Sunday, November 18, 2012

Улаанбаатар хотын 2013 оны төсвийн нээлттэй хэлэлцүүлэг

Улаанбаатар хотын 2013 оны төсвийн нээлттэй хэлэлцүүлэг Нийслэлийн засаг захиргааны 5-р байр/Хүүхэд залуучуудын соёлын төвийн байр/-анд байрладаг Нийслэлийн иргэний танхимд 2012 оны 11-р сарын 20-ны 14.00-оос болно.
Нийслэлийн 2013 оны төсвийн төслийг танилцуулахаас өмнө та бүхэнд 2010 оноос хойших нийслэл хотын төсвийн мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулья.

Нийслэлийн төсвийн орлогын хэмжээ 2010 онд 164,2, 2011 онд 246,4 тэрбум төгрөг байсан бол 2012 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 324,8 тэрбум төгрөг болохоор байна. Энэ нь 2010 оны төсвийн орлогын гүйцэтгэлийг 2013 оны төлөвлөгөөний урьдчилсан төсөлтэй харьцуулахад 2,2 дахин өсч 358,3 тэрбум төгрөгт хүрч байна.
Нийслэлээс Улсад төвлөрүүлэх орлогын хэмжээ 2010 онд 56,1, 2011 онд 20,8 тэрбум төгрөг байсан бол 2012 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 70,0 тэрбум төгрөг болохоор байна. 2013 онд нийслэлээс Улсад 3,6 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр батлагдсан нь 2010 оны дүнтэй харьцуулахад 15,5 дахин буурч байна.
Нийслэлийн орон нутгийн төсвийн зарлагын хэмжээ 2010 онд 103,5, 2011 онд 179,4 тэрбум төгрөг байсан 2012 оны урьдчилсан гүйцэтгэлээр 381,5 тэрбум төгрөгт хүрэхээр байна. Нийслэлийн 2013 оны төсвийн нийт зарлагын хэмжээ 2010 оны гүйцэтгэлтэй харьцуулахад 3,4 дахин өсч, 354,6 тэрбум төгрөгт хүрэхээр байна.
Нийслэл хотод Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээр санхүүжин хэрэгжих хөрөнгө оруулалтын хэмжээ 2010 онд 209,1, 2011 онд 165,7 тэрбум төгрөг байсан бол 2012 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 437,9 тэрбум төгрөг болохоор байна. 2013 онд нийслэл хотод улс, нийслэлийн хөрөнгө оруулалтаас гадна гадаадын зээл, орон нутгийн хөгжлийн сан, хөгжлийн банкны эх үүсвэрээр нийт 640,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр байгаа нь 2010 оны  гүйцэтгэлтэй харьцуулахад 3 дахин өсөх дүн гарч байна.

         Одоо та бүхэнд нийслэлийн 2013 оны төсвийн төслийн талаар танилцуулья.
               
