улс төрийн ажилд эртнээс оролцсон. Ер нь манай хэвлэлийнхэн аливаа зүйлийг өөр өнцгөөс хардаг, арай өөр үзэл бодолтой байдаг. Би оюутан байхдаа ардчиллыг дэмждэг байсан. Хэвлэлийн хүн болохоор сонгуулийн үеэр идэвхтэй ажилладаг байлаа. 2000 оны сонгуулиас хойш үзэл бодолдоо ойр улс төрийн хүчний ажилд идэвхтэй оролцсон юм.
-Хэвлэлийн хүн болохоор орон нутгийнхаа ажил амьдралын сайн , мууг илүү мэдэх байх. Төрийн ажил танд хэр ойр байна?
-Их ойр байна. Телевизэд ажиллаж байхдаа аймгийнхаа болохоос болохгүй бүх зүйл рүү ордог байсан. Иргэдийн өмнөөс шийдвэрлүүлэх асуудлын төлөө их явдаг байсан. Одоо сумын Засаг дарга болохоор иргэдийнхээ амьдралд илүү ойртож байна. Төрийн ажил дундаас дээд төвшинд бас л хаалттай байжээ. Ажил хийх боломж илүү харагдаж байна. Итгэл найдвар ч төрж байна. Орон нутгийн эрх мэдэл ч харьцангуй боломжтой боллоо. Ажил хийх хариуцлага асар их ирлээ.
-Засаг дарга мөрийн хөтөлбөртэй байдаг. Танай Тамгын газрын байран дотор болж буй бүх зүйл иргэдэд нээлттэй болно гэж ойлголоо. Дөрвөн жилийн дараа гэхээс илүү яг нэг жилийн дараа Баян-Өндөр сум яаж өөрчлөгдсөн байх бол?
-Нэг жилийн дараа хоёр зүйлийг харж байна. Нэгдүгээрт, Эрдэнэт хотын зах хязгаарт байгаа иргэнд тулгамдаж байгаа асуудалд аймгийн удирдлагууд хэрхэн хандаж яаж шийдэж байгаа нь мэдэгдэхүйц нэмэгдэнэ. Мөн иргэний танхим баг бүрт байгуулагдаж байгаа. Иргэд асуудалд өөрсдөө оролцдог болно. Хоёрдугаарт, өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хийж болох ажил байсан гэдгийг харуулах ёстой. Иргэд боловсон ариун цэврийн өрөөтэй, халуун устай амьдарч болно гэдгийг жилийн дараа харуулах болно. Харин иргэдэд энэ бүгдийг ойлгуулах нь хамгийн хэцүү ажил. Сэтгэлгээний хувьд асар их өөрчлөлт хэрэгтэй. Жилийн дараа иргэд маань үүнийг ойлгоно гэж найдаж байгаа.
-Том үйлдвэр дагасан хотод ядуурал, ажилгүйдэл хэр байдаг юм бэ. Түүнийг яаж шийдэх боломж байна?
-Манай аймаг их онцлогтой. Үйлдвэрийн 5-6 мянган ажилчны цалин нэг өдөр буудаг. Нэлээд хэдэн тэрбум төгрөг нэг өдөр зах зээлд орж ирдэг. Тэгэхээр үнийн савлагаа мэдрэгддэг. Иймд “Эрдэнэт” үйлдвэр, төсвийн байгууллагын ажилчдын худалдан авах чадварт ялгаа гарах нь бий. Ядуурал ч байгаа. Баруун аймгуудаас шилжин ирсэн иргэд олон байдаг. Ажилгүйдэл ч өндөр. Иргэдээ ажилтай, орлоготой болгох, бүлэг хоршоо болон ажиллах боломжийг Орон нутгийг хөгжүүлэх сангаас бүрдүүлэх зорилго байгаа.
М.ГАНЦЭЦЭГ: Зууны мэдээ 2012.01.14 №10, 11(4325,4326) 12-р нүүр
No comments:
Post a Comment