Saturday, May 4, 2013

Би улсаа бүтнээр нь харж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн иргэдийн төлөөлөгчидтэй өнөөдөр төрийн ордонд уулзлаа. Ерөнхийлөгч эхлээд өөрийн санал, байр сууриа илэрхийлээд дараа нь иргэдийн асуултад хариулав.
Иргэдийн хүсэн хүлээсэн олон ажил, асуудлыг шийдвэрлэх шинэ удирдлага,
багийг сонгон гаргаж ирсэн нийслэлчүүддээ баярлалаа
Уламжлалт уулзалтад хүрэлцэн ирсэн нийслэлийн иргэдийн төлөөлөл та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Эхлээд 3 зүйл дээр талархал илэрхийлье гэж бодсон юм. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн иргэд миний зүгээс дэвшүүлсэн санал санаачилгыг дэмжиж ирсэнд би туйлын их талархдаг. 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ороход манай нийслэлийн иргэдийн санал шийдвэрлэх нөлөөтэй байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Ингээд байнга дэмжиж, хамтарч, алдаа хийсэн ч дараачийн алхам нь онох байх гэж итгэж дэмжиж явдаг нийслэлийнхээ иргэдэд талархаж явдгаа дахин илэрхийлье. Хоёрт сүүлийн 24 жилд анх удаа нийслэлд өргөн хэмжээний шинэчлэл хийх, анх удаа ард иргэдийн маань хүсэн хүлээж байсан олон ажлыг шийдвэрлэх, анх удаа нийслэлийн төр захиргааны байгууллагын ажил гэдэг бол иргэддээ, хүнд үйлчилдэг ажил юм байна гэдгийг ойлгуулах, тийм үйлчилгээ явуулах боломж олгож, шинэ удирдлага, шинэ багийг нийслэл, дүүргүүдэд сонгон гаргаж ирсэн, ийм боломж олгосон нийслэлийнхэндээ дахин талархал илэрхийлье. Гуравт, талархал илэрхийлэх гэсэн зүйл бол саяхан болж өнгөрсөн Ардчилсан Орнуудын Хамтын Нийгэмлэгийн хуралтай холбоотой. 104 орны төлөөлөгч ирчихсэн Улаанбаатарт чуулж үнэхээр дэлхийн анхаарал хандсан тэр үед манай нийслэлийнхний гаргасан тэвчээр, хийсэн хөдөлмөр гайхалтай байсан гэж үнэлж хэлмээр байна. Тэр дотроо цэвэрлэгээ хийсэн манай үйлчилгээний ажилтнууд, хөдөлгөөн зохицуулж байсан замын цагдаагийн хүмүүс, нийгмийн хэв журам сахиулж байсан цагдаагийн албан хаагчид, тэр хурлын үеэр чин сэтгэлээсээ ажилласан бүх хүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс, монголынхоо ард түмний өмнөөс талархал илэрхийлье.

 Ард түмэнд хэрэгтэй сайн зүйлийг зогсоох гэж араас татсан ч бид урагшаа явна
Нэг зүйлийг хэлмээр байна. Амьдралаа аваад, ахуй хангамж, асуудлаа шийдээд явж байгаа олон хүн байгаа. Тиймээс нийслэлийн удирдлагад “Үнэхээр асуудлаа шийдүүлэхэд хүндрэлтэй байдаг тэр хүмүүст бид туслах ёстой шүү” гэж хэлдэг. Тэр үйлчилгээний ажилтнуудаа харж үзэх ёстой. Тэр цагдаагийн албан хаагчдынхаа хүрсэн нийгмийн хангамж, баталгааг бид дордуулж болохгүй. Зөвхөн сайжруулах л ёстой. Төрд тангараг өргөөд ёслоод “Гүйцэтгэе” гэж хэлээд ёслоод гардаг тэр цэргийн албан хаагчдын хангамж, ахуй, боломжийг дээрдүүлэх л учиртай. Ийм үгийг л бүх шатанд ажиллаж байгаа дарга нараасаа хүсч ажилладаг юм гэдгээ хэлэх нь зөв байх гэж бодож байна.
Ингээд үгийнхээ эхэнд нийслэлд хийж байгаа ажлууд дээр товчхон хэдэн зүйл хэлье. Нэгдүгээрт нийслэлийн шинэ удирдлага олон барилгын ажлыг зогсооно, цуцална гэсэн гээд хүмүүс яриад байна. Энэ бол буруу ойлголт гэж бодож байна. Түүний нууцыг би та нарт дэлгэе гэж бодлоо. Өмнөх удирдлага газар олгохдоо, ажил хийхдээ мөнгө тохирдог л байсан байхгүй юу. Тэд хууль хэрэгжүүлэхийг биш, мөнгө тохирохыг урьдал болгож байсан. /алга ташив/ Одоогийн удирдлага гарч ирээд жирийн иргэдийн эрх ашгийн төлөө л явж байна. Хууль зөрчөөд барилга барих зөвшөөрөл өгсөн бол түүнийг хэрэгжүүлж болохгүй шүү дээ. Хуулиа л хэрэгжүүлэх ёстой. Өмнө мөнгө тохирдог учраас хэл яриа гардаггүй, хүмүүс ч мэддэггүй байсан. Тиймээс хэдхэн удирдлагын болон мөнгө тохирч бизнес хийх гэж буй хүмүүсийн хоорондын яриа болоод л дуусдаг байлаа. Нийт иргэд маань хохироод үлддэг байж. Одоо хуулийн үүднээс асуудлаа тавиад ирэхээр нийт иргэд маань хожиж байна. Үнэхээр хууль зөрчөөд газар олгосон бол зогсоохоос өөр яах юм бэ? Монголд мөнгөнөөс хууль хүчтэй болж байгааг харуулж байна. Үүнийг манай нийслэл харуулж, үлгэр жишээ үзүүлэн ажиллаж байна. Энд л нууц нь байгаа юм. Өөр гайхаад, бухимдаад байх зүйл байхгүй. Хэрэв нийслэлийн удирдлага буруу зөрүү шийдвэр гаргасан бол шүүх байгууллага цаана нь байна. Гомдлоо гаргах боломж нь байна. Бид хүний эрхийг хангасан нийгмийн төлөө л явъя гэж байгаа шүү дээ. Зарим нь буруугүй байсан байж ч магадгүй. Мөнгө төлж чадахгүй учраас хууль зөрчсөн байж ч болох юм. Тийм байгаа бол түүнийгээ шүүхээр очоод шийдүүлнэ биз ээ. Зөв соёл, зөв байдлаар тохирч явж байгаа нь гол юм гэж би хувьдаа бодож байна.
Хийе гэвэл болдог л юм байна гэж олон хүн ярьж байна. Улаанбаатарын төвийг цэвэрхэн байлгаж болдог л юм байна шүү дээ. Би хотын хоёр даргад “Цаашид ч цэвэрхэн байлгаарай. Олон улсын хурал тарлаа, дахиад бохирдох вий гэж хүмүүсийн санаа зовж байна” хэмээн хэлж байгаа. Төвөөсөө эхэлсэн юм чинь үргэлжлүүлээд тэлээд цэвэрлээд явах хэрэгтэй. Ер нь монголчууд бид хогон дунд амьдрахаа болимоор байна. Энэ хэнээс шалтгаалах вэ, та биднээс шалтгаална. Задгай газар хог асгадгаа больчих л доо. Их эх оронч болох гэж том юм шаардахын хэрэггүй. Эхлээд өөрийгөө өөрчил. Хогоо ялгаад савладаг, хогийн саванд хийдэг болчих. Энэ бол таны эх орныхоо төлөө хийж байгаа хамгийн том зүйл.
Нийслэлийн нутаг дэвсгэр дээр хогтой байгаа бол нийслэлийн Засаг дарга, хорооны нутаг дэвсгэр дээр хогтой байгаа бол хорооны Засаг дарга, аль нэг хэсэг эсвэл дүүргийн нутаг дээр хог байгаа бол тэр дүүрэг, хэсгийг хариуцсан хүн хариуцлага хүлээх ёстой. Танай хашаа, гэр хогтой байгаа бол та хариуцлагаа хүлээх ёстой. Хэдүүлээ ийм байдлаар явъя л даа. Ардчиллынхан гараад ирэхээр “Бид дураараа байж болдог, хогоо хаяж болдог” гэж бодсон юм биш биз дээ. Ардчилал гэдэг бол хуульд захирагддаг эрх чөлөөг хэлдэг юм шүү. Тийм учраас энэ хүмүүс хууль хэрэгжүүлэхийн төлөө явна. Хууль зөрчиж байгаа хүмүүстэй хариуцлага тооцохын төлөө явна.
Цэвэрхэн байж болдог юм байна. Цэвэрхэн байхынхаа төлөө энэ ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Цэвэрхэн, хоггүй, аятайхан, аюулгүй орчинд амьдрах нь ард иргэдэд л хэрэгтэй. Бидэнд ганцхан үүрэг байгаа. Монголын ард түмний эрх ашигт үйлчлэх л үүрэг байгаа. Түүнээс биш бид дарангуйлах, даргалах гэж гарч ирээгүй ээ. Нийслэлд үлгэр жишээ үзүүлж болж байгаа юм чинь бусад газарт болох байх гэж бодож байна. Нийслэлд иргэдээсээ асуугаад асуудлаа шийдэж болж байна шүү дээ. Яахаараа манай суманд болдоггүй юм бол оо гэж хөдөөгийн иргэд гайхаж магадгүй. Энэ бол сайн үлгэр жишээ. Нэг сайн хүний үлгэр жишээ сая хүнийг зоригжуулдаг юм шүү. Сая хүнд сайн санаа өгдөг юм шүү. Тэгэхээр нийслэл, дүүргүүд, хороод сайнаар өөрчлөгдөнө гэж бодож байна.
Нэг үеэ бодвол нийслэлд үнэхээр өөрчлөлт гарч байгаа. Үүнийг та бүхэн олж харах хэрэгтэй. Энд билгийн нүд шаардлагагүй. Энэ машин унааны зохицуулалт, үйлчилгээ, хог, газар олголт, ард иргэдээсээ асууж шийддэг байдал, загнуулсан ч гэсэн та нар минь шийднэ шүү дээ гээд иргэдийнхээ дунд хэлэлцүүлэг хийгээд явж байгаа байдал бол өөрчлөлт. Маш том өөрчлөлт. Үүний хажуугаар үзэл санааны том өөрчлөлт гарч байгаа. Бид нарыг 1990 онд гарч ирээд мал хувьчлах гэж байхад л “Малыг нь хувьчлаад өгчихвөл бүгдээрээ алж идээд дуусна. Мал хувьчилж л болохгүй шүү” гэж ярьж байсан. Одоо эргээд малыг нь нийгэмчлэх гээд үз, нэгдэл байгуулах гээд үз. Малчид нэгдэл байгуулахыг зөвшөөрөх үү. Зөвшөөрөхгүй. Одоо эргүүлээд нийслэлд хог тарих гээд үз, зөвшөөрөхгүй, Дараа нь нийслэлд ямар ч нам гарч ирдэг бай эргүүлээд захиргаадсан, авлигадсан хачин муухай тэр соёл руу явахыг нийслэлийн иргэд зөвшөөрөхгүй. Энэ бүхэн та бидний ололт юм. Энэ ололтоо хамгаалан үргэлжлүүлж явах хэрэгтэй.
Барилга бариулахгүй байна гээд байгаа. Сая Баттулга дарга хэлж байна. Шинээр эхний улиралд зөвшөөрөл олгосон барилгын тоо өнгөрсөн оныхтой харьцуулахад 80 хувьтай байна гэл ээ шүү дээ. Урьд нь нийслэлийн төвийг цэвэрлэ гэхэд төрийн ордонг тойрч эргэлдчихээд бусад хэсгийнх нь хүйтэн гараар орчихдог байсан байхгүй юу. Гэтэл өнөөдөр эдийн засаг маань унаад байна, гадаадын хөрөнгө оруулагчид гараад байна, болохоо байлаа, аюул учирлаа гэж ярьж байгаа атлаа нийслэлд юм хийе гэвэл тодорхой хэмжээний төсөв, боломж байж л байна. Тэгэхээр бага ч болов мөнгөөр асуудлыг шийдэж болдог юм байна. Сэтгэл байвал ажил хийж болдог юм байна. Үүнийг харуулж байна.
Бид замын дунд зогсож болохгүй. Ер нь ард түмэнд хэрэгтэй сайн зүйлийг зогсоох гэсэн ч бид урагшаа явна. Зогсоох гээд араас татсан ч бид урагшаа зүтгэх л болно. Бид хийх л болно. Бид зогсохгүй.
Хүмүүст үзүүлдэг төрийн, татварын дарамтыг багасгах хэрэгтэй
Хоёрт өнгөрсөн 4 жилд миний юу хийсэн, яаж ажилласан тухай та бүхний гар дээр Тамгын газраас материал тараасан учраас давтаж ярихгүй. Зүгээр л бид юун дээр алдаад байна, ер нь цаашдаа юуг анхаарах шаардлагатай вэ гэдэг дээр 3 зүйл санал хэлье. Би өмнө нь ч хэлж байсан. Гэхдээ дахиж та бүхэнтэй ярих нь зөв байх. Ер нь ажил хийж, бүтээж байгаа улсуудаа дэмжих хэрэгтэй. Жижиг, дунд үйлдвэр эрхэлж, ажил хийж, амьдралаа аваад явж буй бизнес эрхлэгчид байна. Энэ хүмүүс хоёр талаасаа шалчийтал шахагдаж байгаа шүү дээ. Нэг талаас гадны хөрөнгө оруулагч, нөгөө талаас төр шахаж байгаа юм. Уг нь дунджийгаа шахах биш тэднийг томруулж зөв авч явах ёстой гэж ярьдаг биз дээ. Тийм учраас энэ хүмүүст үзүүлдэг төрийн, татварын дарамтыг багасгах хэрэгтэй. Үүнийг хийхгүй дэндүү удаж байна. Энэ дээр алдаад байна. Энэ ажлаа бид хийх ёстой шүү гэдгийг хэлмээр байна.