          Монгол Улсын  Их Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 08 – ний өдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2013 оны төсвийн тухай” хуулийг хэлэлцэн баталлаа.
           Энэхүү хуулиар 2013 оноос шинээр бий болж буй орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэл хотод 41,5 тэрбум төгрөгийн орлогын шилжүүлэг олгохоор баталсан байна.
            Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн боловсрол, соёл, биеийн тамир, эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээний зардлыг улсын төсвийн тусгай шилжүүлгээр орон нутаг санхүүжүүлдэг болсонтой холбогдуулан 223,7 тэрбум төгрөг дээрх зардлуудад зарцуулагдахаар батлагдлаа.
         Мөн нийслэл хотод улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 248,0 тэрбум төгрөгийн 146 төсөл, арга хэмжээ, гадаадын зээлийн эх үүсвэрээс 44,5 тэрбум төгрөгийн 4 томоохон хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр хуульчилан батлагдсан байна.
Улсын төсвийн хөрөнгөөр 2013 онд 248,0 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр батлагдсаныг салбарын хувьд багцалж үзвэл хот байгуулалт, дэд бүтэц, агаарын бохирдлыг бууруулахад 28,8 хувь, авто зам, нийтийн тээврийн салбарт 37,6 хувь, боловсролын салбарт 12,4 хувь, эрүүл мэндийн салбарт 3,8 хувь, төрийн үйлчилгээг сайжруулахад 3,5 хувь, гэр хорооллыг инженерийн шугам сүлжээнд холбох ажилд 7,0 хувь, соёл, спортын салбарт 6,9 хувийг тус тус зарцуулахаар байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гэр хорооллыг барилгажуулах, орон сууцны шинэ хороолол барих бэлтгэлийг хангах зорилгоор дулаан цахилгааны станцуудын шинэчлэлтийн ажил,  цахилгааны “Их тойруу”, "Сонгино", "Их тойрог", "Баянгол" хорооллын дэд станцууд, ЦДАШ-уудыг барьж байгуулах ажлыг үргэлжлүүлэн хийнэ.  Мөн цэвэр, бохир усны гол шугамуудыг өргөтгөн шинэчлэх, гэр хороололд бага оврын цэвэрлэх байгууламжуудыг барих ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Улаанбаатар хотын гэр хорооллын гэрэлгүй айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах, хүчдэлийн уналттай айл өрхийн цахилгаан эрчим хүчний хангамжийг сайжруулахад 4,0 тэрбум төгрөгийг зарцуулна.
           2013 онд нийслэлийн авто замын салбарт улсын төсвөөс 93,2  тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж  75,5 км авто замыг өргөтгөн шинэчлэх буюу шинээр барьж эхлүүлэхээр байна.
Дээрхи хөрөнгөөр Яармагийн гүүрээс Нисэхийн товчоо, Сонсголонгийн замын уулзвараас Яармагийн товчоо хүртэлх 13.7 км авто зам, Зүүн салааны 3.6 км авто зам, Туул жин пангийн уулзвараас зүүн тийш-Цайз зах хүртэлх 2.8 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Бэлхийн 5 км авто замын шинэчлэл, Шарга морьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км авто зам, 39-р сургуулийн зүүн урд талын уулзвараас Хүчит шонхор зах-эцсийн буудал хүртэлх 1.6 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Баянбүрдийн тойргоос 32 тойрог хүртэлх 1.7 авто замын шинэчлэлт, МТ-ын ШТС-ийн уулзвараас Хайлаастын эцэс хүртэлх 3.1 км авто замын өргөтгөл шинэчлэлт, Зайсангийн 224 у/м гүүрийн өргөтгел шинэчлэлтийг хийнэ.
Нийслэлийн замын сүлжээг сайжруулахаар 2013 онд хийгдэх хөрөнгө оруулалтын дүнд нийслэлийн хэмжээнд замын сүлжээний хүчин чадал тодорхой түвшинд нэмэгдэн, авто зам хэрэглэгчдийн тээвэр ашиглалтын зардал, зорчих хугацаа буурч, орон нутгийн чанартай нийт замын сүлжээний техник ашиглалтын бэлэн байдал  нэмэгдэнэ гэж үзэж байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн салбарт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2013 онд 9,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн 100 ортой барилга, Хан-Уул дүүрэгт баригдах 300 ортой төрөх эмнэлэгийн барилга, Хонхор тосгоны 10 ортой эмнэлгийн барилга зэрэг эмчилгээ, үйлчилгээний стандарт, шаардлага хангасан зориулалтын барилгууд баригдаж нийслэлийн хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх, эмнэлэгийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хүртээмжтэй, шуурхай болгох нөхцөл бүрдэнэ.
Нийслэлийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт 2013 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 30,7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 1075 ор бүхий 11 цэцэрлэгийн барилга, 6300 суудал бүхий 9 сургууль,  4 спорт заалны барилга баригдана.
Дээрхи хөрөнгө оруулалтын үр дүнд боловсролын хүртээмж, сургалтын орчин сайжирч, бага насны хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд хүмүүжих нөхцөл хангагдах болно. 
Мөн нийслэлийн иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдараа чийрэгжүүлэх 5 спорт цогцолборын барилгыг Сүхбаатар, Налайх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргүүдэд барихаар төлөвлөж байна.
           Нийслэлийн орон нутгийн төсвийн талаар та бүхэнд танилцуулья.
          Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулиар нийслэлийн 2013 оны төсвийн орлогын хэмжээг 358,3 тэрбум төгрөгөөр,  суурь урсгал зардлыг 166,5 тэрбум төгрөгөөр,  хөрөнгө оруулалтад 188,2 тэрбум төгрөг зарцуулагдахаар баталсан байна.

Нийслэлийн төсвийн орлого нь нийтдээ 22 нэр төрлийн татварын болон татварын бус орлогын нэр төрлөөс бүрдэж байгаагаас 15 нэр төрөл нь татварын орлогоос, 6 нь татварын бус орлогоос, үлдэх 1 нь хөрөнгийн буюу өмч хувьчлалын орлогоос бүрдэж байгаа.

