Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Газар шинэчлэн зохион байгуулах” төвийн 6 дүүргийн 8 байршил дахь төслийн талбарын иргэдтэй 2015 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нийслэлийн иргэний танхимд уулзлаа.
Уулзалтаар Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл иргэдэд өөрсдөө хамтраад өмчлөлийн газар болон иргэдийн оролцоотой боловсруулсан бизнес төслөө барьцаалан зээл авч амьдрах орчин нөхцлөө сайжруулах, ашиг хүртэх боломжийг бүрдүүлэхийн тулд УИХ-д хуулийн төсөл өргөн барьсан талаар ярилцав.
Мөн 8 байршил дахь “Газар шинэчлэн зохион байгуулах” төслийн талбаруудад цаашид хийгдэх ажлын талаар ярилцав. Төслийн талбар бүрт боловсруулагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцөж, ажлын зураг төслийг боловсруулах талаар хэлэв.
Уулзалтанд , 8 төслийн талбарын болон бусад Иргэдийн түр зөвлөлийн 338 газар өмчлөгч, эзэмшигч, Нийслэлийн ХУД, Багахангай, Налайх дүүргийн Засаг дарга нар, Гэр хорооллын орон сууцжуулах төсөл бусад холбогдох албаны хүмүүс оролцов.
Гэр хорооллын орон сууцжуулах төсөл ОНӨҮГ нь 2013 оноос гэр хорооллын бүсийг нийгэм, эдийн засаг, байгал орчны зохистой харьцааг хангах суурьшлын бүс болгон хөгжүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг зохион байгуулах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд төвийн 6 дүүргийн гэр хорооллын иргэдэд газар шинэчлэн зохион байгуулалт, дахин төлөвлөлтийн талаар мэдээлэл хүргэх уулзалт сургалтууд, иргэдийн бүлгийг байгуулах, газар шинэчлэн зохион байгуулах төслийн талбар бэлтгэх, төсөл боловсруулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Газар шинэчлэн зохион байгуулах төсөл хэрэгжүүлсэн олон улсын туршлагыг судлан, Улаанбаатар хотын гэр хороололд тохирсон арга технологийг боловсруулж, газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны зарчмыг 4 үе шаттайгаар боловсруулсан. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэхэд иргэдийн үүрэг, оролцоог тодорхой болгох зорилгоор “Иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны 9 алхамт хөтөлбөр”-ийг боловсруулж, гарын авлага бэлтгэн 58,700 иргэнд хүргэсэн. Иргэдэд мэдээлэл хүргэсний үр дүнд гэр хорооллын 37,152 иргэнээс газар шинэчлэн зохион байгуулалтанд хамрагдах хүсэлтийг хүлээн авсан.
2014 онд НИТХ-ын 17/17 тоот тогтоолоор батлагдсан Нийслэлийн орон сууцны хөтөлбөр, 2015 онд НИТХ-ын 23/02 дугаар тогтоолоор батлагдсан Гэр хорооллын газрыг шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журам-ын хүрээнд гэр хорооллын 67,410 иргэнийг хамруулсан 966 удаагийн уулзалт, сургалтыг зохион байгуулж, 19,720 иргэнийг хамруулсан 986 иргэдийн бүлэг байгуулсан.
Нийслэлийн 6 дүүргийн 8 байршилд газар шинэчлэн зохион байгуулах төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө бүхий төсөл боловсруулж байна. /Төслийн талбарын товч мэдээлэл/
Нийслэлийн 6 дүүргийн дараахь байршлуудад Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааг эхлүүлж байна. Үүнд:
№ | Төслийн талбарын байршил | ИТЗ-ийн нэр | Талбайн хэмжээ /га/ | Нэгж талбарын тоо | Хүн ам | Иргэдийн бүлгийн тоо |
1 | БЗД, 19-р хороо, Цайз зах орчим | “Цайз хотхон” | 12,0 | 184 | 717 | 8 |
2 | БЗД, 27-р хороо, Дарь-Эхийн шинэ буудал орчим | “Дарь-Эх хотхон” | 16,0 | 258 | 1568 | 9 |
3 | СБД, 13-р хороо, Таван буудал орчим | “Есөн Эрдэнэ” | 9,74 | 183 | 752 | 5 |
4 | ЧД 17-р хороо, Хуучин эцэс орчим | “Ивээл” | 9,2 | 96 | 314 | 5 |
5 | БГД 23-р хороо, Хөтөл орчим | “Шинэ шийдэл” | 9,86 | 149 | 788 | 8 |
6 | ХУД 9-р хороо, 107-р цэргийн анги орчим | “Нарлаг Буянт-Ухаа” | 18,4 | 212 | 848 | 6 |
7 | СХД, 11-р хороо, Хөтөл орчим | “Эхлэл” | 9,8 | 150 | 590 | 6 |
8 | СХД, 23-р хороо, Хангай зах орчим | “Оргил” | 24 | 313 | 1664 | 8 |
Нийт | 8 | 109 | 1545 | 7241 | 55 |
No comments:
Post a Comment