Шадар сайд Д.Тэрбишдагва Монгол бахархлын өдөр буюу 2013.11.04-нд Гудамж төслийн бүтээн байгуулалтын ажилтай биечлэн танилцлаа. Зургаан уулзварын ажил дуусах шатандаа орж байна
Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх зорилго бүхий “Гудамж” төслийн “Хотын төв” дэд төслийн хүрээнд 33 уулзвар өргөтгөн шинэчлэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 12 уулзвар ашиглалтад оруулаад байгаа билээ. Үүн дээр нэмээд дахин зургаан уулзварын ажил одоо дуусах шатандаа орж байна.
Тодруулбал, ТЭЦ3 болон “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн урд уузваруудын зам барилгын ажил дуусч, өнгө хучилт хийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийг бүрэн нээсэн.
Гэмтлийн эмнэлгийн урд зам, уулзварын өргөтгөл шинэчлэл дууссан бол I хорооллын арын замыг уг замтай шууд холбосон шинэ уулзвар гаргах ажил 90 гаруй хувьтай явж байна. Тус уулзварын налуу хэсэгт олон үе бүхий бэхжүүлэлтийн суурь хийснээс гадна арматураар хүчитгэсэн бетон түшэц хана барьж, суурь болон өнгө хучилтын ажил дууссан. Түүнчлэн Усны гудамж буюу 25 дугаар эмийн сангийн урд уулзварыг хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгож өргөтгөх ажил төлөвлөсөн хугацаандаа багтаж өнгө хучилт, тэмдэг тэмдэглэгээ хийн зорчих хэсгээ нээлээ. Мөн Циркийн арын уулзварын өргөтгөлийн ажил дуусч, одоо тэмдэг тэмдэглэгээний ажилдаа орж байна.
Одоо дээрх уулзваруудад замын тэмдэг тэмдэглэгээг гүйцээж, явган зорчигчийн зориулалтын зам, орчны бусад тохижилтын ажлыг хийж байгаа бөгөөд бүгд гэрээт хугацаандаа багтаж дуусах юм.
No comments:
Post a Comment