Монгол Улсын Засгийн газраас шонхор шувууг үндэсний бахархалт шувуу болгох тухай тогтоол баталсан билээ. Энэ дагуу шонхор шувууг үндэсний бахархал болгох ёслол өчигдөр Бөхийн өргөөнд боллоо. Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдааны үеэр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл Засгийн газрын тогтоолыг уншиж, танилцуулсан юм. Энэ үйл ажиллагаанд зориулж, улсын начин Б.Адъяахүүгийн бэлтгэсэн "Аварга" дээд сургуулийн оюутнууд харцага шонхорын дэвэлттэй үндэсний бөхийн үзүүлбэр үзүүлжээ.
Түүнчлэн Монгол Улсын Үндэсний бахархалт шонхор шувууг зарлах ёслолд зориулан “Хаан шонхор” сэдэвт шонхор шувууны гэрэл зургийн үзэсгэлэн болон Богд хааны ордон музейн ховор шувуудын үзэсгэлэн нээгдэж, олны хүртээл болсон юм. Монголын шувуу судлалын нийгэмлэгээс шонхор шувууны амьдралыг харуулсан 50 гэрэл зургийг дэлгэсэн бол Богд хааны ордон музейгээс Диваажингийн шувуу, Саарал дарваан, Отгот малиба, Шаргал дэл-согсоот, Ногоон эвэр хошуут зэрэг 20 гаруй ховор шувууны үзмэрийг нийтэд танилцуулсан.
Дэлхийн улс орнууд өөрийн орны Үндэсний шувууг сонгож, түүнийг хамгаалах үйл ажиллагаа эрчимтэй явуулдаг. Одоогоор дэлхийн 87 орон Үндэсний шувууг сонгон зарлаад байгаа юм. Монголчуудын хувьд шонхор шувуу хишигт жигүүртэн бөгөөд хэдэн зууны турш түүнийг дээдэлж, отог омгийнхоо билгэдэл болгосоор ирсэн. Түүх соёл, нүүдэлчин ахуй, их хаадын түүхтэй салшгүй холбоотой шонхор шувууг Монголчууд Үндэсний бахархалт шувуу хэмээн хүндэтгэн зарлалаа.
No comments:
Post a Comment