Манай улс өөрийн тусгаар тогтнолыг бусад улс орноор хүлээн зөвшөөрүүлэх улс төрийн гадаад бодлогуудыг эрчимтэй явуулж байсан үе бол хүйтэн дайны /үзэл суртлын хуваагдмал байдал/ эхэн үе буюу 1940-өөд оны дунд үе байлаа.
Энэ үед хамгийн чухал нь хөрш орон болох Дундад Иргэн улсын Засгийн Газраар тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэн баталгаажуулах шаардлага тулгарсан явдал юм.
Үүнээс үндэслэн манай тусгаар тогтнолын асуудлыг ард түмнийх нь санал хураалтын үр дүнгээс шалтгаалан авч үзэж болох юм гэсэн мэдэгдэл нот бичгийг Бүгд Найрамдах Дундад Иргэн улсын Гадаад яамны сайд Ван Си Зыгээс манай улсад 1945 оны 08 дугаар сарын 14-ны өдөр явуулсан байна.
Уг нот бичгийг үндэслэн БНМАУ-ын Бага Хурлын тэргүүлэгчдээс 1945 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 76 дугаар хурлаас тогтоол гаргажээ. Үүнд “Бүх ард түмний саналыг тус улсын бүх дэвсгэр нутаг дээр 10 дугаар сарын 20-ны өдөр нэгэн зэргээр гаргуулахаар тогтоосугай хэмээн заасан байдаг.
Харин БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945.10.05-ны өдрийн 85 дугаар тогтоолд: “Санал гаргах хуудсан дээр тавьсан өөрийн овог, нэрийн доор “зөвшөөрөх” буюу “татгалзах” хоёрын аль нэгийг бичиж, гарынхаа үсгийг зур. Хэрвээ бичиг мэдэхгүй бол баруун гарынхаа эрхий хурууг дар” гэж заасны дагуу санал хураах ажил явагджээ.
Ингээд 1945.10.20-нд санал хураалт эхлэхэд Дундад Иргэн улсын Засгийн Газраас Ли Фа Жан тэргүүтэй хүмүүс ирэн ажиглалт хийсэн байна.
Санал хураалт тухайн өдрөө бүрэн дуусч, санал хураах төв комисс 1945.10.30-нд протокол үйлдэн, тогтоол гаргаж ЗХУ болон Дундад Иргэн улсын Засгийн Газарт хүргүүлжээ.
Ийнхүү санал хураах төв ба орон нутгийн комисс зорилгоо амжилттай биелүүлсэн гэж үзсэн тул Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1945.11.12-ны 100 дугаар тогтоолоор татан буулгасан байна.
Энэхүү ажлын үр дүнд 1946 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Хятадын Гадаад Яамнаас маршал Хорлоогийн Чойбалсанд манай улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөн баталсан тухай нот бичиг ирүүлсэн юм.
Уг нот бичигт “ Хятадын 34 оны 10 сарын 20-нд Гадаад Монголын ард түмнээс явуулсан санал хураах ажлын дүнгийн тухай таны нотыг хүлээн авлаа. Энэ нь Гадаад Монголын ард түмнээс өөрийн тусгаар тогтнолыг баталсныг илэрхийлж байна. Батлан хамгаалах Дээд зөвлөлийн тогтоол ёсоор Хятадын Засгийн Газар нь энэ өдрөөс эхлэн Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээснээ зарлана. Үүнийг мэдэгдэхээр энэ нотыг явуулав” гэжээ.
Ийнхүү Монголын ард түмэн өөрсдийн асар их хүчин чармайлтын үр дүнд Хятадын улсаар тусгаар улс гэдгээ хүлээн зөвшөөрүүлж чадсан билээ.
Энэхүү улсынхаа тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал хураалтанд сонгуулийн насны 494960 хүн оролцох байснаас 487409 хүн саналаа өгчээ. Ийнхүү 98,5 хувь нь бүгд тусгаар тогтнолоо батлан “Зөвшөөрөв” хэмээн саналаа өгөн, татгалзсан хариу нэг ч гараагүй байна.
Харин 7551 хүн буюу нийт санал өгөх хүмүүсийн 1,5 хувь нь ямар нэгэн шалтгаанаар санал хураалтанд оролцоогүй юм.
