Гаднын улс оронтой харьцуулахад манайд хожуу нэвтэрсэн ч Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв салбаруудаа туршилтаар ажиллуулж эхэлсэн. Цаашид улам боловсронгуй, хялбар, иргэдэд хүртээмжтэй, төрөлжсөн болгох үүднээс хотын баруун хэсэгт буюу Сонгинохайрхан дүүрэгт Драгон төв, урд хэсэг буюу Хан-Уул дүүргийн II хороонд Мишээл төвийн дэргэд хоёр салбар нээж өнгөрсөн сараас туршилтын үйл ажиллагаагаа эхэлсэн. Тэгэхдээ Драгон төвийг газрын бирж, Мишээл салбарыг Барилгын нэгдсэн төв болгохоор зорьж буй. Тодруулбал, эдгээр чиглэлээр бүрэн мэдээлэл үйлчилгээг тус салбаруудаас авч болно гэсэн үг.
Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл салбар өнгөрсөн сарын 18-наас туршилтаар ажиллаж эхэлсэн бөгөөд өнөөдөр нээлтээ хийж буй. Тус салбараар туршилтын хугацаанд цөөнгүй иргэн үйлчлүүлжээ. Өдөрт 800 иргэн хүлээн авах хүчин чадалтай тус төв албан ёсны нээлтээ хийгээгүй байсан тул үйлчлүүлэгч цөөнө байв. Ихэвчлэн ажил тарсны дараа 17:00 цагаас хойш ирж үйлчилгээ авдаг байна. Гэсэн ч эхний долоо хоногт 200 гаруй иргэд үйлчлүүлж байсан бол дараагийн долоо хоног даруй хоёр дахин нэмэгдэж 700 орчим иргэд үйлчлүүлжээ. Өнөөдрийг хүртэл нийт 2000 орчим иргэд төрийн болон, нийслэлийн үйлчилгээ авсан байна. Өдөрт дунджаар 100-110 иргэд үйлчлүүлдэг аж. Дүнжингарав салбарт нийслэлийн нутгийн захиргааны 27 байгууллагын 287 төрлийн үйлчилгээ, хэрэг эрхлэх газрын яам агентлагуудын 99 үйлчилгээ төвлөрдөг. Тэгвэл Мишээл салбарт дээрх үйлчилгээнээс гадна Төрийн орон сууцны корпораци, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн орон сууцны корпораци болон барилгын чиглэлийн үйлчилгээ авч болох юм. Өөрөөр хэлбэл, барилгын салбарын үйл ажиллагаа эрхлэх, орон сууц авах гэж буй иргэд мэдээллээ аваад барилгын дэлгүүрээс худалдан авалт хийх зэргээр цогц үйлчилгээг авах боломжтой. Ажлын цаг нь Дүнжингарав төвтэй адил ажлын өдрүүдэд 08:00-20:00 цаг, бямба гарагт 10:00-16:00 цаг хүртэл үйлчилгээ үзүүлдэг. Тус салбар ашиглалтад орсноор Дүнжингарав худалдааны төвд байрлах Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн ачаалал тодорхой хэмжээнд буурчээ. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа тул Нисэх, Яармаг, Биокомбинат гэх мэт тус дүүргийн болон Баянгол дүүргийнхэн ихэвчлэн үйлчлүүлдэг байна. Хан-Уул дүүргийн XI хорооны иргэн Ж.Амартүвшин энд татвараа тушаагаад явж байсан юм. Тэрбээр “Өмнө нь Дүнжингаравын Үйлчилгээний нэгдсэн төвөөр үйлчлүүлдэг байсан. Ойртоод ирсэн болохоор амар байна. Харин банк хүртээмжтэй байвал зүгээр юм. Энэ хавьд ганц л ХААН банк байгаа болохоор тэнд дугаарлаж зогсход хугацаа их орж байна. Болж өгвөл даатгалын салбарыг үйлчилгээний нэгдсэн төв рүү оруулаад ирвэл бүр амар” гэж байв. Түүний хэлснээр энэ хавьд ганц банк байдаг тул урт дараалал, дугаар үүсэх нь аргагүй байв. “Мишээл салбар”-ын байранд Үндэсний хөрөнгө оруулалтын банк үйл ажиллагаа явуулдаг. Цаашдаа нэмэгдэх аж. Тус салбарын үйл ажиллагааны талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Иргэд хүлээн авах төвийн ахлах мэргэжилтэн Д.Хулан “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл салбар” барилгын дэлгүүрийн хажууд байгуулагдсан нь төрийн болон хувийн хэвшил хамтран иргэдэд нэг дороос барилгын салбарын үйлчилгээ үзүүлэх боломжийг бий болгосон. Мөн нэгнийхээ үйл ажиллагааг дэмжсэн ажил болж байна. Энд барилгын салбарын бүхий л мэдээллийг олгохоос гадна хотын төвийн төвлөрлийг багасгах гэх мэт олон талын ач холбогдолтой” гэв. Тус салбарын туршилтын хугацаанд нийт үйлчлүүлэгчдийн хамгийн олон буюу 44 хувь нь Нийслэлийн Татварын газар, 24 хувь нь Нийгмийн халамж үйлчилгээний газраар үйлчлүүлжээ. Энд Нийслэлийн Захиргааны болон үйлчилгээ хариуцсан, хэв журмын зэрэг 113 албан хаагч хоёр ээлжээр ажилладаг. Тэд үйл ажиллагаагаа шуурхай эхлүүлэхийн тулд хуучин ажиллаж байсан компьютер тоног төхөөрөмжөө авчирчээ. Иргэдэд үйлчлэх хоёр талтай дэлгэц, скайнер болон үнэлгээний машин зэрэг нэн тэргүүнд шаардлагатай тоног төхөөрөмжөөс бусдыг нь байгууллагууд нөөц боломжоороо авчирсан байна. Цаашдаа аюулгүй ажиллагаа, ажилчдыг ажиллах нөхцөлөөр нь хангах үүднээс тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлагатайг тус төвийн мэргэжилтэн Д.Хулан дурдаж байв.
Үйлчилгээний нэгдсэн төв 1336 ам.метр талбайтай “Б” хэсэгт байрладаг бол 21 мянган ам.метр талбайтай “А” хэсэгт Монголын анхны барилгын их дэлгүүр байрлаж буй. “Мишээл Мега Молл” компанийн барилгын их дэлгүүр нь барилгын үйлчилгээний төвийн нээлтээ өнөөдөр хийж буй. Тодруулбал, эндээс бүх төрлийн барилгын материал, үл хөдлөх хөрөнгийн салбарын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг нэгтгэн барилга орон сууцтай холбоотой мэдээллийг нэг дороос авах боломжтой. Үүнтэй холбоотойгоор “Мишээл Мега Молл” компанийн менежер П.Даваажаргалаас барилгын дэлгүүрт байрлах үйлчилгээний талаар тодруулахад “Бид Монгол Улсад анх удаа барилгын материалын цогц төвийг бий болгохоор зорьж байгаа. Барилгын дэлгүүрээ гурван үе шаттай нээнэ. Эхнийх нь үйлчилгээний төвийн хэсэг буюу Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв, Нийслэлийн орон сууцны корпораци, Орон сууц, үл хөдлөх хөрөнгийн нэгдсэн мэдээллийн төв бирж гэсэн гурван төв нээж байна. Хоёр дахь нь манай улсад үйл ажиллагаа явуулж буй дэлхийн дунд болон топ түвшний брэндийн барилгын материалын худалдааны хэсэг. Барилгын материалын дэлгүүрүүд төрөлжөөгүй энд тэнд байрладаг. Үүнийг арилгаж бүгдийг нэг дор төвлөрүүлж хэрэглэгчдэд сонголт хийхэд хялбар хүртээмжтэй байлгах үүднээс барилгын материалын албан ёсны дистрибьютер, диллер, үндэсний топ үйлдвэрлэгчдийг нэгтгэхээр зорьсон. 55-220 амметр талбай бүхий 120 гаруй үзүүлэнгийн өрөө хийснээс 85-ыг нь үйл ажиллагаа явуулах компаниуд авч засал чимэглэлийн ажлаа эхлүүлсэн” гэв. Барилгын материалын шоурүүмийн худалдааны хэсгийг энэ сардаа багтаан нээх аж. Тэгвэл гурав дахь хэсэг нь 3800 амметр талбайд байрлах барилгын материалын өөртөө үйлчлэх хайпермаркет. Тодруулбал, супермаркетэд түрдэг тэргээр хүнсээ цуглуулдаг шиг барилгын материалаа цуглуулах юм. Сүүлийн шат буюу өөртөө үйлчлэх хайпермаркет нь ирэх сарын сүүлчээр нээлтээ хийх аж. Энэ мэтээр Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл салбар”-аас үйлчилгээ авахаас гадна газрын лиценз сунгах, барилга эхлүүлэх зөвшөөрөл гэх мэт төрөөс өгдөг барилгатай холбоотой бүх үйлчилгээг авах боломжтой. Барилгын их дэлгүүр бараа бүтээгдэхүүнээ үйлчлүүлэгчдэд сонголттой байлгах үүднээс хямдаас үнэтэй хүртэлх бүх материалыг шоурүүм, хайпермаркетэд худалдаалах аж. Энэ бүгдтэй уялдуулан Мишээл салбарт барилгын цогц үйлчилгээг бий болгож барилгатай холбоотой бүхий л мэдээллийн бааз бий болгохоор зорьж буй. Мэдээллийн бааз бий болгоход тодорхой хугацаа шаардлагатай ч орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгаанд үндэслэн иргэдэд зуучлах юм. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас иргэд зөвхөн Дүнжингарав дахь үйлчилгээний нэгдсэн төвөөр үйлчлүүлж байсан бол өнгөрсөн сараас Драгон, Мишээл салбараар үйлчлүүлж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр нийслэлийн супермаркет үйлчилгээний төрлөө нэмж төвлөрсөн нэг цэг бий болгохоор “Мишээл салбар”-аа албан ёсоор нээх юм. “Мишээл салбар” төвийн дулаанд холбогдсон бөгөөд агааржуулалтын гурвалсан системд холбогдсон тул зуны халуунд тус төвөөр үйлчлүүлэхэд ая тухтай байхыг барилгын дэлгүүрийн болон нийслэлийн үйлчилгээний төвийн зохион байгуулагчид хэлж байв. Үүнээс гадна Барилгын дэлгүүр 1300 автомашин, Нийслэлийн үйлчилгээний төв 300 гаруй автомашины зогсоолтой юм байна.
No comments:
Post a Comment