Чингэлтэй дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж буй Амар тайван Чингэлтэй хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн оноос эхлэн 'Тайван хороо - Таны оролцоо" аяныг зохион байгуулж байгаа аж. Уг аян өнгөрсөн сард тус дүүргийн 16 дугаар хороонд нээлтээ хийсэн бол өчигдөр сарын ажлаа дүгнэж хаалтаа хийлээ. Уг аяны гол зорилго нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн идэвхи санаачилга, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, хамтран ажиллах, албан байгууллага, аж ахуй нэгжийн хуулиар хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт тавьж, иргэн бүрийн амар тайван аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл бололцоог бий болгоход оршиж байгаа ажээ.
Нэг сарын аяны хаалтын арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ, ажлын албаны дарга Ц.Алтанцацрал тэргүүтэй албаныхан оролцлоо. Энэ үеэр Д.Бат-Эрдэнэ дарга Бидний санаачилсан хөтөлбөрт өдгөө 1000 гаруй нийтийн эргүүл, 100 орчим цагдаагийн албан хаагч хамтран ажиллаж байна. Үр дүн нь ч сайнаар гарч байгаад талархалтай байгаа.
Энэ ажлаа аян дуусангуут зогсоох биш үргэлжлүүлэн хийгээрэй гэж хүсье. Бүгдээрээ идэвхтэй байж эрүүл, аюулгүй, амар тайван дүүрэг, хороо болохын төлөө хичээе хэмээн уриалсан юм. 16 дугаар хороон дээр зохион байгуулсан аяны хаалтын үеэр Тайван хороо - Таны оролцоо арга хэмжээнд хамгийн идэвхтэй оролцсон хоёр аж ахуйн нэгж, найман иргэнийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн II хэлтсээс шагнаж урамшууллаа. Учир нь, дүүргийн Цагдаагийн II хэлтсийн хамт олон уг арга хэмжээнд хамтран оролцож байгаа юм. Тэгвэл энэ аяны талаар 16 дугаар хорооны Засаг дарга Ш.Жаргалсаихан хэлэхдээ Үр дүнтэй ажил болж өндөрлөлөө. Үүнийг бид цаашид ч үргэлжлүүлэх хэрэгтэй. Нийтийн эргүүлийг гаргаснаар иргэдээ аюулаас хамгаалж, айл өрхийг хулгай дээрмээс урьдчилан сэргийлж, хорооны нутаг дэвсгэрт гэмт хэрэг гарах нь эрс багассан. Мөн хорооноос зохион байгуулж буй ажлыг иргэдэд дамжуулах, иргэдээс ирсэн санал хүсэлтийг хорооны удирдлагуудад уламжлах үүргийг нийтийн эргүүлүүд хүлээж, гүйцэтгэлээ. Нэг үгээр хэлбэл, нийтийн эргүүл гэдэг нь хороо хэмээх төрийн байгууллагыг иргэнтэй холбосон гүүр юм. Нийтийн эргүүлээс өмнө манай хороонд хоёр цагдаа, мөн хоёр туслах ажилладаг байсан. Харин аяны хүрээнд 90 гуцамжинд 90 хүн ажиллалаа. Ингэснээр цагдаагийн ажилд хувь нэмрээ оруулж, гэмт хэргийн гаралт буурсан үзүүлэлт гарсан. Дүүргийн ИТХ-аас сар бүр 15 мянган төгрөгийн урамшуулал олгож байгаа нь нийтийн эргүүлүүдийг идэвхтэй ажиллуулах хөшүүрэг, нөгөө талаас өрхийн амьжиргаанд тодорхой хэмжээний хувь нэмэр орууллаа гэв. Түүнчлэн нийтийн эргүүлээр ажиллаж буй хүмүүс сургалтад хамрагдаж гаднын халдлагаас биеэ хэрхэн хамгаалах талаар суралцжээ. Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороонд нэг сарын хугацаанд 27 зөрчил гарсан байна. Үүнээс гудамж талбайд зөрчил гаргасан 22 иргэнийг 110 мянган төгрөгөөр торгосон бол согтуугаар танхайрсан таван хүнийг түр саатуулж, захиргааны журмаар 7-14 хоног баривчилжээ. Аяны талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн II хэлтсийн урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах байцаагч, ахмад С.Ганбаатар "Иргэдийн өгсөн мэдээлэл дээр тулгуурлан ажиллах нь бидэнд илүү амар байна. Нийтийн эргүүлүүд цагдаа нарт үнэн бодит мэдээлэл өгнө. Харин манай алба хаагчид мэдээллийн мөрөөр шалгалт явуулж, гарсан зөрчил тус бүр дээр арга хэмжээ авч ажилласан. Уг аяны хүрээнд гэмт хэрэг харьцангуй буурсан үзүүлэлт гарлаа. Үр дүн эергээр гарч байгаад баяртай байна. Нийтийн эргүүлээр ажиллаж байгаа иргэддээ баярлалаа" хэмээн ярьсан юм. 16 дугаар хороон дээр хаалтаа хийсэн уг аян өчигдөр үргэлжлээд 18 дугаар хороонд нээлтээ хийв. Тус хороонд нэг сарын турш энэхүү аяныг зохион байгуулаад ирэх сарын 5-нд ажлаа дүгнэнэ.
Б.МӨНХЗУЛ
No comments:
Post a Comment