Дээрээс нь боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулж байгаа. Өнөөдөр манайд хамгийн их унаж байгаа, хамгийн их анхаарах ёстой салбар бол эрүүл мэнд. Ханиад, хатгаа туссан хүүхдүүдэд дүүргийн эмнэлгийн ор хүрэлцэхгүй коридорт гудас хаяад ээжтэйгээ хэвтэж байна шүү дээ. Энэ хүүхдүүдийнхээ асуудлыг яаж шийдэх юм бэ? 90 мянган хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй гэртээ цоожлуулаад эсвэл аав нь харсан нэртэй нэг бол ээж нь ажлаасаа чөлөө аваад хажууд нь сууж байна. Энэ асуудлыг яаж шийдэх юм бэ? Энэ рүү төр орж чаддаггүй юм бол юм хийж, бүтээж байгаа улсуудаа тийш нь залбал яасан юм бэ.
Эдийн засаг маш хүнд байгаа шүү. Гэхдээ Монголын хамгийн том эрсдэл бол хариуцлагагүй улс төр. хариуцлагагүй улс төрчид байна. Өөр ч болохгүй байгаа юм бий, гэхдээ шийдэж болж байна. Хариуцлагагүй улс төрчдийг яах вэ? Өөрийнхөө бодлыг төрийн бодлого гээд ойлгочихсон байдаг. Дээр нь өөрөө л юманд хүрэхийг бодож байдаг. Төрийн хүний хамгийн гол шалгуурыг би хувьдаа “Би юунд хүрэх вэ биш, миний улс юунд хүрэх вэ гэж өглөө бодож босох” л гэж  ойлгодог. Тэр шалгуур үйлчлэхгүй байна. Төрийн ажилтан болно, улс төрд сонгуулиар орно гэдэг бол “Та миний жаргалыг ав, би таны зовлонг авъя” гэсэн үг. Ер нь төрд орж ирнэ гэдэг чинь хүний зовлонг шийдэж өгнө л гэж орж ирж байгаа биз дээ. Чадахгүй байгаа бол зайгаа тавьж өгч байх хэрэгтэй.
Надад ганц зорилго л бий, тэр нь хүмүүсийн дэвшүүлсэн
сайн санал, санаачилгыг дэмжих
Улсаасаа төөрсөн юм шиг УИХ-ын гишүүд манайд их олон байдаг. Иргэдийн Хурлын тийм төлөөлөгчид ч бий. Юм хийх гэж байгаа улсуудыг улдаж хойноос нь чангаадаг. Одоо бид улс төр ярьдаг цаг биш, бүтээн байгуулдаг цаг шүү. Сонгуулийн шоу хийдэг цаг биш, ажилладаг цаг. Яагаад би ингэж хэлж байгаа юм бэ? Ганц зүйлийг хэлье. Манайд ажилладаг хугацаа асар богино. Ерөөсөө 4, 5 сар шүү дээ. Одоо л ажил эхэлж байгаа биз дээ. Ажил эхлээд ирэхээр нөгөө амардаг, наадамладаг хугацаа давхацдаг. Тэрийгээ дуусгаж байтал хүүхдийн хичээл орж, хүйтэн сэрүү унаад эхэлдэг. Ийм онцлогтой орон. Улсынхаа онцлогийг ойлго л доо. Нийслэлд хийх гэж байгаа юмыг нь нийслэлд хийлгэх хэрэгтэй. Надад ганц зорилго л бий. Хүмүүсийн дэвшүүлж байгаа сайн санал, санаачилгыг дэмжих. Энэ улс оронд сайн юм хийх гэж байгаа бол Ерөнхийлөгчийн хувьд түүнийг нь дэмжинэ. Би ингэх л үүрэгтэй.
Бат-Үүл дарга үүнийг хамгийн энгийнээр илэрхийлж байгаа. Энэ бол хамгийн зөв зүйл. Газар дор байгаа баялгаа газар дээрх баялаг болгоё гэж. Яавал газар дээр баялаг бий болох юм бэ? Иргэдийн маань өнөөдөр хамгийн тулгамдаж байгаа асуудал нь орон сууц. Улаанбаатарт хамгийн тулгамдаж байгаа асуудал гэр хорооллын бохирдол, утаа шүү дээ. Уул уурхайгаас орж ирж байгаа мөнгөө л эдгээрийг шийдэхэд зориулах хэрэгтэй. Дэд бүтцийг нь барьж өгч болно. Тэр дэд бүтцийн үзүүрүүд дээр айл бүхний орон сууц босож ирнэ. Бас аж ахуйн нэгж цэцэглэж босож ирнэ. Ингэж газар доорх баялгаа газар дээрх баялаг болгож хувиргая. Төрөх эмнэлэг болгоё л доо. Үүнийг хийж байгаа улсууддаа дэмжлэг болгож дэд бүтцийг нь барьж өгье. Улаанбаатарын удирдлага үүнийг л ярьж байгаа гэж бодож байна. Бусад газар ч үүнийг ярьж ажлаа хийх ёстой. Ингэх юм бол бүтээгчдээ дэмжсэн зөв бодлого болж хувирна гэж бодож байна.
Монголчууд тийм баян биш. Газар доор байгаа баялгаа ийш тийш зөөж л мөнгө орж ирж байна. Манай төсөв маш их тэлж байгаа. 1998 оноос хойш манай дотоодын нийт бүтээгдэхүүн 10 дахин нэмэгдсэн. Төсөв нь дагаад мөн өссөн. Төсвийн мөнгөний тухай бид үргэлж ярьдаг. Гэтэл төсвийн мөнгөөр гадны юмыг авчирч шахдаг. Үүнийг л хориглох хэрэгтэй. Бид ярьсаар байгаад төсвийн нэг ч төгрөгийг архинд зарцуулж болохгүй гэсэн соёл тогтчихлоо. Энэ бол зөв шийдвэр. Одоо төсвийн нэг ч төгрөгийг гадаадад үйлдвэрлэсэн бараанд зарахаа больё л доо. Ингэхийн төлөө бүгдээрээ явъя. Тэгвэл  надаас ажлын байргүй байна гэж хэн ч асуухгүй. Барилгын бүх цементийг дотоодоосоо авах юм бол манай улсууд цементийн үйлдвэрлэл өсөөд эхэлнэ шүү дээ. Одоо бараг дотооддоо цементээ хангах болсон. Төмөр хайлуулж байгаа газраасаа л төмөр худалдаж ав. Тэгвэл Монголд төмрийн үйлдвэрүүд бий болно. Төмөртэйн ордны хажууд төмөр хайлуулдаг үйлдвэр бий болно шүү дээ. Тэнд хүмүүс ажилтай болно. Би их хол юм ярьж байж магадгүй. Та нар “Монголд хийсэн  хувцсаар бүх ажилчдаа хувцаслана шүү” гээд Оюу толгойд очихдоо би шаардаж байсан юм. Ингээд л дотроосоо бүгдийг шийдэх юм бол тэр ажлын байрны асуудал шийдэгдэх гээд байгаа юм. Яахаараа монгол хүнд юм нь наалдахгүй, монголчууд ядуу болоод эдийн засаг нь өсөөд төсөв нь томроод байгаа юм вэ гэсэн чинь бид олж байгаа мөнгөө гадагшаа зараад байна шүү дээ. Энэ буруу байна. Монгол нэг үеэ бодвол Монел, Могул гээд янз бүрийн юм угсардаг болсон. Азийн баруудыг хараарай. Яг ийм бодлого явуулсан байгаа юм. Энэ рүү явах хэрэгтэй. Мах, сүү гээд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тойрсон хичнээн их олон үйлдвэрлэл сэргэж болох вэ. Түүгээр дамжаад манай малчид, хүмүүсийн хичнээн нь ажилтай байж болох вэ. Бид бүтээгчдээ дэмжихийн тулд баялгаа түүхийгээр нь гаргадгийг аль болох багасгах хэрэгтэй. Аль болох эцсийн бүтээгдэхүүн хийх хэрэгтэй. Гаднаас авчраад угсар, монголоо хангаад үлдсэнийг нь урагшаа гарга л даа.
Ажлын байр гэдэг бол эцсийн эцэст тоног төхөөрөмж. Ажилчин хүн гэж тэр тоног төхөөрөмжийг ажиллуулж чаддаг хүнийг хэлдэг. Тэгэхээр тоног төхөөрөмж оруулж ирэх, түүнийг ажиллуулах, татварыг нь харж үзэх хэрэгтэй. Ийм байдлаар монголын бүтээгчид босох юм бол монголын ард түмний амьдрал дээшээ өгсөнө гэж бодож байна. Энэ дээрээ бид алдаа гаргаад байна. Үүнийгээ засах хэрэгтэй.
Иргэний нийгэм байгуулах иргэндээ л эрхийг нь өгөөч дээ
Төрд гарах гарцаа бид мэдлээ. Ер нь аливаа хүн ажил хийх гэж байгаа бол түүнийгээ мэдэх хэрэгтэй байдаг юм. Би 1990 онд асуудал шийдэх гэж энэ ордонд орж ирж байсан. Одоо болоход их л олон зүйл дээр гэнэн байж дээ гэж өөрийгөө голдог. 24 дэх жилдээ ажиллаж байна. Одоо бол монголд яг ямар салбарт юу дутагдаж байна, яаж шийдвэл болж байна гэдгийг харж чаддаг болсон. Би улсаа бүтнээр нь харж байна. Айлыг гэрээр нь харж чадаж байна. Төр яагаад болохгүй байна, төрийн зардал яагаад ихсээд байна. Иргэний нийгэм байгуулах иргэндээ л эрхийг нь өгөөч дээ. Орон нутаг руу эрхийг нь өг л дөө. Улаанбаатарын засаг захиргаанд эрхийг нь өг л дөө. Улаанбаатартаа тодорхой хэмжээний татвар бий болгоод тэндээсээ мөнгөө цуглуулаад асуудлаа шийдэх эрхийг л өгчих. Улаанбаатарын асуудлыг УИХ авч хэлэлцээд байх хэрэггүй. Тэртээ тэргүй Улаанбаатарт ИТХ нь байгаа. Дүүрэг бүхэнд ИТХ байгаа шүү дээ. Газар бүхэн, айл бүхэнд Монгол Улсын иргэн амьдарч байна. Ингэж шаардсаар байгаад ахиц дэвшил гарч байна. 270 тэрбум төгрөгийг бид хуваарилдаг боллоо. Одоо бид үүнийгээ ярих гэж байна. Иргэд нь ярьсаар байгаад асуудлаа гаргаж ирээд тэрэндээ мөнгөө зориулдаг болж байна. Түүний захиран зарцуулалтыг ард иргэддээ өгөх ёстой. Энэ ажилд бид анхаарна, дөнгөж эхэлж байна. Монголын асуудлыг шийдэх боломж энд л байгаа. Байгаа тахилгатай уулаа ухах уу, аль эсвэл тахилгатай хэвээр нь авч үлдэх үү, урсаж байгаа голоо аваад үлдэх үү, эхэн дээр нь алт ухуулах уу гэдгийг иргэд нь шийддэг болгоё л доо. Анхдагч эрхийг нь иргэддээ л өгье дөө. Монголын ард түмэн үнэхээр ядарч байна шүү дээ. Нэг хэсэг нь луйварчин, тонуулчин, гадныхантай нийлсэн адгийн хүмүүс, нөгөө нь монголыг өмөөрдөг хэдэн хүн, бусад нь үзэгч болж хувирлаа. Ийм байж болох юм уу, хэдэн жил ингэж явах юм вэ? Үүний шийдэл бол тэр иргэддээ боломжийг яг хуулиар шилжүүлэх. Чаддаг ТББ, чаддаг аж ахуйн нэгжүүдэд нь тэр боломжийг шилжүүлэх.
Нийт олж байгаа мөнгөнийхөө 50 хувийг өнөөдөр төсөвтөө зарж байна
Улсын энэ байдал хэтэрлээ. Төрийн хийдэг маш олон ажлыг бид бусад руу шилжүүлэх хэрэгтэй байна. Төрийн өөхийг жаахан соруулах хэрэгтэй байна. Багасгах хэрэгтэй байна. Тийм учраас энэ дээр хийх ажил асар их байна.
Би та нараас нэг зүйлийг гуйх гэсэн юм. Хэсгийн ахлагч нар, хорооны дарга нар энд ирсэн байх. Ер нь багийн Засаг дарга, сумын Засаг дарга нарын хийх ёстой ганц ажил бий. Та нар иргэдээ асуудал шийдэхэд оролцуул. Тэгээд л болоо. Өмнөөс нь юм шийдэх гээд л. Тэгсэн мөртлөө бүр буруу шийдсэн, идсэн уусан болоод хүнээр загнуулж явах чинь гай биз дээ. Хүмүүсийн дунд сайхан инээгээд явъя гэвэл иргэдээрээ л шийдүүлээч дээ. Хүн оролцоод хийгээд ирэхээр хэрэгжилт нь сайжирдаг. Хүн оролцоод шийдээд ирэхээр хяналт нь сайжирдаг. Хүн оролцоод шийдээд ирэхээр тэр хүн өөрийгөө бодож шийдэл гаргадаг. Түүнээс биш Засаг даргын байшинг барья гэдэггүй л байхгүй юу. Хэдэн жил бид дарга нарын хүслийг хангаж тэдний бодож байгаа юмыг шийдэх гэж явах юм бэ? Болохгүй шүү дээ. Иргэдийнхээ хүсч байгаа юмыг шийдэх хэрэгтэй. Тэгэхээр дарга нар минь иргэддээ эрхийг нь өг. Төрийн үргэлжлүүлэх ёстой нэг ажил байгаа. 2005 онд намайг Ерөнхий сайд болоход маш их хямрал болж байсан. Тэгсэн 2005 оны 12 дугаар сард Монгол Улсын төсөв анх удаа ашигтай гарсан. Би маш их гайхсан. Тэгтэл надад энгийн нэг өвгөн “Мэдээж шүү дээ. Чи гарч ирээд төсвийн хулгайг зогсоож байгаа юм чинь. Нөгөө авлигыг зогсоож байгаа юм чинь. Гааль дээр байсан авлигыг чи зогсоолоо, Улсын төсөвт бүгд л ордог болохгүй юу даа. Тэгээд л төсөв чинь ашигтай гарлаа” гэж хэлж байсан. Эндээс Монгол Улс хичнээн баян, хичнээн боломжтой нь харагдаж байгаа юм.
