Өнөө өглөө Их тэнгэр цогцолборт Шууд ардчилал-иргэний оролцоо хөтөлбөрийг танилцуулах өглөөний цайны ёслол боллоо. Түүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүд, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын төлөөллүүд оролцсон юм. Хөтөлбөрийг танилцуулахын өмнө 1945 оны 10 дугаар сарын 20-нд монголчууд тусгаар тогтнолоо баталгаажуулах бүх ард түмний санал асуулгад хэрхэн оролцож байсныг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, 10 минутын баримтат кино үзүүллээ.
Тэртээ 67 жилийн өмнө монголчууд даяараа хөдөлж улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулахаар бичиг мэдэх нь гарынхаа үсгийг зурж, бичиг үсэггүй нь хурууныхаа хээг дарсан үйл явдал Монголын түүхэнд эхнийх бөгөөд сүүлийнх байсан ч шууд ардчиллын хамгийн том жишээ болон түүхэнд үлдсэнээрээ өнөөдрийн Шууд ардчилал-иргэний оролцооны хөтөлбөртэй нэг сэжмээр холбогдож байгаа юм.
Энэ үеэр зарим хүний өвөг дээдэс тусгаар тогтнолоо баталгаажуулах үйлсэд хэрхэн оролцож байсныг гэрчлэх архивын материалын хуулбарыг жаазлан үр садад нь гардуулан өгөх ёслол боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн аав, Ховд аймгийн Зэрэг сумын есдүгээр багийн ард Монголын Цахиа тухайн үед кирилл бичгээр гарын үсгээ зуран улсынхаа тусгаар тогтнолыг баталгаажуулж байсныг гэрчлэх баримтын хуулбарыг Үндэсний төв архивын захирал Д.Өлзийбаатар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гардуулав.
Мөн Р.Гончигдорж гишүүний аав, Архангай аймгийн Цахир сумын дөрөвдүгээр багийн ард Раднаасүмбэрэл гарын үсгээ Раднаа хэмээн худам монгол бичгээр үлдээж байсныг хүүд нь гардууллаа. Х.Тэмүүжин гишүүний өвөө, Төв аймгийн Сэргэлэн сумын нэгдүгээр багийн ард С.Адъяа, Ц.Оюунгэрэл гишүүний өвөө, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын наймдугаар багийн ард Н.Чимид, Р.Бурмаа гишүүний өвөө гээд олон хүний баримтын хуулбарыг хүү, ач, зээ нар нь гардан авлаа. Түүнийг авсан хүн бүрийн сэтгэл хөдөлсөн харагдав. Х.Тэмүүжин гишүүн өвөөгийнхөө гарын үсгийг хараад “Пөөх” гэж дуу алдсан бол гишүүн Р.Гончигдорж, Р.Бурмаа нарын сэтгэл нэлээд хөдөлсөн харагдав.
Тухайн үед Монгол Улсын сонгуулийн насны 490 гаруй мянган хүний 99 хувь нь санал асуулгад оролцон улс орныхоо тусгаар тогтнолын төлөө 100 хувь саналаа өгсөн нь шууд ардчилал-иргэний оролцооны хамгийн том жишээ гэдгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлж байлаа.
Санал асуулга 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр 06.00-23.00 цагийн хооронд болж, түүний дүнг суманд морин өртөөгөөр, аймагт авто өртөөгөөр, нийслэл рүү утсан холбоогоор дамжуулж, мөн өдөртөө багтаан дүнг нь гаргаж байсныг харахад монголчууд улс орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулахад ямар идэвх зүтгэл гаргаж байсныг харж болох юм.
No comments:
Post a Comment