Доорх хүснэгтэд тус санал хураалтад оролцсон хүмүүсийн тоо, гарын үсгээ тавьсан буюу бичиг мэддэг хүний хувийг аймаг, хот гэж ангилан тус бүрд нь харууллаа.
Үүнд:
Д/д
|
Аймаг, хотын нэр
|
Санал өгсөн хүний тоо
|
Гарын үсэг зурсан /бичиг мэддэг/ хүний хувь
|
1
|
Архангай
|
35587
|
43,3
|
2
|
Баянхонгор
|
24117
|
35,1
|
3
|
Баян-Өлгий
|
17438
|
38,0
|
4
|
Булган
|
21857
|
71,8
|
5
|
Говь-Алтай
|
19820
|
35,0
|
6
|
Дундговь
|
15485
|
51,2
|
7
|
Дорноговь
|
12868
|
49,6
|
8
|
Сэлэнгэ
|
11979
|
45,5
|
9
|
Сүхбаатар
|
17370
|
53,5
|
10
|
Хэнтий
|
22664
|
53,1
|
11
|
Хөвсгөл
|
36304
|
44,5
|
12
|
Ховд
|
21848
|
32,5
|
13
|
Увс
|
25788
|
28,4
|
14
|
Өмнөговь
|
12303
|
45,0
|
15
|
Өвөрхангай
|
30134
|
23,9
|
16
|
Завхан
|
35651
|
32,8
|
17
|
Төв
|
36425
|
97,6
|
18
|
Чойбалсан
|
19781
|
56,4
|
19
|
Улаанбаатар
|
24846
|
91,7
|
20
|
МАХН-ын цэрэг
|
35608
|
99,2
|
21
|
Дотоод Явдлын Яам
|
9141
|
98,9
|
22
|
ЗХУ-д буй хүмүүс
|
395
|
100
|
Дунджаар нийт хүмүүсийн 53,7 % нь бичиг мэддэг
|
Мөн
зарим нэг сонирхол татахуйц баримтуудаас энд дурдая. Тухайлбал, Ховд
аймагт гадаадын харъяат гэх нэрийн дор нийт 347 хүн саналаа өгсөн бөгөөд
энд голцуу өвөрмонгол, цөөн тооны хятад, орос иргэд байгаа нь тун
сонирхолтой юм.
Эдгээр
хүмүүсээс ердөө л 29 хүн монгол бичгээр гарын үсгээ зуран, 2 хүн
хятадаар зуран, 3 хүн хятад бичиг бүхий гарын тэмдэг /хувийн тамга гэж
ойлгож болно/ тавьжээ.
Бусад бичиг үсэг мэдэхгүй 313 хүн санал өгөх зааварт тусгагдсаны дагуу баруун гарын эрхий хурууныхаа хээг даржээ.
Түүнчлэн
тухайн үед Булган аймгийн нутаг дахь “Булганы баруун хойд засан
хүмүүжүүлэх газар”-т ял эдлэж байсан 52 хүн саналаа өгчээ. Эдгээрээс 2
нь бичиг үсэгт тайлагдаагүй, бусад хүмүүжигчид нь монгол бичгээр болон
тухайн үед дөнгөж шилжиж байсан кирилл бичгээр гарын үсгээ зурсан байгаа
нь нэн сонирхолтой баримт юм.
Үүнээс
гадна тус санал хураалтанд зориулан гаргасан зурагт хуудас буюу
плакатыг хэвлэн гаргаж байсан нь цөөн тоогоор хадгалагдан үлджээ. Эдгээр
зурагт хуудсан дээр юу гэж бичсэн тухай жишээ болгон нэг зурагт хуудсын
бичвэрийг сийрүүлье.
Үүнд: “Би. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын харъяат мөн.
Хүн
болж төрсний минь дээд зэргийн эрхэм эрмэлзэл бол өөрийн эх орны
тусгаар тогтнолын төлөө амь ба санаа сэтгэлээ зориулахад хэзээ ч бэлхэн
байхад оршино. Би өөрийн харъяат эх орны тусгаар тогтнолын төлөө
батлана” гэжээ.
Эл бичгийн цаад дэвсгэрт Монголын газрын зургийг байрлуулан, гараа өргөн санал өгч буй хүнийг дүрслэн зуржээ.
Энэхүү түүхэн санал хураалтын баримт өдгөө Үндэсний Төв Архивын сан хөмрөгт хадгалагддаг ба нийт 385 ширхэг баримт байна.
No comments:
Post a Comment