Өнөөдөр зүгээр л хэрэгт шалгагдаж байгаа нэг этгээдийн дансанд хадгалуулсан мөнгө 44 цэцэрлэг барихаар байна гэж байгаа шүү дээ. Улаанбаатарт 44 цэцэрлэг хэрэгтэй биз дээ. Ямар учраас Элбэгдорж муу хэлүүлэн янз бүрээр дуудуулан тэмцээд байгаа юм бэ. Би өөрийнхөө төлөө яваагүй. Тэр мөнгө миний ард түмний халаасанд орох ёстой. Тэр мөнгөөр цэцэрлэг барих ёстой л гэж бодож байна. Тэр мөнгө эргээд ард түмний баялаг болох ёстой л гэж бодож байна. Энэ соёлыг үлдээх ёстой юм. Элбэгдорж гарч ирээд баяжаад, ах дүү нь хөрөнгөжөөд байхыг би хувьдаа тэвчихгүй. Миний нэрээр ажилд орох гэж байна уу, та нар хараарай. Би ажилд оруулъя гэвэл дээрээ 7 ахтай хүн шүү. Миний ээж ноднин хүүхдүүдээ цуглуулсан. 130 гаруй хүн цугларч байсан. Миний нэрээр тендер аваад идсэн хүн байна уу. Би бол ачаа хөнгөн явдаг. Бага Хурлын гишүүн болоод том ахындаа очихдоо хэлж байсан. Би төрийн ордонд орсон болохоос биш таны юм уу, хэн нэгний асуудлыг шийдэх гэж яваагүй. Тэгэх гэж явсан бол би яах гэж хувьсгал хийсэн юм. Энэ бол миний л барьдаг зарчим. Би энэ зарчмаа баримтална. Энэ зарчмыг бусад нь ч баримтлах хэрэгтэй. Үнэхээр миний сэтгэл өвдөж байгаа. Манай иргэдийн өвчлөлийн байдал ямар байна. Эрүүл мэндийн байдал ямар хүнд байна вэ? Төсвөөс 2, 3 тэрбум төгрөг гаргаад шинжилгээний сайн төхөөрөмж ав гэсэн. Ажил хариуцсан нөхөр нь тендер дээр ажиллаад хойд хөршид хог дээр хаях гэж байсан зүйлийг оруулаад ирсэн байгаа юм.  Энэ юу гэсэн үг вэ? Ийм юман дээр яагаад хүний сэтгэл өвдөж болдоггүй юм бэ? Нүгэл хийж байна шүү дээ. Би “Төрд ажиллана гэдэг бол буян хийх” гэж хэлдэг. Буян хийх гэж хүнд тулгамдаж байгаа хэцүү асуудлыг шийдэж өгөхийг хэлдэг юм. Түүнээс биш хүний өмнөөс завшихыг хэлдэггүй юм. Ийм нүгэл гайг тэвчиж болохгүй. Ийм юмыг бид холдуулах ёстой.
Би нэг л юмыг аз жаргал гэж бодно. Ерөнхийлөгчийн ажлыг өгсний дараа Сүхбаатарын талбайгаар ард түмнийхээ дунд чөлөөтэй алхаад явж байхыг аз жаргал гэж бодож байгаа. Би гадагшаа явмааргүй байна. Хүмүүсийн дунд харах нүүртэй явъя л даа. Надаар дуусахгүй биз дээ.
Бат-Үүлийг сонгоно гэдэг нь түүнийг дарга болгох гэсэндээ биш, ажил хийлгэх гэж сонгосон. Өөрсдийгөө л бодож сонгосон. Энэ хэдэн дарга нарыг хараад байсан чинь Бат-Үүл нь арай дээр юмуу даа, түүнийг дагаж яваа багийнх нь улсууд арай дээр юмуу даа гэж бодож сонгоо биз дээ нийслэлийнхэн.
Бид хүнээ мартаад байна
Дараагийн миний ярих гэсэн зүйл хүний асуудал. Хүнээ мартаад байна. Хүн өөрийгөө боддог гэж хэллээ. Хэдүүлээ бодъё. Ажлаа олж аваад бүтцэд оруулаад эмх цэгцэд оруулаад харах чадвар сууна гэдэг олон жил шаарддаг.
Хүн төрлөө гэж бодъё. 5 сартай жирэмснээс эхлээд 12 сарын хугацаанд 40 мянган төгрөг авч байгаа. Энийг бид дэмжих хэрэгтэй. 20-40 насны хооронд байгаа төрөх насны ээжүүдийг маш сайн дэмжмээр байна. Монголчууд бид олуулаа болмоор байна. Нэг тоо хараад гайхлаа сая. Монголын нийт өрхийг аваад үзсэн чинь 70 хувь нь хүүхэдтэй өрх байна. 30 хувийнх нь хүүхдүүд том болоод тусгаарлачихсан бололтой. 70 хувийг нь 100 хувь гээд аваад үзсэн чинь 80 хувь нь 1-2 хүүхэдтэй байна. Миний аав, ээж шиг 8 хүүхэдтэй айл хаана байна вэ? 10-15 хувь нь 3- 4 хүүхэдтэй байна. 5- 6 хүүхэдтэй нь нийт өрхийн 2-хон хувь болж байна. Нөгөө олуулаа болох монголчууд маань яав аа? Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэдэг биз дээ. Бидний бодлого хаана байна аа. Улсынхаа ирээдүйг бодъё гэвэл бид хүүхдээсээ эхэлж бодох хэрэгтэй. 2 нас хүртэл хүүхдээ харж байгаа ээжүүдийн ажлыг хөдөлмөр эрхлэлт гэж үзэх ёстой. Тэр ээжүүдэд тэтгэмж өгөх ёстой.
Та нар үүнийг сонгуулийн амлалт ч гэж бодно уу, биш ч гэж бодно уу, Элбэгдоржийн сонгууль ойртож гэж бодно уу, дэмжинэ, дэмжихгүй гэж бодно уу хамаагүй, би үүнийг хийнэ. Би одоо Засгийн газрын гишүүдтэй гараад энэ тухай ярина. Энэ миний хийх ёстой ажил. Би хоёр жилийн өмнөөс энийг ярьж байгаа. Засгийн газар тооцоо хийгээд, бодоод л байгаа. Зардлаа хасч байгаад бид хийнэ. Хүүхэд дээрээ мөнгө хэмнэмээргүй байна. Монголчууд хүүхдэд дээрээ мөнгө хэмнэдэг хүмүүс биш. Ээж хүн, аав хүн хэзээ ч хүүхэд дээрээ мөнгө хэмнэдэггүй. Хөдөлмөрийн хөлсний дунджаар үнэлээд тийм хэмжээний хөдөлмөр гэж үзэж тэр ээжийг дэмжих хэрэгтэй. 0-2 нас хүртэл ийм дэмжлэг байлгахын төлөө явах юм байна. 6 настай сургуульд орчихдог учраас 2-5 нас хамгийн гол асуудал байна.
 
90 мянган хүүхэд гэртээ цоожлуулж байна
Монгол Улсын 2-5 настай хүүхдийн тоо 220 мянга байна. Түүний 130 мянга нь өнөөдөр цэцэрлэгт хамрагдаж байна. 100 ортой цэцэрлэг 150, бүр 200 ч хүүхэдтэй байгаа. 15 хүүхэд авах анги 30 хүүхэдтэй байгаа. Маш олон жилийн өмнө баригдсан цэцэрлэгүүд ч байгаа. Мэргэжлийн хяналтынхан ирээд үйл ажиллагаа явуулж болохгүй гээд дүгнэлт гаргасан байдаг. Иймэрхүү байдалтай байна. Цэцэрлэгт явдаггүй 90 мянга маань гэртээ цоожлуулж байгаа. Хүүхэдтэй холбоотой хичнээн олон асуудал бий болдог билээ. Хүүхдээ цэцэрлэгт аваачиж өгнө, машины түгжрэлд орно, ажлаасаа хоцорно. Бас бухимдал нь таны л эрүүл мэнд, ажлын үр өгөөжид нөлөөлнө. Манай ард иргэдийн хүүхдийнхээ төлөө зарцуулж байгаа хүч хөдөлмөр, мөнгө, цаг асар их.
100 хүүхэдтэй 900 цэцэрлэг баръя, нэгийг нь 1 тэрбум төгрөгөөр үнэлье. 900 тэрбум төгрөг болно. Энэ Засгийн газар ч, Их Хурал ч ингэж асуудал шийдэж чадахгүй. Ойрын 10 жилд зөвхөн цэцэрлэгт ийм мөнгө гаргаж чадахгүй. Тэгвэл яаж шийдэх вэ? Бид хоёр гурван зам нээж өгөх хэрэгтэй. Их Хуралд байгаа эмэгтэй гишүүдийнхээ саналыг үргэлж дэмжиж ажиллана. Үүнийгээ би Засгийн газрын гишүүдэд хэлсэн байгаа. Гэрээр хүүхэд хардаг үйлчилгээг нээж өгье. Энэ юу гэсэн үг вэ? Орцныхоо 5 хүүхдийг харж байгаа хүний хөдөлмөрийг л үнэлье. Өнөөдөр цэцэрлэгт явж байгаа хүүхэд нэг бүрт улс 116 мянга 850 төгрөг сардаа зарцуулж байгаа. Тэгвэл нэг хүүхэд харахад сард 110 мянган төгрөг, 5 хүүхэд харахад 550 мянган төгрөг болно. 5 хүүхэд харж байгаа ээжид ийм мөнгө өгье л дөө. Тэр ээж ажилтай болно. 5 хүүхдийн цаана байгаа аав, ээжийн нуруу тэнийнэ.
Нэг их мэдэгч “Ээжид өгчихнө гэж бодъё, аягүй бол мөлхөж очоод гал руу гараа хийчихнэ” гээд л ярих байх л даа. Юун гал руу гараа хийх. Тэр дээр нь бид шаардлага, шалгуур тавиад өгчихнө. Төр хуулиараа бүгдийг нь заагаад өгчихнө. Өөрийнхөө таньдаг ээжээс ирж хүүхдээ авна. Маш сайн хариуцлагын гэрээ байгуулчих л даа. Ийм маягаар гэр хороололд, жижиг байшин, байшингийнхаа хажуу талын өрөөг ч юмуу, аль эсвэл гэр бариад ч юмуу шийдчих хэрэгтэй.
Хамгийн их хохирдог улсууд манай гэр хорооллынхон. Хамгийн их хохирдог улсууд цэцэрлэгт хүүхдээ өгч чадахгүй байгаа ард иргэд. Их Хурлын эмэгтэй гишүүдийн өөдөөс ярвайж тайлбар тавьж байгаа нөхдүүдийн бүгдийнх нь хүүхэд цэцэрлэгт явж байгаа. Хүүхдээ цэцэрлэгт өгч чадаагүй Их Хурлын гишүүн надад олоод ир л дээ. Засгийн газрын сайд нар дотроос хүүхдээ цэцэрлэгт өгч чадахгүй байгаа хүн бий болов уу. Байхгүй. Тэр баталгаатай. Хэн өгч чадахгүй байна? Арын хаалгагүй, мөнгөгүй, хүүхдээ зөөнө гэхээр хэт холдоод байгаа, ойр хавьд нь цэцэрлэггүй, унаагүй, ядарсан зүдэрсэн ард иргэд, аав ээжүүд л өгч чадахгүй байна. Энэ хүмүүсийг боломжоор хангах нь төр бодлого, үүрэг биз дээ.
Цэцэрлэгт явдаг хүүхэд бүрт улсаас сардаа 116850 төгрөг өгдөг атлаа гэртээ байгаад нь юу өгдөггүй. Аав, ээж нь тэр мөнгөө авч чаддаггүй, хүүхдээ ч цэцэрлэгт өгч чаддаггүй, өөрөө ч ажилд явж чаддаггүй. Ингэж хэдэн янзаар хохирч болох уу? Ингэж ялгаварлагдаж байж болох уу? Ийм юм байж болохгүй. Дэлхийн бүх улс оронд ийм асуудлыг шийдсэн байдаг юм. Ийм учраас бид шийдэх хэрэгтэй.
Сумын төвд 300 өрх байж байхад тэнд 10 жижиг цэцэрлэгийг айлууд нь тэр шалгуурыг хангаад гаргаад ирэг, 10 эмэгтэй ажилтай болчихно. Нэг эмэгтэй 5 хүүхдийг жимбийлгээд байна шүү дээ. Дээрээс нь аав, ээж нь нэмээд мөнгө өгнө. Гэрээ байгуулчихна. Бусад улс оронд шийдээд ирсэн ийм юмыг хэрэгжүүлж, хуулийг нь батлаад, үндсийг нь бүрдүүлээд шалгуурыг нь тавиад өгөх үүргийг төр хийж байх ёстой.
 
Аж ахуйн нэгж, байгууллага бүхэн цэцэрлэгтэй байж болно
Бат-Үүл даргатай ярьж байгаа өөр нэг зүйл бий. Аж ахуйн нэгж бүхэн, байгууллага бүхэн ажлын газартаа том өрөө гаргаад ажилчдынхаа хүүхдийн цэцэрлэгийг байгуулчих. Ажилчдад чинь ямар амар вэ. Хамгийн амархан шийдэл байгаа биз дээ. Энэний зөвшөөрлийг өг, шалгуурыг нь тавь, тэгээд л болоо шүү дээ. 300 хүн, 200 хүн, 20, 30, 40 хүн ажилладаг ажлын газарт байж болно. Тэнд нь нэг өрөө, багш гаргаад ажиллуулчихна. Багшийнх нь зардлыг төрөөс өгчихнө. Тэрнийгээ аж ахуйн нэгж нь жаахан хөрөнгө оруулаад сайжруулж болно. Ажилчин, ажилтнууд чинь өдөр хүүхдүүдтэйгээ цуг хоолоо идэж байг л даа. Ямар их ажил, цаг хэмнэх вэ? Ингэж шийдэх боломж байна. Хамтраад шийдлийг олж болно. Төрийн байгууллага ч байсан дарга, сайдынхаа олон өрөөний хоёрыг нь хүүхдийн цэцэрлэгт зориул л даа.
