Ардчилсан намын 25 жилийн ойн баярын хурал халуухан эхлэв. Баянхонгор, Өвөрхангай, Дорнод, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүд “Үүрэг гүйцэтгэгч дарга нараа хэзээ жинхлэх вэ?”, “Ардчилсан намд шинэ эргэлт хийх цаг иржээ”, “Үеэ өнгөрөөсөн ардчилагчид шинэ үедээ зайгаа тавьж өг”, “Үндэсний зөвлөлдөх хороо, Намын их хурлаа хуралдуул” гэсэн лоозон барин суусныг бусад гишүүд нь эсэргүүцэж лоозонг нь булаан авснаас маргаан үүсч, хоёр тал болон “үзэлцсэн” юм. Нэг хэсэг нь “Баярын хурал болж байхад элдэв үгтэй лоозон барьж уур амьсгал эвдлээ” гэж буруутгаж байхад “Лоозонгоо бариад л сууцгааж байна биз. Манай намынхан угаасаа л ийм шүү дээ. Зөв л шаардлага тавьж байна” гэцгээн өмөөрч байлаа. Гэхдээ энэ бужигнаан төдий л өндөр авсангүй удалгүй намжсан юм.
УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд баярын хурлыг нээж хэлсэн үгэндээ Ардчилсан нам өнөөдрөөс фракцигүй болж, зөвхөн Ардчилсан нам гэдэг нэг л фракцийн төлөө нэгдэж ажиллахаар санал нэгдсэн гэдгийг зарласан нь содон мэдээ байлаа. Ардчилсан нам байгуулагдсан 25 жилийн хугацаанд МоАХ, Алтан гадас, МҮДН, Кроун, Шонхор, Нэг ардчилал зэрэг фракциуд бий болсон байдаг. Таван нам нэгдэж Ардчилсан намыг шинээр байгуулсан нь он цагийн эргэлтэд фракцид хуваагдахад хүргэсэн гэх нь бий. Харин өнөөдрөөс фракцид хуваагдахгүй зөвхөн Ардчилсан нам гэсэн нэг туг дор жагсана гэдгээ намын дарга нь зарлалаа. Ардчилсан нам фракцигүй болсноор намын төлөвшилд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна.
Энэ тухай Ардчилсан намын дарга З.Энхболд “Нам дотроо талцаж тэмцэлдэх биш эвлэж нэгдэхийг манай намын жирийн гишүүд хүсэж байна. Энэхүү хүсэлтийг биелүүлэх нь Ардчилсан намын удирдлага, УИХ дахь АН-ын бүлэг, бүх шатны намын байгууллагын үүрэг гэж бид үзэж байна. Ийм учраас өнөөдрөөс эхлэн “фракцигүй” Ардчилсан нам болж байгааг энэхүү индэр дээрээс мэдэгдэж байна. Өнөөдрөөс эхлэн фракцигүй Ардчилсан намыг манай нам доторхи фракцийн удирдлагууд хүлээн зөвшөөрч, зөвхөн Монгол улсынхаа төлөө зүтгэх Ардчилсан нам гэдэг ганц “фракци”-д нэгдэхийг та бүхэнд уриалж байна. “Фракцигүй” Ардчилсан нам болж байгаа нь Монгол Улсын улс төрийн намуудын төлөвшилд оруулж байгаа Ардчилсан намын манлайлал юм. Төрийн болон улс төрийн үйл ажиллагаанд сахилга хариуцлага тооцох, нийтийн эрх ашгаар хувь хүний эрх хязгаарлагдах жам ёсыг дагах, хууль гарсан бол заавал хэрэгжүүлэх, хэн нэгний алдаа дутагдалыг нам, улс төрийн бүлэглэлийн эрх ашгаар гул барин хаацайлахыг таслан зогсоох, удирдах удирдуулах ёсыг хэм хэмжээ болгох гээд олон өөрчлөлт шинэчлэлтийг “фракцигүй” Ардчилсан нам хийж чадна” гэсэн юм.
Баярын энэ өдөр АН-ын дээд шагнал болох Чингисийн одонгоор Д.Рэнцэнтавхай, С.Батчулуун, Ц.Хурцбилэг, Д.Баттулга, П.Болд нарыг шагналаа.
Баярын энэ өдөр АН-ын дээд шагнал болох Чингисийн одонгоор Д.Рэнцэнтавхай, С.Батчулуун, Ц.Хурцбилэг, Д.Баттулга, П.Болд нарыг шагналаа.
No comments:
Post a Comment