Пенъян хот Ким Ил Суны Их Сургууль
Ким Ил Суны их сургуулийн эрдэмтэн багш, оюутан залуус та бүхний түмэн амгаланг айлтган чин сэтгэлээсээ мэндчилье.
Ким Ил Суны их сургуульд зочилж, Монгол Улсын гадаад бодлого, мөн БНАСАУ, Монгол Улс хоорондын харилцааны талаар ярих түүхэн боломж олдсонд туйлын их баярлаж байна.
Түүхээс цухасхан...
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлоготой орон. Манай улсын төрт ёсны бодлого бол олон зууны уламжлалтай. Нэг жишээ дурдахад 13-14 дүгээр зуунд Монголчууд дэлхийн хамгийн том гүрнийг байгуулж явсныг та бүхэн бүгдээрээ мэдэх байх аа. Тэр үед Монголын их гүрэн бичмэл хуулийн дагуу улс орныхоо бодлогыг тодорхойлж, засаглаж байсан. Түүнийг нь “Их Засаг” хууль гэж нэрлэдэг байв. Тэр үед чөлөөт худалдааг эрхэмлэдэг, нээлттэй гадаад бодлого явуулдаг байсан.
Монголын их гүрний үед өрнө дорно, Ази, Европ жинхэнэ ёсоор холбогдсон гэж үздэг. Монголын их гүрэн хүний бишрэн шүтэх, бүтээн туурвих эрх чөлөөг хүндэтгэдэг байсан. Ази, Европ, Ойрх Дорнод руу чиглэсэн маш идэвхтэй гадаад бодлого явуулж байлаа. Монголын элч төлөөлөгчид, дипломатуудын халдашгүй дархан эрхийг жинхэнэ ёсоор бий болгож хэрэгжүүлсэн байдаг. Та бүхэн сонссон байх. Монголын элч төлөөлөгчид, дипломатуудад гадаад орон руу явахад нь алт, мөнгө, зэс, гууль, модон гэрэгэ өгдөг байсан. Түүн дээр нь тэдгээр хүмүүсийг чөлөөтэй нэвтрүүлэх болон халдашгүй байдлыг баталгаажуулсан үг, хааны зарлиг бичээстэй байлаа.
Тэр үед монголчууд аливаа улс гүрэнтэй хэлэлцэн тохиролцох, мөн итгэлцсэн байдлаар харилцахыг эрмэлздэг байсан. Монголын их гүрний зүгээс ямар нэг учир шалтгаангүйгээр дайн өдүүлж байгаагүй гэдгийг хэлэх нь зөв болов уу.
Монголын их гүрэн зуун дамжиж байгуулагдсан шигээ зуун дамжин доройтож, салж бутарч, бас уруудсан түүх буй.
Өнөөгийн Монгол Улс 1911 оны 12 дугаар сард эрх чөлөө, тусгаар тогтнолоо дахин сэргээж тунхагласан юм. Ингээд маш их идэвхтэй гадаад бодлого явуулсан байдаг. 1961 онд Монгол Улс НҮБ-д гишүүнээр элсэн орсон.
Манай гадаад болон дотоод бодлогын уялдаанаас...
Монгол Улсын гадаад бодлогын тухай ярихдаа мөн дотоод бодлогын талаар дурдахгүй байх аргагүй. Яагаад гэвэл манай гадаад бодлого дотоод бодлоготойгоо нягт уялдаатай юм.
Эрх чөлөөний тухай...
Монгол Улс хүний эрх, эрх чөлөөт байдлыг дээдэлдэг, хуулийн засаглалыг эрхэмлэдэг, нээлттэй бодлогыг хэрэгжүүлдэг орон. Монгол Улс иргэдийнхээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, өөрийн сонголтоороо ажиллаж амьдрахыг хүндэтгэдэг.