Би төрийн ордонд орж ирээд миний өмнөх Ерөнхийлөгчид, Чойбалсан гуайгаас хойших төрийн тэргүүнүүд сууж байсан тэр өрөөг “Иргэний танхим” болгоод шийдвэр, хууль гаргахад иргэдийн оролцоог хангахад зориулаад явж байна. Сэтгэл байвал болж байна.
 
Гэрийнх нь ойрхон бага сургууль байгуулахыг дэмжиж байна
Хүүхэд маань сургуульд орлоо гэж бодъё. Тэр сургуулийн хүүхдүүдийг бид нэг бодлогоор үргэлжлүүлж явуулна. Манайд арванхоёрдугаар ангийн ч, хоёрдугаар ангийн ч хүүхэд адилхан хол ойр гэлгүй гэрээсээ сургуульдаа явдаг. Бага насны хүүхдүүдийг өглөө автобус руу чихэж оруулаад 2 цаг явуулдаг эсвэл аав ээж нь дагуулаад удаан түгжрээнд ордог биш гэрт нь ойрхон /бусад оронд 500 метрээс дотогш/  бага сургуулийг нь байгуулах нь хамгийн зөв. Бага сургуулийг нь байгуулаад өгчихвөл нөгөө дунд сургуульд чихцэлдэж байгаа хүүхдүүдийн багтаамж шал өөр болно. Хүүхдийн хүмүүжил, бусад зүйлдээ ч маш сайн. Тийм учраас бага сургуулийг аль болох тэр хүүхдийн оршин байгаа газраас 500 метр, холдлоо гэхэд 1 км дотор нь заавал байгуулах ёстой. Нийслэлд ийм байдлаар 80 бага сургууль байгуулахаар төлөвлөгөө гаргаж байгаа гэдгийг би хувьдаа дэмжиж байгаа. Үүний төлөө бид ажиллах ёстой.
Залуу гэр бүл бүр байрны зээлд хамрагдах боломжтой
Таны хүүхэд оюутан боллоо гэж бодъё. Оюутан болохоор яахыг та нар мэдэж байгаа. Оюутан 70 мянга, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагсад 45 мянгыг авдаг. Дараа нь ажилтай болцгооно, залуу гэр бүл болно. Хамгийн чухал асуудал нь орон сууц. Энэ засгийн газар 800 тэрбум төгрөгийг моргежийн зээл болгож гаргана. Өчигдөр би Ерөнхий сайдаас хүссэн залуу гэр бүл бүхэн орон сууцны зээлд хамрагдах боломж байгаа юу гэхэд ойрын хугацаанд, зургаадугаар сар гэхэд бид боломжийг нь бүрдүүлнэ, санхүүгийн эх үүсвэрийг нь олсон гэж байна лээ. Энэ гайхамшиг байхгүй. Ингээд орон сууцтай болно.
Орон сууцнууд сүндэрлэн босно гэдэг бол газар дор байгаа баялаг маань газар дээрх баялаг болж хувирч байгаа юм. Иймэрхүү маягаар явах хэрэгтэй.
Одоо манай ахмадууд сэтгэл амар байж болно
Муу төр өр үлдээдэг, сайн төр хуримтлал үлдээдэг гэж би Их Хурал дээр хэлсэн, олон хүн дэмжиж байгаа. Одоо хуримтлал үлдээдэг төр болох ёстой. Бусад орон ингэж яваад болж байна. Ажиллаж байхдаа төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэл нь тэтгэвэрт гарахад танд өгөх мөнгө гэж ойлгох хэрэгтэй. Нийгмийн даатгалын шимтгэлээ тэр уурхайгаас орж ирж байгаа орлоготойгоо холбочихдог юм байна лээ. Ингэвэл монголд ажил хийж байгаа бүх хүн амьдралын баталгаатай болж байгаа. Яах гэж ийм их уул уурхайтай, яах гэж байгалийн баялагтай оронд та төрсөн юм бэ. Тэрнийхээ үр шимийг хүртэх гэж төрсөн юм байгаа биз дээ. Тэрний үр шимийг хүртээдэг хамгийн сайн арга нь нэг сая, сая таван зуун мянган төгрөгийн бэлэн амлалт биш ээ. Сонгуулийн амлалтаар биш, таны нийгмийн даатгалын мөнгийг л эргүүлээд баялгийн сан болгож байгаа юм. Тэтгэврийн мөнгийг чинь баялгийн сан болгож байгаа юм. Одоо манай ахмадууд сэтгэл амар байж болно. Бид бүгдээрээ ахмад болно. Тийм учраас ерөөлөөр ахмад болох бүх иргэн баялгаараа баталгаажсан тэтгэврийн сантай, тэтгэврийн орлоготой болно.
Хүүхэд төрснөөс авахуулаад ахмад болоод тэтгэвэртээ гараад, гавьяаныхаа амралтад гараад жаргах хүртэл энэ хүмүүсийн асуудлыг ингэж шийдэх хэрэгтэй. Ингэж харах хэрэгтэй. Ингэж харвал монгол хүн тайван, аюулгүй зөв амьдралтай, итгэлтэй байж чадна. Энэ боломж өнөөдөр монголд байна. Энэ зүйлүүдийг би та бүхэнд хэлэх гэсэн юм. Миний хэлэх гэсэн зүйл бол Улаанбаатарт хийж байгаа   өөрчлөлтүүд цааш үргэлжлэх ёстой. Бид юм бүтээдэг, хийдэг улсуудаа дэмжих хэрэгтэй. Төртэй холбоотой, шударга ёстой холбоотой асуудлаа үргэлжлүүлж хийх хэрэгтэй. Замын дунд зогсох хэрэггүй, хүнээ мартдаг явдлаа болъё.
Нийгэмд олуулаа атлаа асуудал шийддэг газар
цөөнх бологсдыг би илүүтэй төлөөлнө
Би Ерөнхийлөгчийн хувьд нэг л зорилго тавьж байгаа. Би монголын ард түмнийг бүгдийг нь төлөөлөх үүрэгтэй. Гэхдээ Их Хурлын танхимд орж чадахгүй байгаа хүмүүсийг илүүтэй төлөөлье гэж бодож байгаа. 76-д ахмадууд олонх болж чадахгүй байгаа. Тэгэхээр ахмадуудыг би төлөөлье. Тэр 0-2 настай хүүхдүүд, тэр ээжийнхээ хэвлийд байгаа 5 сартай хүүхдийн төлөө би явъя, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө явъя, оюутны чинь төлөө явъя аа. Хүүхдээ асарч байгаа хүн, хөл хүндтэй ээжийн төлөө явъя. Тэд нийгэмд олуулаа атлаа асуудал шийддэг газар цөөнх болчихоод байгаа юм. Жирэмсэн эх найман сарын дараа хаана ямар төрөх эмнэлэгт очих вэ гээд нүүрээ улалзуулаад явж байна. Тэр хүмүүсийн төлөө явах ёстой. Ажил, амьдрал бүх юмаа хийсэн тэр ахмадуудыг төлөөлөх ёстой. Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийх ёстой ажил. Хамгийн сайн ардчилал бол гадаа үлдчихсэн цөөнхийнхөө эрх ашгийг хамгаалж, тэдний төлөө асуудал шийдэх явдал гэж байгаа. Түүнээс биш хэдэн улс төрчид орчихоод өөрсдийнхөө асуудлыг шийдэхийг бол муу ардчилал гэнэ. Муу ардчиллаас бид салгаж өгөх ёстой.
Та бүхэнд их баярлалаа.


















Уулзалт бүрийн мөрөөр ажил хийдэг
Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн :
-Манай хороонд Иргэдийн нийтийн хурал хүндрэлтэй асуудалтай байна. Юу гэхээр Иргэдийн нийтийн хурлыг бодит утгаар нь хийж чадахгүй байна. Дөрвөн жилд ганц удаа хуралдаад хорооны Засаг дарга болон Иргэдийн нийтийн хурлын даргаа сонгож байгаа юм. Энэ их учир дутагдалтай байна. Манай хороо 10 гаруй мянган хүн амтай, 1000 орчим өрхтэй. Тэгтэл 100 гаруй хүн хурал хийгээд өөр газрын хүнээр биднийг төлөөлүүлж ажиллаад байна. Бид сонгох, сонгогдох эрхээ доод шатандаа эдэлмээр байна. Энэ асуудал дээр анхаарч өгнө үү. Бас хогоо ил задгай асгадаг байдал багагүй гардаг. Хог ухдаг хүмүүс хог тарааж хаяж байгааг яах вэ?
-Уулзалт бүр цаанаа үр өгөөжтэй байдаг. Би аймаг, хотуудаар явсан уулзалтуудынхаа мөрөөр, иргэдийн тавьсан асуултууд, бичгээр гаргасан саналууд дээр тулгуурлан аймгийн засаг захиргаа, хурлын байгууллага, Засгийн газарт чиглэл өгч, түүний дагуу ажлууд хийгддэг юм. Өнөөдрийн энэ уулзалт ч тийм байх болно.
Хогтой холбоотой зүйл дээр хэлэхэд одоо хүн бүр утастай, бичлэг хийдэг болчихсон. Тэр хог хаяж байгааг нь бичээд авчирч өгсөн хүнд хэдэн төгрөгийн урамшил өгөөд, бичлэгийг нь сайтад байрлуулаад байдаг болчихвол асуудал шийдэгдэх болно. Тиймэрхүү маягаар явах ёстой юм билээ. Сингапур зэрэг газарт бохь зажлаад хаяхад л өндөр торгууль төлдөг шүү дээ. Нэг талаасаа бид хог хаяж байгаа асуудлыг иргэддээ ойрхон шийднэ. Нөгөө талаас хариуцлага алдаж байгаа нөхөдтэй тооцоо хийхээс өөр аргагүй. Ингэхэд хоёр талаасаа зөв болно гэж бодож байгаа.
Хог ухаж тараадаг улсууд байна гэж ярьж байна. Тэгвэл хогоо ангилж уутлаад тавьдаг болох хэрэгтэй. Ингэвэл шил түүдэг нь шилээ, өөр юм түүдэг нь түүнийгээ авна. Тэгээд тэд ангилсан хог шаардлагатай газар нь хүргэж өгдөг хүмүүс болчихно. Ангилахгүй нийлүүлээд нэг гялгар уутанд хийгээд хаядаг учраас тарааж хаяад байгаа юм. Яг Э.Бат-Үүл даргын хэлдгээр хог хийх уут нь өөр өөр өнгөтэй ч байж болно. Энд шил нь, энд ахуйн хог нь, энд ухах шаардлагагүй хог нь, энд хүнд хэрэггүй юм нь, энд цаас нь ч гэх юм уу, нэг иймэрхүү маягаар ангилчих юм бол болоод явчихна. Манайхан ийм байдал руу ер нь явчих байх.


Хан Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Батсуурь:
-Улаанбаатар хот зогсолтгүй өргөжин тэлж, утаа тортог улам бүр нэмэгдсээр байна. Харин нийслэл хотоо улам илүү сайхан өнгө жавхаатай болгохын тулд хотоо төлөвлөж хөгжүүлэхийн төлөө Ерөнхийлөгч та чухам юу хийсэн бэ? Мөн нийслэл хотынхоо төлөө ажиллаж буй хотын Засаг дарга, ИТХ-ын дарга нартаа баярлалаа гэж хэлье.
-Улаанбаатартай холбоотой асуулт асуулаа. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөө гэж Э.Бат-Үүл даргын хэлснийг би дэмжиж байгаа. Батлагдтал нэлээд ажил байгаа. Намайг 2005 онд Ерөнхий сайд байхад анх энэ асуудал босч ирж байсан. Ер нь цаашдаа Улаанбаатар нэг хот биш олон хот болох ёстой. Ихэнх гадаад оронд яваад очиход дүүргүүд хотын статустай байдаг. Баянзүрх хот, Сонгинохайрхан хот болох ёстой. Хотын захиргаа Сонгинохайрхан дүүрэг рүү нүүхээр болж байгаа. Үүнийг би том үлгэр жишээ гэж бодож байна. Нүүгээд тэнд очоод, газар төлөвлөлтөө хийнэ. Сонгинохайрханыхан бол азтай гэж бодож байна. Энд шаардлагатай байгаа үйлчилгээ нь эндээ үлдэнэ. Иймэрхүү маягаар л хот маань өргөн хүрээтэй тэлж, хөгжиж, энд ажиллаж байгаа удирдлагууд нь үлгэр жишээ үзүүлэх юм бол асуудлууд шийдэгдэнэ.
Улаанбаатарт эмнэлэг, сургууль, цэцэрлэг, төрөх, спортын талбай, ногоон байгууламжид газар өгье
Хан Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Болд:
-Нэг зүйлийг Ерөнхийлөгчид илэрхийлж, хоёр зүйлийг хүсэх гэсэн юм. Нэгд, хоёр жилийн өмнөх энэхүү уулзалтын үеэр Хан Уул дүүргийн иргэд танаас тусламж гуйж байсан. Чингисийн өргөн чөлөө дэх 0.9 га газрыг дээрэмдэхийг оролдсон тул бид хүсэлт гаргасны дагуу та дэмжлэг үзүүлсэн. Үүний дагуу нийслэлээс ногоон байгууламж баригдахаар болсон тул танд иргэдийнхээ өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлье.
