Өнөөдөр нийслэлийн 374 жилийн ойн өдөр тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулж 11.00 цагт Нийслэлийн анхны шав тавьсан Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол боллоо.
Нээлтийг нээж НИТХ-дарга Д.Баттулга үг хэлэв. Тэрбээр “Эсгий туургатны нийслэл Улаанбаатар хот маань арвин баялаг түүхтэй бөгөөд үүссэн цагаасаа хойш Монголын улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын гол төв байж өдрөөс өдөрт, жилээс жилд өргөжин тэлсээр өнөөдөр ийнхүү 374 жилийнхээ түүх ойтой золгож байна. 1639 онд түшээт хан Гомбодоржийн хүү болох Занабазрыг халхын шарын шашны тэргүүнд өргөмжлөн Орд-Өргөө хотыг байгуулснаараа өдгөөгийн Улаанбаатар хотын үүсэл тавигдсан түүхтэй. Улаанбаатар хот маань 1778 онд Их хүрээ нэртэйгээр Богд Хан уулын ар, Хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсэний бэлгэ тэмдэг болгож хүн чулуун хөшөөгөөр анх шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдалыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойд хэсэгт 1994 онд дурсгалын хөшөө босгосон билээ. Улмаар дурсгалын цогцолбор болгон өргөжүүлж гол бэлгэдэл болох Мэлхийт хөшөөнд үе үеийн нийслэлийн удирдлагууд нийслэлийнхээ ойн өдрөөр хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Бид нийслэл хотынхоо 374 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ иргэддээ чиглэсэн, иргэдээ урамшуулсан, иргэдийгээ оролцуулсан олон бүтээлч ажил, уулзалт, үзэсгэлэн зэргийг зохион байгуулахын зэрэгцээ нийслэлийн удирдлагуудын хийсэн бүтээсэн ажлуудыг дүгнэн цэгнэх өдөр болгон тэмдэглэж байгаадаа баяртай байна” хэмээсэн юм.
Нийслэлийн 374 жилийн ойн баярын мэндийг хүргэе. |
Үүний дараа Төрийн хан хуурч Ц.Цэрэндоржийг урин залж нийслэлийн сүлдэт
хуурыг цэнгүүлэв. Мөн уртын дуучин МУГЖ Г.Хонгорзул болон МУГЖ
С.Ганзориг нар ая дуугаараа мэндчилгээ өргөж хуран чуулсан нийслэлчүүдэд
хүндэтгэл үзүүллээ. Мөн энэ үеэр гал голомтоо бадрааж байгаа залуу
хосуудад Нийслэлийн удирдлагууд амьд цэцгийн баглаа гардуулж цаашдынх нь
амьдралд аз жаргал хүсэн ерөөсөн юм.
Нийслэлийн 374 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрийн хүрээнд 11.30 цагт Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг шинэ байршилд залах ёслолын ажиллагаа боллоо.
Уг ёслолын ажиллагаанд нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, иргэд хөдөлмөрчид, зохиолч, яруу найрагчид олноороо хүрэлцэн очсон байв.
Хөшөөг шинэ байршилд залах ёслолыг нээж Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл хэлэхдээ “Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 374 жилийн ойг тохиолдуулан их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөг шинэ байранд нь залах энэ үйл ажиллагаа өнөөдөр тохиож байгаа нь санамсаргүй хэрэг биш юмаа гэдгийг би цохон тэмдэглэж байна. Их зохиолчийнхоо хөшөөг энд авчирч залсан нь зориуд Багшийн сургууль, оюутны хотхон, оюутнуудад нь ойртуулах үүднээс энд ингэж байршуулсан. Үүнээс хойш энэ газар утга зохиолд хайртай уран бүтээлч залуучуудын цугларч шүлэг бүтээлээ хэлэлцдэг тийм газар болно гэдэгт итгэлтэй байна. Д.Нацагдорж бол Монголын орчин цагийн уран зохиолыг төдийгүй соёлыг үндэслэгчдийн хамгийн том төлөөлөгчдийн нэг яах аргагүй мөн. Мөн Яруу найрагч Р.Чойномын “Д.Нацагдоржийн хөшөөний дэргэд” гэдэг тус хөшөөнд зориулж бичсэн нэгэн шүлэг байдаг юм билээ. Тэр шүлэгт Их зохиолчийн хөшөөг буруу газар байрлуулаад шувууны сангас, эргэн тойрондоо зэрлэг ургамлаар хүрээлүүлчихсэн байгаа тухай өгүүлдэг. Өнөөдөр энэхүү үйл явдалыг Р.Чойном яруу найрагч тэнгэрээс харж байгаа бол маш их баярлаж байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна” гэлээ.
Ийнхүү Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөө нийслэлийн 374 жилийн ойн өдрөөр Улаанбаатар хотынхоо хойморт заларлаа. Энэ тухай хуран чуулсан ахмад зохиолчид нь Э.Бат-Үүл даргын дээрх шийдвэрийг ихэд сайшааж, нийслэлчүүдийг Их зохиолчтой нь ойртуулж өгсөн ухаалаг алхам боллоо хэмээн ярилцаж байсан юм.
Хөтөлбөрийн хуваарь ёсоор 12.00 цагт Их Эзэн Чингис хааны талбайд Нийслэлийн туг мандуулах ёслол болсон бөгөөд туг мандуулах ёслолын арга хэмжээнд Улаанбаатар хотын захирагчийн алба, төр захиргааны байгууллагын удирдлагууд болон иргэд хөдөлмөрчид өргөнөөр оролцосон юм.
12.30 цагт “Найрсаг Улаанбаатар” цомгийн нээлт болон Их хотын хямдралын өдрийн үйл ажиллагааны нээлтийн арга хэмжээ боллоо. Хямдралтай худалдааг нээж нийслэлийн Засаг дарга “Бид нийслэлийнхээ өдрөөр анх удаа иргэддээ зориулан хямдралтай худалдаа зохион байгуулж байна. Цаашид уламжлал болгон зохион байгуулах хямдралтай худалдаанд идэвхтэй оролцож, үйлчлүүлээрэй” гээд хямдралын цан цохиж, худалдааг нээсэн юм.
Нийслэлийн Засаг даргын санаачлагаар “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан зарласан “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” хэмээх энэхүү баярын хямдралтай худалдаанд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд Хан-Уул дүүрэгт Яармаг худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт 15-р хорооны талбай, Сонгинохайрхан дүүрэгт Ханын материал, Дүүхээ төвийн талбай, Баянгол дүүрэгт Энэбишийн гудамж, Чингэлтэй дүүрэгт “Нарантуул-2” худалдааны төв талбай, Баянзүрх дүүрэгт Жуковын талбай болон Их эзэн Чингисийн талбайд тус худалдаа явагдаж байгаа юм.
No comments:
Post a Comment