Би эрх чөлөөний хүчинд итгэдэг. Хүний эрх чөлөө бол хүн бүрт заяасан баялаг юм. Эрх чөлөө бол хүн бүр өөрийн боломжийг нээх сайхан бололцоо олгодог. Энэ нь хүний нийгмийг хөгжил дэвшилд хөтөлдөг юм. Эрх чөлөөтэй хүмүүс асуудлын шийдлийг өөрсдөөсөө хайдаг. Харин эрх чөлөөгүй бол хүндрэл бэрхшээлийн буруутныг гаднаас хайдаг. Монголчууд “Хүний эрхэнд жаргахаар өөрийн эрхээр зов” гэж хэлдэг.
Аливаа дарангуйлал бол мөнх биш, харин хүний эрх чөлөөтэй амьдрах хүсэл эрмэлзэл бол байнгын хүч юм.
Монгол Улс улс төр, эдийн засгийн шилжилтийг 1990 онд нэгэн зэрэг нэг ч цонхны шил хагалалгүй, нэг ч дусал цус гаргалгүйгээр хийж чадсан орон. Би ганц жишээ дурдъя. 20 гаруй жилийн өмнө Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд хувийн хэвшлийн эзлэх хувь 10 хүрэхгүй байлаа. Одоо 80 гаруй хувьтай болсон байна. Нийгмийн чөлөөт байгуулал гэдэг бол манай улсын хувьд хүрэх зорилго гэхээсээ илүүтэй явах зам гэж бид ойлгодог.
Эрх чөлөөт нийгмийн харилцааг бэхжүүлэх, шилжилт хийх гэдэг бол амаргүй. Өглөө бүр ээж аав нь хүүхдээ хуурайлдагтай адил эрх чөлөөт нийгмийг өдөр бүхэн муу зүйлээс нь цэвэрлэж байх шаардлагатай байдаг.
Бид одоогийн байдлаар хууль шүүхийн шинэтгэлд ихээхэн анхаарч байгаа. Авлига бол бидний замд учирч байгаа нэг аюул юм. Авлигыг үл тэвчих бодлогыг Монгол Улс хэрэгжүүлэхийг хичээж ажиллаж байна.
Бид сүүдрээ нуудаггүй. Бидний алдаа ч ил, сургамж ч ил байдаг. Эрх чөлөө бол алдаж болдог, алдаанаасаа суралцаж болдог тогтолцоо юм. Эрх чөлөөтэй, нээлттэй нийгмийн зам бол өөрөө суралцах явц юм. Би ч өөрөө суралцсаар яваа хүн. Би малчин айлд төрж өссөн. Найман эрэгтэй хүүхэдтэй айлын отгон хүү. Ард түмнийхээ чөлөөт сонголтоор тэдний нийтлэг эрх ашигт үйлчлэх эрх надад олдсонд би маш их баярлаж явдаг.
Сургамж, цааз, цөмийн зэвсэг, НҮБ...
Бидний зүгээс ямар нэг сургаал айлдах, хэн нэгнийг сургах бодлого баримталдаггүй. Харин бид алдаанаасаа суралцан, тэр сургамжаа бусадтай хуваалцахад байнга баяртай байдаг. Өнөөдөр ч Монголын нийгэмд олон сорилт тулгарсаар байгаа. Тэдгээр сорилтыг шийдвэрлэхэд илүү нээлттэй байдал, иргэдийн илүү оролцоо гэсэн нэг л гол зарчим баримталдаг.
Монгол Улс хүний амьд явах эрхийг эрхэм дээд үнэт зүйл гэж үздэг. 2009 оны 6 дугаар сараас хойш Монгол Улсад цаазаар авах ялыг бүрэн зогсоосон. Бид энэ ялыг бүрэн халах болно.
21 жилийн өмнө Монгол Улс өөрийгөө цөмийн зэвсэггүй бүс гэж зарласан. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн 5 орон Монгол орны энэ статусыг бичгээр баталгаажуулсан. Монгол Улс улс төр, дипломатын болон эдийн засгийн аргаар аюулгүй байдлаа баталгаажуулахыг илүүд үздэг. Манай улс НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоох зорилго тавьж байгаа. Өнөөдрийн байдлаар НҮБ-ын гишүүн 193 орны 172-той нь Монгол Улс дипломат харилцаа тогтоосон байна.
