Мэргэжлийн урлагийн “Улаанбаатар” чуулгын удирдлага солигдлоо. Тус чуулгыг байгуулагдсан цагаас нь буюу 2006 оноос хойш МУГЖ Ц.Түвшинтөгс удирдаж ирсэн. Харин өнөөдрөөс эхлэн ард түмэнд “Рок” нэрээрээ алдаршсан тайзны найруулагч Р.Мөнхсайхан удирдах боллоо. Ц.Түвшинтөгсийн хувьд “Дуулах ур зүй” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалах зорилгоор өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ. Холбогдох хүмүүсээс тодруулга авлаа.
МУГЖ Ц.Түвшинтөгс эрдмийн зэрэг хамгаална
-Түвшинтөгс гуай, та тус чуулгыг багагүй хугацаанд удирдаж, уран бүтээлийн эрч хүчтэй он жилүүдээ зориулсан. Ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх зайлшгүй шаардлага байв уу?
-Тийм ээ, би “Дуулах ур зүй” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалахаар ажиллаж байна. Энэ оны сүүлчээр докторын зэрэг хамгаалах учир ажлаа өгөхөөс өөр аргагүй болсон.
-Таны ажлыг “Рок” Мөнхсайхан авлаа. Чуулгын урын санд таны оруулсан үнэтэй сайхан санаанууд үйл хэрэг болон явж байгаа. Шинэ даргын талаарх сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Мөнхсайхан урлагийн тогоонд олон жил болсон хүн. Би чуулгынхаа онцлогийг хэлсэн. Тэгээд өөрийн гэсэн өнгө төрхтэй нь авч яваарай гэж хэлсэн.
Чуулгын дарга ажилчидтайгаа танилцаж байна
-Урнаа найруулагчаа, шинэ даргынхаа талаар сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Р.Мөнхсайхан дарга ажлаа хүлээж аваад өнөө өглөө бүх уран бүтээлч, ажилчидтай уулзлаа. Одоо ангиудаар явж танилцаж байна.
-Шинэ даргаа танайхан хэр хүлээж авав?
-Зүгээр, зүгээр. Манай энэ дарга чинь Москвад тайзны найруулагч мэргэжлээр төгссөн хүн юм байна. Өглөө өөрийгөө бидэнд танилцууллаа.
-Танайд одоо хамгийн түрүүн ямар уран бүтээл тавигдах вэ?
-Сайн хэлж мэдэхгүй байна. Бүтэц, уран сайхны зөвлөлд өөрчлөлт орох нь уу, одоогоор тодорхой мэдээлэл алга.
Шинэ ажлаа баяртай хүлээж авлаа
-Танд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Ажлаа хүлээж аваад хүмүүстэйгээ танилцаж байна.
-Таныг чуулгын дарга болгох асуудал хэдийнээс яригдав?
-Гэнэт л ийм санал ирсэн.
-Тэгээд?
-Баяртай хүлээж авсан. Энэ чуулга бол Улаанбаатар хотын урлагийн нүүр царай болж явдаг газар. Олон сайхан юм хийнэ гэсэн хүсэл тэмүүлэлтэй ажлаа авлаа.
-Таныг үндэсний урлагийн байгууллагын дарга болчихоор хүмүүс их гайхаж байна л даа?
-Харин тэгж байна. Би чинь найруулагч хүн шүү дээ. Энэ бол цаг хугацааны асуудал. Хүмүүсийн үзэл бодол өөрчлөгдөнө.
-Хамгийн түрүүн ямар ажил хийхэв. Бүтцийн өөрчлөлт хийх үү?
-Одоогоор мэдээлэл өгөх боломж алга. Эхлээд ажилтайгаа сайн танилцаж, хүмүүстэйгээ ярилцана, зөвлөлдөнө. Ирэх долоо хоногт хэвлэлийнхэнтэй албан ёсоор уулзана. Тэр үед асуудлууд тодорхой болчихно.
-Амжилт хүсье.
No comments:
Post a Comment