Одоо хоёр хүсэлт байна. Эхлээд Хан Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт хуучин сувиллын 3 дугаар ясли гэж байсан. Гэтэл энэхүү барилгыг хувьчилж, өчигдөр 12 давхар барилгын суурь ухаад эхэлсэн. Хотын дарга бидэнтэй уулзахдаа энэ зурвас газрыг цэцэрлэгийн зориулалтаар байлгана гэж амласан.
Мөн Туул голын асуудал байна. Зайсангийн гүүрнээс Маршалын гүүрний хооронд хэдэн мянган бургасыг тайраад барилга барих гэж байна. Газар дээр нь очоод үзээч ээ.

-Өмнө нь хууль бусаар авах гэж байсан газарт одоо ногоон байгууламж байгуулах гэж байгаа хэллээ. Яг иймэрхүү маягаар асуудал шийдэгдээсэй гэж бодож байна. Би өмнөх Засаг даргад ч хэлдэг байсан. Одоогийн хүмүүст ч хэлж байгаа. Улаанбаатарт нэмж байшин барих газаргүй болжээ. Хаана байшин барьж болох вэ гэвэл гэр хорооллын дахин төлөвлөлт хийгээд тэнд байшин барьж болно. Нурж унах гэж байгаа байшингуудаа солиод, оршин суугчид нь зөвшөөрөх юм бол тэнд барьж болно. Улаанбаатарт одоо юу барихыг зөвшөөрч болох вэ гэвэл эмнэлэг, сургууль, цэцэрлэг, төрөх, спортын талбай, ногоон байгууламжид газар өгье. Ялангуяа нэгдүгээр тойрог, төвийн хэсэг рүү юм барихгүй гэж бодож байгаа.
Нэг сайн явж байгаа, үргэлжлэх ёстой ажил бол Улаанбаатарын урд талд, Туул голын наана Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэж хүмүүс их очдог газар бий. Үүнийг заавал хадгалж үлдэх ёстой. Энэ асуудлаар манай зөвлөх Л.Эрхэмбаяр, бид бүгдээрээ хууль санаачилж оруулж байгаа. Өмнө нь нэг зарлиг гаргаж хууль оруулаад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг хадгалж үлдсэн. Одоо үнэхээр нэг цэцэрлэгт хүрээлэн болгож хувиргая. Бүр хуультай болгоё. Ингэж байж Улаанбаатарын уушиг болсон, Улаанбаатарчуудын очдог нэг газартай болгоё. Өглөө очиж гүйдэг, орой очоод суучихдаг, амарчихдаг , өвөл тойроод цанаар явчихдаг, дугуйгаар явчихдаг, ах дүү, танил тал, гадна дотноос ирсэн хүмүүсээ аваачаад үзүүлчихдэг ийм нэг газартай болох байх.
Хан Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэн Лхагвасүрэн:
-Гурван асуулт байна. Ардчилсан Намын дээд байгууллагаас 2009 онд шинжлэх ухааны гавьяатаар тодорхойлуулсан ч шийдэгдээгүй байна. Ноднин дөрөвдүгээр сарын 6-нд улс төрийн дэмжлэг үзүүлсэн ч гацчихаад байна. Үүнийг шийдэж өгөөч ээ.
Хоёрт, манай Ардчилсан Нам төрийн гурван өндөрлөгт гарч, би хөдөө орон нутгаас төлөөлөгчөөр ирж байсан. Тэгэхээр намаа үүсгэн байгуулалцаж явсан хүмүүсийг бүртгээд, цахим үнэмлэх олгож болох уу?
Гуравт, “Улс төрийн их хэлмэгдэлт, сүм хийдийн хохирогчид” гэсэн ийм төрийн бус байгууллага байгуулсан. Цагаатгах ажлын  комисст УИХ-ын дэд дарга байдаг. Гэтэл Төрийн ордонд орж уулзах ямар ч боломж байдаггүй. Ингээд гацаа үүсгэчихдэг. Энэ асуудлыг шийдэх боломж байна уу?
-Шагнал, олон нийтийн байгууллага гээд асуулт асуулаа. Ер нь зарим нэг шилжүүлэх шаардлагатай эрх үүргүүдийг шилжүүлэх нь зөв гэж бодож байна.
Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Бираа:
-Та бүхэн олон зүйлийг сэдэж санаачилж байгаад баяртай байна. МАН-ын нөхдүүд саяхан Ерөнхий сайдыг огцруулах тухай ярих үеэр хоёр хөрштэй холбоотой болчимгүй зүйл ярьсан. Үүнд хариуцлага тооцох, эсвэл сануулахгүй бол хэтэрлээ. Мөн үүнийг Улс төрийн намуудын тухай хуульд тусгаж өгөх нь зүйтэй юм.
- Би санал нэг байна. Хоёр хөрш, бусад гадаад бодлого, аюулгүй байдалтай холбоотой зарим нэг асуудлыг зүгээр уулзаад суухдаа ч ярьдаггүй тийм зүйл байдаг. Үүнийг бид ярих газар нь, ярих албан тушаалтантай нь яриад явна. Хөршүүдтэйгээ хамтарч шийдэх, найрсаг харилцаагаа бэхжүүлэх, эдийн засгийн харилцаагаа идэвхжүүлэх асуудлуудыг эрчимтэй шийдээд явна. Үүний төлөө байгаа. Асуудал шийдэгдэх боломж бий. Шийдээд явж байгаа асуудлууд ч байгаа.
Босч байгаа байшин бүхнийг л нураана гээд хажууд нь лоозон бариад зогсоод байж болохгүй
Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Оюун:
- Би өнгөрсөн 22 жилд өмнөх Засгийн газар юу хийсэн бэ гэдгийг товч ярья. Миний ажил Таван шарын лабораторийн тэнд байдаг. Гэртээ харихдаа би хоёр километр орчим явна. Мөнгөтэй үедээ таксидаад заримдаа автобусаар явдаг. Гэтэл манай тэнд Магнай трейд, яг хойд талд нь Шунхлай Троллейбусны депогийн тэнд Магнай трейд, 21 дүгээр хорооллын буудлын хажууд Сод монгол, Петровис, Магнай трейд, Шунхлай гээд 7 бензин түгээх газар байна. Ямар түрдэг тэрэгтэй хүн худгаас ус авах гэж байгаа биш дээ. Машин гурван километрийн газраас бензинээ аваад явж болно биз дээ. Миний амьдарч байгаа газар тойроод 7 ийм газар байна. Манай өнгөрсөн төр, засгийн хийсэн ач буян энэ байх. Бас Чингис соосэ их сургуулийн эмнэлгийн хашаан дотор төрийн үйлчилгээний түргэн тусламжийн гэсэн хоёр давхар байшин, 9 давхар орон сууц зэрэгцүүлээд барьчихсан байгаа юм. Үнэхээр эмнэлэг барих газар олдохгүй байхгүй юм бол яахаараа эмнэлгийн хашаанд 9 давхар орон сууц барьдаг юм бэ. Зөвшөөрөлгүй барилгуудыг нураах яасан бэ?
-Энд нэг буруу газар барилга барьж байна. Нураа. Зогсоо гэлээ. Би бас нэг ийм хөдөлгөөн явчих вий гэдгээс айж байна. Хууль ёсоор газар, зөвшөөрлөө аваад бариад явж байгаа бол болох ёстой шүү. Үнэхээр олон нийтийн эрх ашиг зөрччихсөн, хууль бус юм байгаа бол хот, яам, агентлаг, бусад шалгадаг, үздэг хүмүүс нь үзээд зөрчлийг нь арилгуулдаг, болохгүй бол асуудлыг нь шийддэг ч юм уу, иймэрхүү маягаар хоёр талтай явах ёстой. Түүнээс биш босч байгаа байшин бүхнийг л нураана гээд хажууд нь лоозон бариад зогсоод байж болохгүй.
Архины тухай шинэ хуулиар олон зүйл эмх цэгцдээ орно
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо иргэн Энхбат:
-Өнөөдөр Улаанбаатарчуудын санааг зовоож байгаа нэг том асуудал бол утга учиргүй архидалт гэж хэлмээр байна. Архины асуудалгүй айл гэр ер нь бараг үгүй. Сүүлийн үед сонин хэвлэлээр арван жилийн хүүхэд хүртэл архидан согтуураад, эрүүлжүүлэгдсэн гэсэн мэдээ гарах болсон. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэг асуулт асуумаар байна. Нийслэлийн хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг архи, тамхигүйгээр зөв боловсон өнгөрүүлэх газрыг шинээр нээх, ашиглалтад оруулах талаар ямар нэгэн арга хэмжээ  төлөвлөж байгаа юу. Мөн үүнтэй холбоотойгоор нийгмийн бусад салбарт залуучуудыг дэмжих, хөгжүүлэх идэвхжүүлэх, залуучуудын талаарх төрийн бодлого хоцрогдож байна. Энэ талаар та юу бодож байна вэ?
-Архитай холбоотой баахан асуулт гарлаа. Архины чанга хууль хэрэгтэй байна гэж байгаа. Тамхины хууль гараад хэрэгжиж байна. Бид уушги хордуулдаг юмныхаа асуудлыг зохицуулж байх шиг байна. Одоо улсаа хордуулдаг юмнаас жаахан холдох шаардлагатай байгаа. Энэ авлига, хүнд суртал, архитай холбогдсон амьдралыг унагадаг зүйлүүд дээр маш сайн хууль бэлтгэгдэж байгаа. Дахиад жаахан хэлэлцүүлэг хэрэгтэй байна. Тэгээд энэ хуулийг гаргана. Архиар бие биеэ шахдагийг хууль бус зүйл гэж үзнэ. Төсвийн мөнгөөр архи авдгийг хууль бус зүйл гэж үзнэ. Архины худалдаалах цэг гээд олон зүйл эмх цэгцдээ орно. Архи худалдахгүй байх доод насыг ч зааж өгнө.
               
Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Оюун:
-Бат-Үүл даргыг есдүгээр сарын 1-нээс Архины эсрэг шинэ журам хэрэгжүүлээч гэж хүсмээр байна. 30-аас дээш насны хүмүүсийг бааранд байвал зөвшөөрнө. 30-аас доош насны байх юм бол оюутан сурагчдыг сургууль соёлтой нь ярьдаг болмоор байна. 70 мянган төгрөгийг нь хасах хэрэгтэй. Оюутнууд яахаараа тэнд үйлчлүүлээд байж байдаг юм. Ажил хийж байгаа бид бааранд ороход хэцүү санагдаад байхад. Баар цэнгээний газар та бүхэн ороод үзээрэй, дан залуучууд байна.
-Сая оюутны 70 мянга гээд ярилаа. Бүх оюутан бааранд ороод архи уугаад байгаа юм ерөөсөө байхгүй. Хэдэн задарсан, тэр 70 мянгаа хаана хийхээ ядсан, тийм л оюутнуудын асуудал. Би хувьдаа оюутнуудтай уулзахад ихэнх оюутан тэр мөнгөө өөрийнхөө сурлага, номд зөв зарцуулаад явж байгаа шүү гэж хэлдэг. Тэгэхээр болохгүй байгаа улсад нь ээж аав нь хэлээд анхаараад явахад энэ асуудал шийдэгдэх байх аа.
Байршлыг солих тул Багахангайнхан тайвуухан байж болно
Багахангай дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Баасансүрэн:
-Саяхан манай дүүрэгт Тамбов цэргийн химичид ТББ-аас 220 тонн химийн хорт хаягдал буулгачихлаа. Энэ асуудлаар иргэд хэлэлцэж, 100 хувийн саналаар хорт хаягдлыг байршуулахгүй хэмээн шийдсэн. Цэвэр усны нөөцтэй ойрхон байгаа хорт хаягдлын асуудлыг шийдэж өгнө үү?
-Багахангайтай холбоотой зүйлийг ярилаа. Монгол Улсад хэрэглэдэг, ашиглаад хаяж байгаа химийн шинж чанартай, удаан хадгалж нөөцлөхөд хэцүү, хаясан ч гэсэн үр дагавартай химийн бодис, янз бүрийн зүйлүүдээ хадгалдаг, зориулалтын дагуу хийдэг тусгай газар хэрэгтэй. Газар бүхэн муу хог хаягдлаа хаяж таарахгүй, ялангуяа химийн айхтар үр дүнтэй хаягдлыг газар бүхэн, байгууллага болгонд байлгаад байж болохгүй. Өнөөдөр эмнэлгүүд дээр цацраг идэвхт ч гэдэг юм уу, олон янзын юм байгаа. Багахангайнхны ярьж байгаа зүйлийг би сонсож байгаа. Усны эх үүсвэр гэж ярьж байгаа. Дээр нь Улаанбаатарын тэлэх ёстой газар гэж байгаа. Байршлын хувьд биш юм шиг байна. Тийм учраас Багахангайн тэр байршлыг солихоор ярьж байгаа. Ойрын үед энэ асуудал шийдэгдэнэ. Багахангайнхан тайвуухан байж болно оо.
Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны иргэн Бадамцэцэг:
-Гадаад руу олноор алдагдаж буй өнчин хүүхдүүдийн эрхийг хамгаалах асуудлаар төр засгийн хэмжээнд хамтран ажиллах хүсэлтэй байна.
-Өнчин хүүхдүүдтэй холбоотой асуудал гарлаа. Саяхан нэг хуульд өөрчлөлт орсныг мэдэж байгаа байх. Яг одоо асрамж шаардлагатай, асрах хүнгүй ахмад хүнийг асарч байгаа бол, өнчин өрөөсөн хүүхдийг асарч байгаа бол урамшуулал өгдөг болсон. Энэ бол зөв. Хоёр ахмад үлдчихсэн нэг ахмад нь нөгөөгөө харж байгаа бол бас тэр урамшуулалд хамрагдах тухай асуудал байгаа юм байна лээ. Энэ асуудал хуулиар шийдэгдэж байгаа гэдгийг хэлье.

Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хорооны өндөр настан Далай:
-Би Шарга морьтод буюу хотын ногоон бүсэд амьдардаг хүн. Ногоон бүсэд хүмүүс модыг нь унагаж хаячихаад байшин барьчихдаг. Үүнтэй холбогдуулан арга хэмжээ авч өгнө үү. Мөн өндөр хүчдэлийн шугам доор айл буулгах зөвшөөрөл өгөөд байна. Хуучин газрын албаны нөхөд зөвшөөрөгдөхгүй газар айл буулгачихаад тэгээд тэднээсээ татвар татаад байна. Энэ асуудлыг судлан үзэж арга хэмжээ авч өгнө үү. Гуравдугаарт нь хуучин дарга нар Сэлбийн голыг хотын дундуур урсгаж сайхан болгож өгнө гэж төсвөөс долоон тэрбум төгрөг гаргаж ажил хийсэн. Энэ асуудал юу болов. Сэлбийн голын эхээр маш олон айл буугаад хашаа болгондоо гүний худаг гаргаад одоо усны урсацгүй боллоо. Байгаль орчны асуудалд сөргөөр нөлөөлж байна. Үүний хотын удирдлагууд анхаармаар байна. Бас ашигт малтмал ашигласан компаниуд нөхөн сэргээлт хийхгүй байна
-Нөхөн сэргээлт хийгдэхгүй, нөхөн сэргээлтийг шийдэхгүй тийм уул уурхайн ашиглалтын асуудал цаашид гарахгүй. Үүнийг шинэ хуулиар зохицуулж өгнө. Бусад асуудлыг нийслэл дээр ярилцах байх.
Махны үнийн хөөрөгдөлтийн асуудлыг зогсоож болох юм байна
Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэн Өлзийбат:
-Өнөөдөр Ерөнхийлөгч нийслэлийн иргэдтэй уулзаж байгаад баярлаж байна. Надад нэг санал хүсэлт байна. Өнөөдөр нийслэлийн хэмжээнд махны үнэ 10000 төгрөг давчихлаа. Нөөцийн махны худалдаа үр дүнтэй болж чадахгүй байна. Гэтэл Монгол Улс өнөөдөр 50 сая малтай. Социализмын үед 25 сая малтай байсан ч махны үнэ ингэж хөөрөгдөж байсныг бид үзээгүй юм. Тиймээс хөдөө аж ахуйн талаар төрөөс тодорхой хууль гаргах шаардлагатай, яагаад гэхээр 50 сая мал махны үнийг хөөрөгдөж байна. Газар нутгийг талхалж байна. 50 сая малын 25 саяыг шууд хөдөөгөөс зах зээлд нийлүүлэх ийм хуультай болгомоор байна. Тэгвэл махны үнэ хямдарна. Ноос ноолуур нь борлогдоно, үйлдвэр хөгжинө, зуд болохоор өдий төдий мал хорогддог, малын арьс шир ямар ч хэрэгцээгүй хаягддаг шүү дээ. Энийг ямар хуулиар зохицуулах вэ гэдгийг бодоод мал өссөний үр дүнг ард түмэн яаж хүртэх ёстой гэдгийг хуульчилж өгвөл ямар вэ гэсэн санал байна. Танд амжилт хүсье.
-Махны үнэтэй холбоотой асуудал гарлаа. Сонгууль явах гээд, энэ Засгийн газар байгуулагдах гээд, мөнгө төгрөг нь шийдэгдэх гэсээр байгаад махтай холбоотой асуудалд оройтож арга хэмжээ авсан. Одоо би Ерөнхий сайдтай уулзахдаа махтай холбоотой асуудлыг найм, есдүгээр сар гэхэд хэлэлцэж мөнгийг нь гаргаж бэлдүүлэх хэрэгтэй гэж хэлэх гэж байна. Үнэ нь буурчихсан, уначихсан, мал мах хямдхан байдаг үед бэлдэх хэрэгтэй. Тэгэх юм бол махны үнийн хөөрөгдөлтийн асуудлыг зогсоож болох юм байна. Хямдруулж болох юм байна. Өнөө жилийн хүрч байгаа үнийн түвшинг дараа жил хадгалж болох юм байна. Буулгах ч боломж байх юм байна гэдэг нь харагдаж байгаа шүү.
Өмнө нь ямар их сэтгэлгүй байсныг Д.Баттулга дарга мэдэж байгаа. Нэг баахан мах хөгцөрч актлагдсан биз дээ. 58 машин мах шүү дээ. Багахангай дээр хөгцөрсөн махаар иргэдэд өгөх ёстой сайн махыг солиод хаячихсан тохиолдол гарсан. Одоо бол ийм зүйл байхгүй. Өмнө нь 16 мянган тонн мах бэлтгэдэг байсан. Одоо 12 мянган тонн бэлтгээд, ерөнхийдөө шинэ мах гарах хугацаатай залгах бүрэн боломжтой гэж Засгийн газар тооцоо хийсэн байна лээ. Дээрээс нь мах, өргөн хэрэглээний барааны үнэтэй холбоотой мэдээлэл бүх албан тушаалтны утсанд ирж байгаа. Одоо мах, гурилын үнэн дээр алддаг албан тушаалтан гарахааргүй болж байгаа. Байнгын анхаарал дор байгаа. Хамгийн өндөр үнэтэй, цагаан захтнуудын мах худалдаж авдаг Меркури зах дээр өнөөдөр үхрийн шулсан кг мах 11500 төгрөг байгаа. Зарим газар 9000, 10000 төгрөг гээд махны төрөл, зүйлээсээ болоод өөр өөр үнэтэй байна лээ. Би үүнийг өглөө харсан. Та нарыг босч ирээд махны үнэ асуувал хэлэх ёстой гэж бодож байсан юм. Мах бэлтгэлийг оройтож эхлүүлсэн. Одоо энэ жил цаг хугацаандаа асуудлаа шийдэх ёстой.
Эмнэлгүүдийг өөд татъя гэвэл гурван зүйл хэрэгтэй юм билээ
Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны иргэн эмч Алиманцэцэг:
- Ерөнхийлөгчид хандан хэлэхэд өнөөдөр Монгол Улсад улсын хэмжээгээр хор, хор судлалын тухай асуудал үнэхээр байхгүй байна. Хор судлах лабораторийн асуудал байхгүй байна. Энэ чиглэлээр цэргийн эмнэлгийн дэргэдэх үндэсний яаралтай тусламжийн төвийг 1989 онд би анх үүсгэн байгуулсан. Үүний дараа Украины Шинжлэх ухааны академийн нэр дээр Чернобылийн атомын цахилгаан станц дэлбэрсэн газар дээр эрдэм шинжилгээний судалгааны ажлыг хоёр улсын Засгийн газрын шугамаар хийж байсан. Харамсалтай нь Засгийн газрын гэрээ цуцлагдсанаар хамгаалагдаж чадаагүй. Монгол Улсын цацрагт идэвхт бодисын судалгаа, хүн амын эрүүл мэндэд нөлөөлөх нь гэсэн их том судалгааны ажил байсан. Айванхоу майнзын 1300 метрийн гүний уурхайд ажиллаж байгаа 25-32 насны 100 гаруй залуучууд уурхайн гүнд битүү орчинд ажиллаж байна. Энд монгол эмчийн ямар ч хяналт байхгүй. Өнөөдөр улсын хэмжээгээр байдаг яаралтай тусламж, цэргийн эмнэлэг, мэргэжлээс шалтгаалах деспансер, мэргэжлийн эмч учир дутагдалтай байна. Бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөх зайлшгүй шаардлагатай байна. Би энэ асуудлаар 30 жил хөөцөлдөж байна. Шинжлэх ухааны салбар дээр ч, эрүүл мэндийн салбар, яам, сайд, дарга, Ерөнхий сайд дээр хүртэл орж байсан. Юу ч биелэгдээгүй 30 жилээ алдсан байгаа юм. Өнөөдөр уул уурхайн хөгжил Монгол орныг хөгжүүлэх чухал салбарын нэг. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийн эрүүл мэнд байг гэхэд осол маш их байна.
-Эм, хүнстэй холбоотой асуудал гарч байна. Хүнсний аюулгүй байдал, эмийн аюулгүй байдал гэдэг бол үнэхээр анхаарах шаардлагатай асуудал. Би өмнөх Засгийн газар, энэ Засгийн газрыг байгуулагдахад ганц юм шаардаж байсан. За та нар олон яам, агентлаг хэрэгтэй л гээд байна. Эм, хүнсний аюулгүй байдлыг хянадаг байгууллага, агентлаг аль ч улс оронд байдаг юм шүү. Үүнийг хянахгүй бол хүмүүсийн эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, улс орны аюулгүй байдал, ард иргэдийн аюулгүй байдал хэцүү болно гэж. Үүн дээр УИХ, Засгийн газар санаа тавьж шийдэх байх аа. Энэ бол шийдэх шаардлагатай зүйл байгаа юм. Эмнэлгүүдийг өөд татъя гэвэл гурван зүйл хэрэгтэй юм билээ. Барилгыг нь, лаборатори, тоног төхөөрөмжийг нь орчин үеийн хэмжээнд шийдэж өгөх хэрэгтэй. Дээр нь эмч, сувилагч нарыг бэлтгэдэг, солилцдог, мэргэшүүлэх асуудлыг өндөр хэмжээнд шийдэх хэрэгтэй. Ингэвэл асуудлуудыг шийдэх боломжтой. Үүн дээр чиглэл чиглэлээрээ анхаараад явах байх аа.
Энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд асуудлыг шийдэж чадах байх
Баянзүрх дүүргийн иргэн Батсүх:
-Газрын зохион байгуулалтын асуудлаар саналаа хэлье. Баянзүрх дүүргийн газрын алба 143 мянган га газарт, 278 мянган хүн амд газрын зохион байгуулалтын үйл ажиллагааг явуулдаг. Гэтэл өнөөдөр 28 хорооны дунд тавхан газар зохион байгуулагчтай. Нэг газар зохион байгуулагч өдөрт 50-60 хүнтэй уулздаг гэсэн судалгаа гарсан. Тэгэхээр газар зохион байгуулалт хуулийн дагуу явах боломжгүй болсон. Үүнийг анхаараач гэж хэлэх гэсэн юм.
Мөн ямар ч зөвшөөрөлгүй газар аваад барилга барьсан тохиолдолд үүнийг хураах талаарх заалт Газрын тухай хуульд огт байхгүй байна. Үүнийг анхаарч хуулиа шинэчлэх хэрэгтэй байна.
-Газрын хууль гэж Э.Бат-Үүл дарга сая хэлсэн. Энэ хууль санаачлагдаад явах байх. Тэнгэрт ярьдаг байсан энэ зүйлийг одоо газарт буулгаж Газрын хуулиар асуудлыг зохицуулах ёстой. Монгол Улсын нийслэлээс холдох тусам, магадгүй газар нутгаа гурван бүсэд хуваагаад хамгийн зах хязгаарт байгаа хүн илүү газар авах боломжтой. Тэрнээс наашлахаар арай багасдаг ч юм уу, иймэрхүү боломжууд гаргамаар байгаа юм. Нийслэлдээ байгаа алга дарам газрыг булаацалдах биш, улс орон даяар газрын өмчлөл, хувьчлалын асуудлыг их зөв шийдмээр байгаа юм. Өмнө нь гэр бүлд гээд газрын хувьчлалыг шийдсэн нь буруу болчихсон. Хэндээ өгөхөө мэдэхгүй, ерөөсөө газрын хувьчлалыг зогсоосон ийм зүйл болж хувирсан юм. Үүнийг зөв шийдэхийн тулд УИХ-ын гишүүд судалж байгаа байх. Гэхдээ маш их бэлтгэл хэрэгтэй. Энэ УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд асуудлыг шийдэж чадах байх гэж бодож байна.
Бидний буруу зөвийг ярьдаг юм заавал байх ёстой
Сонгинохайрхан 11 дүгээр хорооны ИНХ-ын төлөөлөгч Бадарч:
-Д.Баттулга даргаас асуухад хорооны иргэдийн Хурал, хорооны Засаг даргыг сонгох сонгууль бол 300 хүн ирээд 100 нь саналаа өгөөд сонгочихож байгаа юм. Үүнийг хуулийн дагуу боловч би буруу гэж үзээд байна. Яагаад гэхээр иргэдтэй уулзахад чамайг хэн сонгосон юм бэ. Чи хэн бэ гэж асуугаад байгаа. Тэгэхээр дээд шатныхаа сонгуультай цуг хийж болохгүй юу. Том дарга нар, ИХ-ын гишүүдийг болохоор бүгдээрээ дугуйлдаг. Хамгийн ойрхон ажиллах дарга юм уу, төлөөлөгчөө болохоор сонгож болдоггүй ямар хууль вэ?
Ерөнхийлөгчөөс асуухад энэ олон телевизүүд дунд чинь ёс зүйгүй, буруу ташаа мэдээлэл цацдаг телевизүүд байна шүү. Даргыгаа өмөөрдөг, ард иргэдийн тархийг угаадаг худлаа мэдээлэл цацдаг энэ асуудалтай яаж тэмцэх вэ. Ял эдэлж байгаа хүнээ дарга гэчихээд Ерөнхийлөгч нь үг хэлж байхад чи битгий худлаа яриад бай гэж хэлж байгаа ард түмний дундаас биш намын нэрийн цаагуур шургаж гарч ирсэн нэр бүхий Их Хурлын гишүүд ичээсэй. Засаг даргаас асуухад манай нийслэл өнгөө засаад гоё болохоор төлөвлөж байгаа нь маш сайшаалтай. Гэхдээ хэзээнээсээ монголчууд алс холыг газрыг хос морьтой туулдаг байсан учраас миний санал бол энэ Багануур, Налайх энэ тэрийг хөгжүүлнэ гэж яриад байгаатай санал нийлэхгүй байгаа юм. Бүр Орхоны хөндий ч юм уу, эсвэл бүх талаасаа ард иргэд нь хүрэлцэн ирэхэд төв нь болох тэр эртний нийслэл байсан түүхтэй газраа шинэ нийслэл байгуулж болдоггүй юм уу. Парламентын ордон, метро, хурдны замаа байгуулж болохгүй юу.