Монгол Улс өөрийн бүс нутаг, олон улсын байгууллагын хүрээнд идэвхтэй бодлого баримталж ажилладаг.
Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа...
Одоо би Монгол Улс, БНАСАУ-ын харилцааны талаар товчхон ярья. Монгол, Солонгосын ард түмний харилцаа олон зууны түүхтэй. Би энэ айлчлалынхаа үеэр Гон мин хааны бунхан бүхий дурсгалт газар зочилж очлоо. Тэр үеийн Корё улсын хаан Гон мин, түүний монгол хатан, тэдний хайр сэтгэл, бие биеэ хүндэтгэсэн харилцааны тухай түүх надад маш сайхан, гүнзгий сэтгэгдэл үлдээлээ.
Өнөөгийн Монгол Улс, БНАСАУ бол уламжлалт сайн харилцаатай орнууд юм. Манай хоёр орны харилцаанд бидний ахмад үеийнхний гавьяа зүтгэл, сэтгэл шингэсэн байдаг.
Бид ядарсан цагтаа бие биеэ орхиогүй...
Монгол Улс БНАСАУ-тай дипломат харилцаа тогтоосон хоёр дахь орон. 1948 оны 10 дугаар сарын 15-нд Монгол Улс, БНАСАУ бие биеэ хүлээн зөвшөөрөлцөх гэрээ байгуулсан байдаг. 1950-иад оны эхээр солонгосын дайн ид дүрэлзэж байх тэр үед манай хоёр орон бие биедээ элчин сайдын яам нээх шийдвэр гаргасан юм.
Монгол Улсаас БНАСАУ-д суух анхны Элчин сайдаар манай АИХ-ын Тэргүүлэгчдийн даргаар он удаан жил ажилласан Жамсрангийн Самбуу гэж хүн томилогдож байлаа. бөмбөгдөлтөд өртөж, гадны Элчин сайд нарыг гарч явахыг БНАСАУ-ын талаас санал болгосон байдаг. Тэр үед БНАСАУ-аас яваагүй үлдсэн Элчин сайд бол Самбуу гуай юм. Тэрээр “Бид нөхдөө орхиод явдаг хүмүүс биш ээ. Эрхэм нөхөр Ким Ил Сунтай энэ хүнд үед нь хамт байна” гэж хэлээд ажиллаж байсан юм билээ.
1956 онд солонгосын дайны дараа бүтээн босголтын нөр их ажил өрнөсөн үед Ким Ил Сун гуай Монгол Улсад анх айлчилсан юм. Мөн 1988 онд тэрээр хоёр дахь удаагаа Монгол Улсад айлчилсан байдаг. Уг айлчлалын 25 жилийн ой энэ онд тохиож байгаа.
Бид алдар хүндтэй ахмад үеийнхнийхээ үндэс суурийг нь тавьсан харилцааг улам баяжуулж бэхжүүлэх үүрэгтэй гэж би боддог. Манай хоёр орон бол ядарсан цагтаа бие биеэ орхиогүй сайн түншүүд. Бид өнчин хүүхдүүдээ хүртэл хамт өсгөж, бие биедээ сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлж ирсэн хүмүүс ээ. Цаашид ч Монгол Улс, БНАСАУ-ын харилцаа олон шинэ түүхээр баяжна гэдэгт би итгэдэг.
Сүүлийн жилүүдэд...
Сүүлийн жилүүдэд манай хоёр орны хооронд өндөр дээд хэмжээний харилцан айлчлал идэвхжиж байна. Манай хоёр орны Засгийн газар хоорондын зөвлөлдөх комисс гэж байдаг. Энэ комиссын үйл ажиллагаа идэвхтэй явагдаж, олон асуудлыг шийдвэрлэж байгаа. Мөн манай төрийн байгууллагууд, иргэд, бизнесийнхний харилцаа идэвхжиж байна. Бидэнтэй албан ёсны төлөөлөгчдөөс гадна бизнес эрхлэгч маш олон хүн хамт ирсэн. Өсвөрийн хөлбөмбөг сонирхон тоглогч хүүхдүүд бас ирсэн.
Манай хоёр орны эдийн засгийн харилцаа удирдагч Ким Жөн Ыны тавьж буй “эдийн засгийн хүчирхэг гүрэн байгуулах” зорилгод нийцнэ гэж би итгэдэг. Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, түүнийг шийдвэрлэхэд Монгол Улс идэвхтэй байр суурь баримталж оролцдог. Зүүн хойд Азийн асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” гэсэн санаачилгыг бид дэвшүүлсэн. Бидний энэ санаачилга тус бүс нутагт итгэлцлийг бэхжүүлэх асуудлыг энх тайван, яриа хэлэлцээний аргаар шийдвэрлэхэд чиглэсэн юм.
Энэ удаа...
Биднийг БНАСАУ-д айлчлах боломж олгож, маш сайхан найрсаг зочломтгой байдлаар хүлээн авсан танай ард түмэн, удирдлагад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа дахин илэрхийлье. Энэ айлчлалын үеэр БНАСАУ-ын удирдлагатай уулзаж, улс төр, эдийн засаг, нийгэм, спорт, соёл, хүмүүнлэгийн харилцааг идэвхжүүлэх талаар ихээхэн чухал яриа хэлцлүүд хийлээ.
Мөн боловсролын салбарын харилцааг өргөтгөн оюутан залуус, эрдэмтэн багш, судлаачдаа солилцож, сонирхсон асуудлаараа ярилцаж байх нь зөв юм гэж үзлээ. БНАСАУ-аас спортын дасгалжуулагч, тамирчид, соёл урлагийнхан манай улсад зочлох, мөн Монгол Улсаас ижил төрлийн байгууллагын хүмүүс энд ирж хамтарч ажиллах өргөн боломж байгаа. Бид ийм харилцааг дэмжинэ. Би өчигдөр Ким Ил Суны нэрэмжит цэнгэлдэх хүрээлэнд 50 мянган үзэгч дэмжигчдийн өмнө манай хоёр орны өсвөр насны хүүхдүүдийн хөлбөмбөгийн тэмцээний нээлтэд оролцсондоо маш их баярласан.
Ким Ил Суны их сургуульд өнөөдөр зочилж, та бүхэнтэй уулзаж Монгол Улсын гадаад бодлого, хоёр орны харилцааны талаар лекц унших боломж надад олдсонд баярлаж буйгаа дахин илэрхийлье.
Аливаа орны оюун санааны эх уурхай болсон их сургууль, эрдэмтэн багш нар, оюутан залуус тухайн улсынхаа хувь заяа, амьдралд маш их чухал үүрэг гүйцэтгэдгийг би сайн мэднэ. Би энэ танхимд Солонгосын ард түмний ирээдүй болсон залуучуудтай уулзсандаа байнга баярлаж байх болно гэдгээ хэлье.
Би залуу үеийнхний санаачилгатай, эрч хүчтэй, бүтээлч байдалд итгэдэг. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ын ч гэсэн залуу хүн. Та бүхэнд солонгосын ард түмний ирээдүйг аз жаргалтай, сайн сайхан замд хүргэх боломж байгаа гэдэгт итгэж байна. Ингээд та бүхэнд чин сэтгэлээсээ амжилт хүсэн ерөөе.
Миний ярьсан зүйлтэй холбогдуулан та бүхэнд асуух асуулт байвал би хариулъя. Та бүхэнд их баярлалаа.
Жич:
· Асуулт тавиагүй боловч эрдэмтэн багш, оюутнууд Ерөнхийлөгчийг угтаж авсан шигээ удтал алга нижигнүүлэн ташиж үдлээ.
· Лекцийн сэдвийг БНАСАУ-ын тал санал болгосон. Мөн “ардчилал, зах зээл” гэсэн үг хэрэглэхгүй байхыг зөвлөсөн болно.
· Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ Ким Ил Суны Их Сургуульд энэ сэдвээр лекц уншсан гадаад улсын анхны төрийн тэргүүн юм.
2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр
No comments:
Post a Comment