Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө өгсөн цөөн амлалтуудын нэг нь орон нутгийн бие даасан байдлыг бэхжүүлж, төвлөрлийг сааруулах ажлыг улам гүнзгийрүүлнэ гэсэн явдал байлаа. Тэрээр хэлсэн амандаа хүрэхийн тулд өнгөрсөн хугацаанд нэлээд ажил санаачлан хийсний нэг нь төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, Орон нутгийн хөгжлийн сан байгуулсан явдал юм. Түүний санаачлан зохион байгуулсан энэ сан болон ер нь төсвийн тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн гол агуулга нь төсвийн төлөвлөлт гүйцэтгэлийн явцад иргэний оролцох боломжийг нэлээд өргөтгөсөн явдал юм. Түүнчлэн Ухаалаг төрийн тухай түүний санаачлагыг энд дурлалгүй өнгөрч боломгүй.
Ер нь Шууд ардчилал-Иргэний оролцоо, Ухаалаг төр, Орон нутгийн төсвийн төлөвлөлт ба иргэний оролцоо хяналт гэх мэт аль ч асуудал эцсийн эцэст нутгийн удирдлагын тогтолцоо нь өөрөө хэр боловсронгуй вэ? гэдэг асуултад зайлшгүй хүргэдэг.
Манай улс бол нутгийн удирдлагын тогтолцоо хамгийн сул хөгжсөн орнуудын нэг. Орчин үеийн нийгмийн удирдлагын тогтолцоогоо бид большевик орос "ах" нараас шууд хуулж авсан хүмүүс. Алдарт "Коммунист ардчилсан төвлөн удирдах систем" хэмээх коммунист-большевик онолын шууд үр дагавар нь болсон манай удирдлагын тогтолцооны үндсэн бүтэц зохион байгуулалт нь олон шаттай /улс, аймаг, сум, баг/, шат тус бүр нь дээд шатныхаа бүрэн хяналтад байдаг, шат тус бүрийн удирдах ажилтан нь /дарга/ дээд шатныхаа удирдлагаас бүрэн болоод шууд хамааралтай, тогтсон дүрэм журам, ардчилсан хууль, эрүүл ухаанд суурилсан зохион байгуулалт, дэг журам гэхээсээ илүү дээд шатны даргын санаа бодол нь доод шатныхдаа тэнгэрийн бошго мэт бууж ирдэг маш эртний сонгодог пирамид хэлбэрийн конструкци юм. Одоо удирдлагын ийм бүдүүлэг хоцрогдсон тогтолцоотой улс манайхаас гадна хойд Солонгос, Куба гээд хэдхэн л улсад бий байх. Манай энэ тогтолцооны эцэг нь болох оросууд хүртэл өөрсдөө энэ тогтолцоогоо халаад хориод жил болж байна. Ер нь энэ алдарт "Коммунист ардчилсан төвлөн удирдах ёс" гэдэгт ардчилсан юм үнэндээ юу ч байхгүй, харин ч бүхнийг нэг цэгээс удирдаж хянаж байх зорилготой тоталитари онол философид суурилсан цэргэжсэн харгис дэглэм юм.
Бид удирдлагын тогтолцоогоо өөрчлөх гэж маш их оролддог боловч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Учир нь удирдлагын тогтолцооны тухай онолын үзэл баримтлалын хоцрогдолд байгаа юм. Бидний ухамсараас Дарга л хамгийн чухал, Дарга л ганцаараа бүхнийг мэднэ гэсэн бүдүүлэг ойлголт салаагүй байгаа цагт манай удирдлагын тогтолцоо өөрчлөгдөж шинэчлэгдэх нь юу л бол. Даргыг шүтэх үзлийн ард өөрөө хариуцлага хүлээхээс айсан хамгийн арчаагүй аймхай зан араншин нуугдаж байдаг. Эцсийн эцэст Дарга л тэг гээд байсан болохоор би тэгсэн болохоос надад ер нь ямар хамаа байна гэж хэлэх хамгийн амар, маш тохиромжтой, элдэв асуудлаас ангид, амар жимэр аж төрөх хамгийн шалгарсан арга юм.
Орчин үеийн удирдлагын тогтолцоо гэж чухам юу вэ? Орчин үеийн удирдлагын тогтолцоо ер нь хэр нарийн төвөгтэй ээдрээтэй зүйл вэ? гэсэн логик асуулт хар аяндаа босч ирдэг.
Орчин үеийн удирдлагын систем тийм хэцүү үл ойлгогдох адармаатай зүйл ердөө ч биш. Дээр дурдсан Дарга л хамгийн чухал, Дарга л ганцаараа бүхнийг мэднэ гэсэн хатуу бүдүүлэг үзлийн оронд Удирдлагын системд оролцож буй оролцогч бүр чухал, Оролцогч бүр өөр өөрийн хариуцсан асуудлаа өөр хэнээс ч илүү мэднэ гэсэн энгийн бөгөөд ойлгомжтой санаа, итгэл үнэмшлийг мөрдлөг болгоод эхлэх юм бол бүх юм өөр өөрийн байх ёстой байрандаа очно. Ер нь өөрийнхөө юмыг ямар ч хүн өөрөө хариуцсан нь л явж явж хамгийн зөв гэдэг энгийн бөгөөд эрүүл ухаанаар болсон итгэл үнэмшилтэй шууд холбоотой.
Германы нийгмийн удирдлагын тогтолцоо маш энгийн хоёрхон шатаас бүрдэнэ. Ер нь шат гэж нэрлэхэд ч хэцүү. Ижил тэгш эрх үүрэг бүхий хамтран ажилладаг хоёр түншээс бүрддэг гэвэл илүү зохино. Нэгийг нь улс гэдэг бол нөгөөг нь орон нутаг гэнэ. Улс өөрийн хийх ёстой ажлаа хийнэ. Орон нутаг өөрийн хийх ёстой ажлаа өөрөө мэдээд хийнэ. Хоёулаа хууль, шүүх, Германы ард түмний өмнө ижил тэгш. Энэ системийн хамгийн гол давуу тал нь ард түмэн ямар асуудлаар хэнд хандах нь маш тодорхой энгийн бөгөөд ойлгомжтой байдагт оршино. Жишээ нь авто зам. Хот хоорондын автобанн гэж нэрлэдэг том магистрал зам байна. Үүний эзэн нь улс. Хэрэв тэр зам эвдэрхий муу байх юм бол улстай л ярина. Харин үүнээс бусад бүх жижиг замууд тус тусын орон нутгийн захиргаанд харъяалагдана. Тэдгээр замууд эвдэрхий муу байвал тухайн засаг захиргааны нэгжтэй л ярина. Хүүхдийн цэцэрлэг. Орон нутгийнх. Улс энд ямар ч хамаа байхгүй. Гал команд. Мөн л орон нутгийнх. Байшин чинь шатаад гал команд дуудаад галынхан хэт удаан явж ирсэн бол Германд хэн ч Ерөнхий сайд огцор, эсвэл Онцгой байдлын Ерөнхий газрын дарга зайл гэж шаардахгүй. Учир нь гал команд орон нутгийнх. Яагаад орон нутгийнх гэж? Яагаад гэвэл гал түймрийн ихэнх нь орон нутгийнх. Улсын хэмжээний том объектуудыг хамгаалах үүрэг бүхий улсын хэмжээний томоохон гал команлууд байна. Тэдгээрт орон байрны жижиг сажиг гал түймэр хамаагүй.
Манайх шиг төвлөрсөн бүх юмыг улс хариуцдаг оронд эцсийн эцэст ямар ч юмыг хэн ч хариуцдаггүй эзэнгүй байдал ноёрхож эхэлдэг. Бүх юм дампуу, дампуу байгаагийн буруутан нь төр. Ингээд л болоо. Хашгиралдаад л, шүүмжлээд л, нэг нэгнийхээ нүдийг ухаад л байна. Тэр нам ч дэмий, энэ нам ч дэмий, ер нь улс төрчлөл хэнд нь ч итгэж болохгүй. Тэгээд яахав. Хэн ч хариулт өгөхгүй. Бүгд л мөрөө хавчина. Төвлөрсөн системийн хамгийн гол үндсэн гажиг нь энэ юм. Тийм учраас төвлөрлийг сааруулах хэрэгтэй. Сааруулахын тулд орон нутгийн эрх мэдлийг өргөтгөх хэрэгтэй. Иргэдийн амьдралд шууд хэрэгтэй бүх юмыг орон нутагт нь шилжүүлэн өгөх хэрэгтэй. Тэд өөрсдөө татвар тогтоон хураан авч төсвөө бүрдүүлээд өөрсдөө түүнийгээ захиран зарцуулж, хүүхдийн цэцэрлэгээ, сургуулиа, өрхийн эмнэлгээ, гал командаа, ундны усны хангамжаа, хогийн цэгээ ажиллуулах хэрэгтэй. Ингээд орон нутаг бүх зүйлээ хариуцаад хийгээд эхлэхээр улс юу хийх юм бэ? гэсэн асуулт босоод ирнэ. Улсад хийх юм бий. Тэр хууль тогтооно, стандартуудыг гаргана, хууль сахиулна, улс орноо батлан хамгаална, олон улстай харилцана, эрчим хүч, автозам, төмөр зам, далайн болон усан тээвэр гэх мэт макро эдийн засгийн томоохон бүтцүүдээ хариуцна. Ингээд л болоо. Үлдсэнийг нь орон нутаг дангаараа хийнэ. Чингэхийн тулд хөрөнгө мөнгө зохион байгуулалт хэрэгтэй. Түүнийгээ өөрөө зохицуулна. Хэрэв мөнгө төгрөг хүрэлцэхгүй бол улс харин арай баянаас бага зэргийг хураан авч ядууд нь дэмжлэг үзүүлэх систем бүрдүүлнэ. Гэхлээ баяныг нь шийтгэж ядууг нь урамшуулна гэсэн үг биш. Энэ бол Герман систем. Германчууд буруу муу юм бодож олоогүй гэдэгт өчүүхэн миний бие зуун хувь бүрэн итгэнэ. Хэрэв тэд ямар нэг буруу юм бодож олсон бол өнөөдөр ийм өндөр хөгжилтэй орон болохгүй байсан биз. Сайныг дуурайвал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол гэж манай ард түмэн эртнээс инагш сургасаар иржээ.
No comments:
Post a Comment