Нийслэлийн төсвийн орлогын дийлэнхи хувийг буюу 71,1 хувийг Хувь хүний орлогын албан татвараар, 23,6 хувийг бусад нэр төрлийн татварын орлогоор, 4,9 хувийг татварын бус орлогоор үлдэх 0,4 хувийг хөрөнгийн орлого буюу өмч хувьчлалын орлогоос бүрдүүлэхээр төсөлд тусгагдаад байна. Үүнийг  хот дүүргээр нь ангилан авч үзвэл хотын шуудын төсвөөс 82,4 хувь нь, дүүргүүдийн төсвөөс 17,6 хувь нь тус тус бүрдэж байна.

Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуулиар нийслэлийн төсвийн суурь орлогын 46,0 хувь болох 76,6 тэрбум төгрөгийг нийслэлийн нийгмийн халамжийн сангийн тэтгэвэр, тэтгэмжийн зардалд зарцуулахаар баталсан байна.

          Нийслэлийн төсвийн урсгал зардлаас нийслэл, дүүргийн орон нутгийн 83 төсөвт байгууллагын үйл ажилгааны зардал,  хот тохижуулах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, газар чөлөөлөх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг 14 төрлийн санхүүжүүлэн ажиллаж байна.

Нийслэлийн төсвийн урсгал зардлын 166,5 тэрбум төгрөгийн  20,7 хувь буюу 34,5 тэрбум төгрөг цэцэрлэгжүүлэлт, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ, гудамжны гэрэлтүүлэг зэрэг хот тохижуулах зардалд, 19,0 хувь буюу 31,7 тэрбум төгрөг ажиллагсадын цалин, НДШ – ийн зардалд, 3,0 хувь буюу 5,1 тэрбум төгрөг болзошгүй гамшиг ослын үед зарцуулагдах орон нутгийн нөөц хөрөнгөд, 0,7 хувь буюу 1,2 тэрбум төгрөг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд, 10,6 хувь буюу 16,4 тэрбум төгрөг бараа, үйлчилгээний бусад зардалд зарцуулагдахаар төсвийн төслийг боловсруулж байна.

Нийслэл хотод 2013 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 188,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөж, одоогийн байдлаар нийслэлийн Иргэдийн Хурлын Төлөөлөгчид болон харьяа газар, хэрэгжүүлэгч агентлагуудаас давхардсан тоогоор нийт 546,6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санал ирүүлээд байна. Дээрх саналуудад тулгуурлан нийслэлийн иргэд та бүхний саналыг тусгаж, нийслэлийн 2013 оны төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулах болно.
 
Нийслэлийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг боловсруулахдаа Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2013-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 2013 оны зорилттой нягт уялдуулан, нийслэлийн иргэдийн эрэлтэнд тулгуурлан боловсруулж байна.

             Нийслэлийн  2013 оны  хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний бэлтгэл хангах зорилгоор нийслэлийн 2012 оны төсвөөс 10,0 тэрбум төгрөг зарцуулж шинээр баригдах сургууль, цэцэрлэг, эмнэлэг, авто зам, инженерийн шугам сүлжээний ажлуудын зураг төсвийг боловсруулж байна.

Шинээр батлагдан гарсан төсвийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр 2013 он нь төсвийн бодлогын ил тод байдал, шинэчлэл, хариуцлагын тогтолцоо болон  төрийн захиргааны анхан шатны нэгж, байгууллага дүүргүүдийн эрх хэмжээг нэмэгдүүлэхэд ахиц өөрчлөлт гарсан төсвийн шинэчлэлийн жил байх болно.
Төсвийн тухай хуулийн дагуу Монгол Улсын орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас олгож буй 41,5 тэрбум төгрөгийн орлогын шилжүүлгийн 60 хувь нь дүүргүүдийн хөгжлийн санд шилжиж, 40 хувь буюу 16,6 тэрбум төгрөг нь нийслэлийн хөгжлийн санд үлдэж, иргэд та бүхний саналыг үндэслэж дээрх хөрөнгийг хэрхэн зарцуулахыг шийдвэрлэх болно.
Төсвийн шинэчлэлийн гол агуулга нь төвлөрлийг сааруулах, иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулахад оршиж байгаа тул нийслэлийн иргэд та бүхэн нийслэлийн 2013 оны төсвийн төслийн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, нийслэлийн 2013 оны төсвийн төсөлд саналаа өгнө гэдэгт итгэж байна.

Анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа.



НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН
ГАЗРЫН САНХҮҮ, ТӨРИЙН САНГИЙН ХЭЛТЭС

НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Лхагвасүрэнгийн гудамж, 2-р давхарт, №213, утас : 70110292, 70110202, факс : 70120292

No comments:

Post a Comment

1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл