Монголын Үндсэний Музейд БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалт-70 жил тусгай үзэсгэлэн 10 дугаар сарын 20-ныг дуустал ажиллах бөгөөд үзэсгэлэнд бүх ард түмний санал хураалтын түүхэнд холбогдох сонирхолтой баримт, гэрэл зураг болон дурсгалт зүйлийг дэлгэн үзүүлж байна.
Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд 1945 оны хоёрдугаар сард хуралдсан Холбоотон гүрнүүдийн (ЗХУ, АНУ, Их Британи) Ялтын бага хурлын үеэр ЗХУ нь Японы эсрэг дайнд оролцох нэгэн нөхцөл болгож Гадаад Монголын буюу БНМАУ-ын статус кво-г холбоотон гүрнүүд болон Дундад иргэн улсаар хүлээн зөвшөөрүүлэх шаардлага тавьжээ. Энэ нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг бусад улс орноор, юуны түрүүнд тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй өөрийн нэг хэсэг хэмээн үзсээр байсан Дундад иргэн улс(ДИУ)-ын засгийн газраар хүлээн зөвшөөрүүлж баталгаажуулах түүхэн боломжийг бүрдүүлжээ.
Гэвч ДИУ-ын засгийн газар БНМАУ-ын тусгаар тогтнолыг одоо байгаа хилийнх нь хүрээнд, ард түмнийх нь санал хураалтын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох тухай нот бичгийг 1945 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ирүүлжээ. БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 76 дугаар хурлын тогтоолоор БНМАУ-ын тусгаар тогтносон асуудлын талаар бүх ард түмний санал хураалтыг явуулахаар шийдвэрлэж, БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураах ажлыг удирдах төв комисс болон аймаг, хотын комиссын дарга нарыг баталсан байна. Үүнд: Төв комиссын даргад Бумцэнд, орлогч даргад Сүрэнжав, гишүүдэд Янжмаа, Ширэндэв, Лувсан, Үйлдвэрчний төв зөвлөлийн Базарсад, Эвлэлийн Төв Хорооны Рагчаасүрэн, Ардын Хувьсгалт Цэргийн Равдан, Хязгаарын цэргийн Санжаа нарыг, мөн санал хураалгах ажлыг эрхлэх аймгийн комиссуудын даргаар тухайн аймгийн Намын Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нарыг тус тус томилсон байна. Мөн аймаг, сум, баг тус бүрт санал хураалтын ажлыг удирдсан зохион байгуулах комисс байгуулагдан ажилласан байна.
БНМАУ-ын ард иргэд тусгаар тогтнолын тухай санал хураалт явуулах шийдвэрийг баяртай хүлээн авч, төр засагтаа хандан илэрхийлэлт гаргаж, санал хураалтын бэлтгэл ажилд нэн идэвхтэй оролцож, зарим аймаг сумдад саналын хуудсанд заавал гарын үсгээ зурах хөдөлгөөн өрнөж, бэлтгэл сургууль хийж байжээ.
Санал хураалт 1945 оны 10 дугаар сарын 20-нд өглөөний 06 цагаас оройн 23 цагийн хооронд орон даяар нэгэн зэрэг болж, яс үндэс, хүйс, шашин шүтлэг, боловсролын байдлыг үл харгалзан БНМАУ-ын харьяат 18-аас дээш насны бүх иргэд идэвхтэй оролцжээ. Тусгаар тогтнолын тухай бүх нийтийн санал хураалтанд БНМАУ- ын сонгуулийн насны 494960 хүн оролцох байснаас 487409 хүн оролцож, 98,5 хувь нь тусгаар тогтнолоо батлан зөвшөөрөв хэмээн саналаа өгсөн бөгөөд татгалзсан хүн нэг ч гараагүй байна. Харин 7551 хүн буюу нийт санал өгөх хүмүүсийн 1,5 хувь нь ямар нэгэн шалтгаанаар санал хураалтанд оролцоогүй юм. Санал хураалтыг удирдах төв комисс 1945 оны 10 дугаар сарын 30-нд БНМАУ-ын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал хураалтын дүнгийн тухай протокол үйлдэн, тогтоол гаргаж ЗХУ болон Дундад Иргэн Улсын засгийн газарт хүргүүлжээ.
Үүний үр дүнд 1946 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Дундад Иргэн Улсын Гадаад яамнаас БНМАУ-ын Ерөнхий сайд маршал Х.Чойбалсанд тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөн баталсан тухай нот бичиг ирүүлжээ. Уг нот бичигт: 1945 оны 10 сарын 20-нд Гадаад Монголын ард түмнээс явуулсан санал хураах ажлын дүнгийн тухай таны нотыг хүлээн авлаа. Энэ нь Гадаад Монголын ард түмнээс өөрийн тусгаар тогтнолыг баталсныг илэрхийлж байна. Батлан хамгаалах дээд зөвлөлийн тогтоол ёсоор Хятадын засгийн газар нь энэ өдрөөс эхлэн Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээснээ зарлана, Үүнийг мэдэгдэхээр энэ нотыг явуулав гэжээ. Ийнхүү Монголын ард түмэн асар их хүчин чармайлтын үр дүнд Дундад Иргэн улсаар тусгаар улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ.
No comments:
Post a Comment