-Надад хандаж асуусан асуултад хариулъя. Янз бүрийн телевизүүд янз бүрийн юм гаргаж тархи, толгой угааж байна гэлээ. Би үүнтэй санал нийлдэггүй юм. Миний толгойг угааж байна. Буруу мэдээлэл өгч байна. Хүн гүтгэж байна гэдгийг мэдэж л байгаа бол тэр чинь гоё, тэр чинь сургалт байхгүй юу. Дандаа сайн талын мэдээ, дандаа нэг юм очоод байвал явахгүй. Ёс зүй, хариуцлагаа өөрсдөө л ойлгоно биз. Хэвлэл, мэдээллийн байгууллагууд өөр өөрийн ёс зүйн дүрмээ мөрдөөд үзүүлдэг харуулдаг юмаа үзүүлж байх хэрэгтэй. Манайд болохгүй байгаа юм хүртэл эргээд иргэдэд сургамж болоод байгаа юм. Энэ чинь болдоггүй юм байна. Энэ чинь муухай юм байна гэж ойлгож байна гэдэг чинь ардчилал байхгүй юу. Энэ бүр нээлттэй байх ёстой. Шүүмжлэл бүр сайн байх ёстой. Бидний буруу зөвийг ярьдаг юм заавал байх ёстой юм. Ер нь сайн нялуун магтаалаас шударга шүүмжлэл илүү дээр байдаг. Заримдаа гүтгэсэн байлаа ч хамаагүй. Гүтгэлэг дээр эмзэглэх байсан бол бид юу гэж улс төрд ийм олон жил явах вэ дээ.
Гэрээр хүүхэд харах үйлчилгээг бичил цэцэрлэг ч гэж болно
Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Б.Ганбаатар:
-Би 240 хүүхдийн цэцэрлэгийн 4 холболтын суурь хийх тендерт шалгарсан юм. Би өөрөө барилгын зөвлөх инженер хүн. Гэтэл 240 хүүхдийн нормд таарсан газар байхгүй байна. Энэ стандартад таарсан газрыг олгомоор байна. Хоёр айлын газрыг чөлөөлж энэ газрыг бүрэн бүтнээр нь олгож өгөхийг хүсье. Эндээс нэг уриалга гаргамаар байна. Гэр хорооллуудад сургууль, цэцэрлэг ихээр баригдана. Иймд тухайн оршин суугчдын зүгээс болон хотын захиргааны зүгээс идэвхтэй оролцохыг уриалж байна. Бас цэцэрлэгийн хүрэлцээ, хангамжид анхаармаар байна.
-Цэцэрлэгийн хүрэлцээг хангах нэг боломж байна. Гэрээр хүүхэд харах үйлчилгээг бичил цэцэрлэг ч гэж нэрлэж болохоор юм байна гэж бодоод сууж байлаа. Өвөө эмээ нар таван хүүхэд хараад байж болно. Хоёроос таван настай хүүхдийн картад хувьсах зардлыг нь хийчихье гэж байгаа юм. Тэр карт хэдийд ажиллах вэ гэхээр хүлээн зөвшөөрөгдсөн цэцэрлэгийн үйлчилгээнд хүүхэд хамрагдсан тохиолдолд. Тэрнээс биш хоёроос таван настай хүүхдээ гэртээ цоожилчихоод л мөнгийг нь аваад байна гэж битгий бодоорой. Хүлээн зөвшөөрөгдсөн гэрээр хүүхэд харах үйлчилгээ юм уу, бичил цэцэрлэгт хамрагдсан, ажлын газрынхаа дэргэдэх цэцэрлэгт хүүхэд нь явж байгаа бол авна. Цэцэрлэгтэй холбоотой асуудал Монгол Улсад ойрын хоёр гуравхан жилийн дотор бүрэн шийдэгдэх боломжтой. Энэ шийдэгдвэл цаана нь хэчнээн олон хүний цаг, хэчнээн олон хүүхдийн аюулгүй байдал, эрүүл өсөх орчин хангагдах вэ гэдэг чухал байгаа юм.
Би хийхээ ярьж, ярьснаа хийдэг хүн
Ерөнхийлөгчид бичгээр бас олон асуулт ирүүлсэн тул тэдгээрт хариу өглөө.
“Намайг шүүмжилдэг. Та их ярьж, бага хийж байна ч гэх мэтээр. Үүнийг би хүлээж авч байгаа. Тэгэхдээ би нэг зарчим хэлмээр байна. Би хийхээ ярьдаг. Ярьснаа хийдэг хүн. Ярьсан л бол хийхийн төлөө явна. Тэндээс үр дүн гарна.
УБХ-ын гишүүн байхад Үндсэн хууль батлалцсан гээд хоёр өрөө байр өгч байсан. Та түүнийгээ яасан бэ гэж асуужээ. Манай “Хонх”-ны Цогтсайханы ар гэр байр хүсээд би тэр байраа тэднийд шилжүүлсэн. 
Залуучуудын чөлөөт цаг өнгөрөөхтэй холбоотой сая нэг сайхан санаачилга гарсан. Би түүнийг дэмжиж байгаа. Ер нь спорт, хөлбөмбөгийг дэмжих ёстой. Сум бүхэн хөлбөмбөгийн талбайтай, томоохон дүүргүүд, томоохон хотууд хөлбөмбөгийн ордон, заалтай болъё. Түүнийгээ спорт, уулзалт, соёлын арга хэмжээндээ ашигладаг болох хөдөлгөөнийг өрнүүлж байгаа. Эхний хоёр талбай Баянхонгор аймгийн хоёр суманд баригдахаар болсон байна. Энэ хөдөлгөөнийг бүгдээрээ дэмжин өрнүүлье. Төгссөн сургууль, төрсөн сумандаа нэг юм хийе гэж хүн бүр боддог. Наад зах нь хөлбөмбөгийн талбай байгуулж өгөөд л явах нь том ач гавьяа шүү. Хүн жаахан бодоод л хийх юм бол Монголд ямар ч асуудлыг шийдэх боломж бүрдсэн байгаа гэдгийг хэлье.
Иргэн ч, дарга ч, Ерөнхийлөгч ч нэг саналын эрхтэй
Сонгууль, санал өгөхтэй холбоотой нэг асуулт байна. Энд нэг л зүйл хэлье. Ан Сан Су Чи гэдэг гайхалтай эмэгтэй хэлж байсан. Сонгуулийн үед Ерөнхийлөгч ч адилхан, жирийн иргэн ч адилхан нэг эрхтэй болдог юм. Яагаад гэвэл хоёулаа нэг саналын эрхтэй байдаг юм гэсэн. Үнэхээр 18-аас дээш насны хүн бүхэн яг ижилхэн. Хурлын дарга Баттулгад та нараас илүү эрх байхгүй. Энэ хүн нэг л санал өгнө. Бат-Үүл нэг санал, би нэг санал өгнө. Ямар учраас залуучуудын асуудал шийдэгдэхгүй байна. Ямар учраас би тэр хүмүүсийн өмнөөс ярьдаг болчихов гэвэл уг нь ганц би тэдний өмнөөс ярих биш, тэдний өмнөөс энэ сонгогдож байгаа бүх хүн ярих учиртай. Залуусын асуудал шийдэгддэггүй гэдэг нь дөчөөс дээш настай, голдуу ахмад хүмүүс сонгуульдаа маш идэвхтэй оролцдог. Залуучууд сонгуульдаа оролцдоггүй. Тийм учраас залуу гэр бүлийн асуудал шийдэгдэхгүй байна. Тийм учраас оюутны төлөө хүн ярихгүй байна. Тийм учраас залуу ээжүүдийн асуудлыг ярихгүй байна. Тийм учраас оюутнууд сургууль төгсөөд ажилд орох тухай асуудлыг ярихгүй байна. 18-аас дээш насны залуучууд 100 хувь очоод саналаа өгдөг байх юм бол улс төр, сонгуульд оролцож байгаа бүх хүн залуусын төлөө ажил хийж, амлалтаа биелүүлэхийн төлөө явна. Тэгэхээр санал бол их чухал шүү. Хаанаа өгөх нь та бүхний эрхийн асуудал.
УИХ-ын зарим гишүүн энд харагдсан. Улаанбаатараас сонгогдсон УИХ-ын гишүүдийг өнөөдөр урьсан юм. УИХ-ын гишүүн бүхэн иймэрхүү маягаар уулзалт хийж байгаасай. Дүүрэг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид иргэдтэйгээ заавал уулзаж байгаач ээ. Бат-Үүл дарга тав дахь өдөр бүр иргэдтэй уулзаж байхаа хэллээ. Мэдээж ажилтай л байх байх. Гэхдээ тодорхой цаг гаргаад иргэдээ хүлээж авч байя гэж байна.
Ажилтай болгох сайн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа
Сая уулзалт дээр ярьсныг 100 хувь асуудал гэвэл бараг 80 хувь нь иргэд, орон нутгийн засаг захиргаатай холбоотой зүйл яригдлаа.
Надад хаягласан хоёр гурван асуултад бас хариулъя. Ажлын байртай холбоотой асуусан байна. Би түрүүн хэлсэн. Ажлын байрны асуудлыг шийдэхэд нөгөө үйлдвэрлэгчдээ, нөгөө дотооддоо юм хийж байгаа улсаа дэмжих хэрэгтэй. Төсвийн мөнгөөр гаднаас юм худалдаж авдаг биш, дотроосоо авдаг болох хэрэгтэй. Гаднаас авдгийг нь хориглох юм бол Монголд олон ажлын байр бий болно. Нэг сайн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ Засгийн газрын үед нэг хэрэгтэй яам байгуулагдсан. Тэр нь Хөдөлмөрийн яам. Хүний ажлыг хариуцсан бүхэл бүтэн яам бий болсон. Санжмятав сайдаас би долоо хоног бүхэн мэдээлэл авч байдаг. Маш сайн мэдээлэл өгч байгаа. Насанд хүрэгчдийг сургах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа юм билээ. Хуучин 10 сар байсан, одоо таван сар болгоод л, хоёр сард нь онол, гурван сард нь дадлага байгаа. Манайхан 40-өөс дээш настай болохоор намайг ажилгүй болголоо. Авахгүй байна гээд байдаг. Одоо бол цоо шинэ мэргэжил эзэмшүүлээд, өмнө байсан мэргэжил дээр нь жаахан шинэ юм нэмээд л ажилтай болгох, зуучлах юм билээ. Тэгэхээр энэ бүхэнд хамрагдах ёстой. Цаашдаа мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг дэмжиж өгөх хэрэгтэй. Дотооддоо манай иргэд хариуцлагатай, мэргэжилтэй болоод сайн ажил хийгээд байвал гаднаас заавал олон хүн аваад байх шаардлагагүй болно.
Хүмүүсийн нүдийг нээх, хүмүүсээ бэлтгэх ажлуудыг
төр илүү анхаарч ажиллах хэрэгтэй
Багш эмч нартай холбоотой хоёр асуудал ирсэн байна лээ. Бид нар сургуулиа өөд татъя гэвэл багшдаа туслах хэрэгтэй. Эмнэлгээ өөд нь татъя гэвэл эмч нартаа туслах хэрэгтэй. Цаашдаа солилцооны хөтөлбөрийг маш өргөнөөр хийх хэрэгтэй. Энэ бол маш сайн гэж бодож байгаа юм. Нэг сар яваад өөрийнхөө чиглэлийн сургуульд юм уу, гадны сургуульд очоод зааг л дээ. Нэг хүн гайхаад байсан. Солонгос, англи хэл мэдэхгүй багш очоод математик заасан чинь тэр Солонгосын сургуулийн сурагчид маш сайн ойлгосон юм байна. Тэр математик заахад заавал солонгос хэл хэрэггүй юм байна лээ. Зүгээр л тэр багшийн заах арга бүх зүйл нь ойлгогддог юм байна шүү дээ. Эмч бас яг тийм байна гэж байгаа юм даа. Тэгэхээр зургаан сар, нэг жил курст сургаж тэр хүмүүсийн нүдийг нээх, хүмүүсээ бэлтгэх ажлуудыг төр илүү анхаарч ажиллах хэрэгтэй. Ингэж чадвал энэ ажил явах юм. Дээрээс нь би Санжмятав сайдад нэг юм хэлсэн. Монголчууд чадалтай, боломжтой залуучуудаа гадагшаа явуулдаг биш, харин чадалтай боломжтой залуучуудаа гаднаас ирүүлдэг компани байгуулъя. Тийм төрийн байгууллага байгуул. Хөдөлмөрийн яам ийм ажил хий. Гаднаас ажиллаж байгаад хүрч ирж буй хүмүүсдээ ажлын байрыг нь зуучилдаг, аж ахуйн нэгж байгуулахад нь зуучилдаг ажлыг хийх хэрэгтэй.
Та дахин нэр дэвших үү, дэвшвэл ямар зарчим баримтлах бодолтой байна
Ардын намын нэр дэвшигч тодорч байх шиг байна. Та дахин нэр дэвших үү, дэвшвэл ямар зарчим баримтлах бодолтой байна гэсэн байна. Энэ асуудал одоо удахгүй шийдэгдэх байх. Миний ойрын үед баримтлах гурван зарчим байгаа. Энэ зарчим цаашдаа ч байх хэрэгтэй гэж бодож байна. Хийж байгаа ажлаа замын дунд хаяж болохгүй. Одоо бол зогсох цаг биш, одоо бол цаашаа эрчтэй үргэлжлүүлж, үр дүнг нь үзэх цаг. Ийм нэг зарчим байх хэрэгтэй гэж би хувьдаа бодож байгаа. Хоёр дахь зарчмыг би нэлээн ярьсан. Одоо бол хийдэг бүтээдэг цаг. Одоо бол талцаж, улс төржиж бие биеийнхээ ажлыг унагадаг цаг биш. Одоо бол юм хийх гэж байгаа Засгийн газрыг дэмждэг цаг. Юм хийх гэж байгаа аймаг, нийслэл, сумын удирдлагыг дэмждэг цаг. Юмыг нь хийлгэдэг цаг. Бид 20 жил юм хийлгүй ярьж, улс төржиж хойшоо татлаа. Одоо бидэнд энэнээс цааш явах хугацаа алга. Тэгэхээр бид хийж бүтээдэг цаг. Сонгуульд нэр дэвших юм бол миний барих зарчим ойлгомжтой. Хүн муулахгүй, өөрийгөө өмөөрөхгүй явна гэж бодож байгаа.
Улс төржилт, улс төрийн намтай холбоотой асуудал ирсэн байна. Миний нэг барих зарчим бол улс төрждөг, бие биеэ улнаас нь хойш нь чангаадаг ийм зүйлийг зогсоох шаардлагатай. Улс төрийн намын хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Ажлын хэсэг нь гараад ажиллаад, судлаад явж байгаа юм байна лээ.
Архигүй соёл улам дэлгэрээсэй гэж бодож байгаа
Архитай тэмцэх Үндэсний нийгэмлэгийн тэргүүн Цогтсугар гуайгаар аль нэг телевизээр орой болгон нэг цаг яриа хийлгүүлэх боломж байна уу гэж асуусан байна. Манай энэ архитай тэмцэж байгаа улсууд, энэ чиглэлээр явж байгаа архинаас гарч байгаа, ээжийнхээ өмнө тангараг өргөж байгаа хүмүүс, архигүй хурим, архигүй төгсөлт, архигүй наадам, архигүй баяр гээд маш олон сайхан юм хийж байна. Энэ соёл улам дэлгэрээсэй гэж бодож байгаа. Энэ үйл ажиллагаанд залуучууд, Цогтсугар гэдэг хүн маш их хувь нэмэр оруулж байгаад би их баярлаж байгаа.
Хүний наймаатай маш сайн тэмцэх хэрэгтэй шүү гэж байна. Ерөнхийлөгч Баян-Өлгий аймагт явж байхдаа ямааны мах, казах хүн хоёрт дургүй гэж хэлсэн гэж казах иргэдийн дунд яригдаад таны нэр хүндийг унагаагаад байна. Энэ үнэн үү гэж Налайх дүүргийн гуравдугаар хорооны иргэн асуужээ.
Тийм юм байхгүй ээ, тэр өөрийнхөө иргэдэд дургүй Засаг дарга байсан байж магадгүй. Нэг тийм хариуцлагагүй, улс төржсөн Засаг дарга тийм яриа тараасан байгаа юм. Бас нэг хариуцлагагүй нэр дэвшигч тараасан байгаа юм. Юу гэж казах ч бай, монгол ч бай, иргэддээ дургүй Ерөнхийлөгч байх юм бэ. Тийм зүйл байхгүй ээ. Казанд дургүй гэж бүр худлаа, би бол тэр каз, адуу, ямааны маханд нугасгүй шүү дээ. Ийм нэг хоёрын хооронд юмаар нөгөө талаа унагаж оноо авах гэсэн юм явцгүй гэдгийг хэлмээр байна.
Шүүхээр тогтоогдсон эдийн засгийн хохирлыг
заавал төлүүлдэг байх хэрэгтэй
Би үүнийг зарчим болгож шинэ хуульд орох ёстой гэж бодож байгаа. Эдийн засгийн холбогдолтой гэмт хэрэгт, авлигад холбогдсон хүмүүс байна. Өнөөдөр  мөнгө хүчтэй хэвээрээ л байна. Зарим газар эдийн засгийн шинжтэй гэмт хэрэг хасагдаад явж байгаа ийм зүйл ч их байна. Зовлонтой юм байна. Гэхдээ шүүхээр тогтоогдсон эдийн засгийн хохирлыг заавал төлүүлдэг байх хэрэгтэй. Тэр Мэндбаяр гээд Хадгаламж зээлийн хоршооны захирал шоронд сууж байгаад гарсан. Тэр нөхөр бол шүүхээр тогтоогдсон мөнгөө төлөх шүүхийн шийдвэртэй байгаа. Насан туршид нь энэ шийдвэр дагах ёстой. Тэрнийхээ хойноос шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар явах ёстой. Үүнийг бид заавал хуульчилж өгөх ёстой. Ууж идсэн гээд байгаа нөхдүүдээс эхлээд мөнгийг нь салгаж улсын орлого болгох ёстой. Тэр жил сарыг тусад нь шийдэх хэрэгтэй.
Хоёр дахь нэг асуудал бол авилга өгсөн авсан хоёрыг хамтад нь шийтгээд хэрэггүй гэжээ. Одоогийн Хууль зүйн сайдын оруулж байгаа шинэ хуулиар хүний хүч, албан тушаалтны хүчинд дийлдээд ажлаа аргагүйн эрхэнд бүтээлгэх гэж авилга өгсөн хүн хэргээ хуулийн дагуу хүлээх юм бол тэр хүнийг хуулийн хариуцлагаас чөлөөлдөг болж байгаа. Харин ч урамшуулдаг болох хэрэгтэй. Ийм байдлаар авилгын асуудал цаашдаа шийдэгдэнэ.  Цаашаа сайн жишиг болоод явахаар болж байгаа шүү гэдгийг хэлье.
Төрийн албан хаагчдын халаа сэлгээний асуудал дээр
хуульд өөрчлөлт оруулна
Төрийн албан хаагчдын суурьшил, халаа сэлгээний асуудал дээр цаашдаа Төрийн албаны хуульд өөрчлөлт орно. Цаашдаа сайн ажилладаг төрийн албан хаагч хууль, төрийн албаны шалгуурын дагуу дэвшээд явдаг байх ёстой. Үүнийг олон улсын жишгээр гаргана. Баталгааг нь хангана. Тухайн хүний чадвар, мэдлэг, мэргэжил, ёс зүй гэдэг гол шалгуур болно. Түүнээс намын гишүүн гэдэг гол шалгуур байж болохгүй гэсэн хуулийг гаргахаар бэлдэж байгаа.
Бид даргын засаглалаас хуулийн засаглалд шилжих гэж байна
Төгсгөлд нь хууль шүүхтэй, хотын асуудалтай холбоотой хэдэн асуулт ирсэн байна. Шүүхийн шинэчлэлийн шинэ хуулиуд дөнгөж дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлж байна. Хууль, шүүхийн шинэчлэлийн хүрээнд бүрэн утгаараа хэрэгжих 20 орчим хууль бий. Үүний дөнгөж зургаа нь батлагдсан. Энэ ажлууд үе шаттай хийгдэж байна. Бүрэн хэрэгжтэл тав зургаан жилийн ажил байгаа. Бид даргын засаглалаас хуулийн засаглалд шилжих гэж байна. Энд хэн гэдэг хүн Ерөнхийлөгч, дарга, сайд байснаас үл хамааран хууль дээр юу гэж байна,  тэр дагуу л хэрэгждэг болох хэрэгтэй байгаа юм. Ийм улс болж байж Монголын ард түмэн аз жаргалтай, Монгол Улс сайн улс болж хувирна. Шүүх дээр гаргаж байгаа бүх шийдвэр бүгд нээлттэй болсон. Энэ бол гайхамшигтай зүйл шүү. Одоо шүүгч хүн бүр шийдвэрээ гаргахдаа боддог болсон. Миний гаргаж байгаа шийдвэрийг хүн бүхэн унших юм байна. Хуулийн сургуулийн оюутнаас авхуулаад Хууль зүйн сайд, Ерөнхийлөгч хүртэл унших юм байна. Ийм учраас би сайн шийдвэр гаргах юм байна  гэж боддог болсон. Үүнийг бүр хуульчилж өгч байгаа. Энэ бол маш том ахиц. Үүний дагуу шүүхэд маш том өөрчлөлт гарч байгаа. Энэ хэрэгжээд эхэлсэн.
Шүүх хуралдаан дээр иргэдийн төлөөлөгч гээд нэг хүн ажиглаад суудаг байсан. Одоо шийдвэр гаргалтад анхан шатанд шүүгчийн нэгэн адил шүүн таслах эрхтэй болж байгаа юм. Энэ бол том дэвшил. Шүүх хуулийн дагуу шийдвэр гаргахад иргэн оролцож байгаа нь жинхэнээсээ иргэдийн нуруу тэнийж байгаа хэрэг. Хэрэв тэр хүн шүүгчдээс өөр саналтай байсан бол саналаа дараагийн шатанд бичиж өгдөг болж байгаа. Мөн бүх шүүгч аливаа хэргийг авч хэлэлцэхдээ нөлөөллийн мэдүүлэг бөглөж байгаа. Тухайн хэргийн асуудлаар хэн, ямар албан тушаалтан, ар гэрийн хүн, дарга цэрэг гээд нөлөөлөх гэж оролдсон хэн ч байсан хэрэгт хавсаргаж байгаа нөлөөллийн мэдүүлэгт заавал тэмдэглэж байгаа. Иймд хэрэгт нөлөөлөхөөр оролдсон хэнийг ч Их Хурлын гишүүнээс эхлээд Ерөнхийлөгч ч бай, ийм зүйл хийсэн нь тогтоогдвол тэр хүн албан тушаалаасаа чөлөөлөгдөх болно гэж хуульд зааж өгсөн. Энэ бол Монголын шүүхийг бүрэн өөрчилнө. Одоо шүүхийн гадаа очиж жагсдаг, өлсдөг, тэмцдэг, шүүхэд нөлөөлөх гэж оролддог байдал хуулийн дагуу хариуцлага хүлээх үндэслэл болж байгаа шүү гэдгийг хэлэх гэсэн юм. 
Мөн дээр нь шүүхийн салбарт эвлэрүүлэн зуучлах гэж нэг чухал асуудал нэмэгдсэн. Өмнө нь ямар нэгэн том жижиг хэрэгт холбогдсон хүмүүс шүүхийн шийдвэрээр ял авч хохирдог байсан бол одоо бүх шүүх дээр аливаа хэргийн анхан шатны үед нь эвлэрүүлэн зуучлах тусгай цалинтай хүмүүс ажиллаж эхэлнэ. Анхаарал болгоомжгүй байдлаасаа юм уу, ямар нэгэн хэрэгт татагдсан хүн, гэр бүлийн салалт гэдэг юм уу, заавал шоронд очих шаардлагагүй хүмүүсийг эвлэрүүлэн зуучлаад хэн хэнд нь зөвөөр шийдчих юм бол яллахгүй болж байгаа. Бүр үүний тухай тусдаа хууль батлагдсан.
Шүүхийн шинэчлэл нийгэмд сайн жишиг үлдээх ёстой
Шүүгчийг насаар нь томилдог шүүгчийн дархан байдлын талаарх хуучны ойлголт өөрчлөгдсөн. Мэргэжлийн шалгалтыг гурваас таван жилийн хугацаанд байнга авдаг, сэлгэн ажиллуулдаг, хэргийг үнэн зөвөөр шийдсэн байдлаар нь үнэлж дүгнэдэг гээд олон өөрчлөлт хэрэгжинэ. Дээр нь шүүх өмнө нь төсвөө Сангийн яамаар дамжуулан хэрэгжүүлдэг байсан бол төсөв санхүүгийн хараат бус байдлыг өөрчлөн шууд УИХ-д тавьж шийдвэрлүүлдэг болсон. Ингэснээр төсөв, санхүүгийн асуудлаас болж шүүхэд нөлөөлөх гэж оролддог нь үгүй болно. Хуульчийн асуудал бас байна. Дурын дээд сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн хүмүүс дахин хуульчийн шалгалт өгдөг болж байна. Хуульчийн шалгалтад тэнцээд хуульч болсны дараа гурван албан тушаал дээр очих боломжтой. Өмгөөлөгч, прокурор, шүүгч болох эрх нь нээгдэж байгаа юм. Дээрх ажлуудыг хийж байгаад ямар нэгэн буруу шийдвэр гаргах юм бол хуульчийн эрх нь цуцлагдана. Дахин ажиллах эрхгүй болж байгаа юм. Энэ бол шүүхийн шийдвэрийг шударгаар гаргах маш том хөшүүрэг. Иймэрхүү хууль, шүүхийн салбарт хийгдэж байгаа сайн ажлууд их байгаа. Дахин шинэ хуулиуд УИХ-д орж батлагдан хууль, шүүхийн тогтолцоо зөв, шударга болох шүүхийн шинэчлэл үргэлжлэх болно. Энэ бидний хийх ажил эцэст нь Монголын нийгэмд сайн жишиг үлдээх ёстой гэж бодож байна.
Улаанбаатарынхаа утааг зун ч битгий мартаарай
Улаанбаатар хоттой холбоотой олон асуудал бий. Хотын захиргааг Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу руу нүүлгэнэ.  Хотын хэмжээнд өндөр насжилттай олон барилга байна. Хуучин орон сууцуудыг засах шаардлагатай байгаа. Хотын зүгээс байр бүхнийг судалж, засах төсвийг Засгаас гаргаж өгөх хэрэгтэй байгаа юм. Байрнуудын насжилтыг уртасгах, өвлийн цагт дулаан алдагдлыг багасгах гээд бусад оронд хийсэн зүйлүүдийг бид зоригтой хийх хэрэгтэй. Үүнд бүх талын төрийн дэмжлэг чухал. Дээрх ажлууд мэдээж цаг хугацаа шаардана. Энэ чиглэлд сайн ажиллах хэрэгтэй.
Төгсгөлд нь хэлэхэд Улаанбаатарынхаа утааг зун ч битгий мартаарай. Утаатай өвөл биш зун тэмцэх хэрэгтэй. Утаатай холбоотой ажиллаж байгаа бүх хүмүүс асуудлаа түр ч гэсэн орхилгүй зуны налгар цагт ч ажлуудаа шахаж хариуцлагатай ажиллаарай.
Цаг зав гаргаж өнөөдрийн уулзалтад идэвхтэй оролцож асуулт асууж, үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн та бүхэнд маш их баярлалаа. Дараа дахин баяртай уулзахын ерөөл дэвшүүлье.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга нарын нэр дээр ч олон асуулт ирсэн юм. Тэд зарим асуултад товч хариулт өгч үлдсэнд нь хүн бүрээр нь хариулт өгөхөө амлав.

No comments:

Post a Comment

1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл