Турк Улс нь Турк-Монголын Боловсрол, соёл, найрамдлын нийгэмлэгээр дамжуулан Монголын ард түмэнд 400 тонн нүүрс тараах тусламжийн аяныг зохион байгуулж байна.
Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол Туркийн боловсрол соёл найрамдлын холбоо ТББ хамтран Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхүүдэд 100 тонн нүүрс бэлэглэлээ. Уг арга хэмжээнд Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Мурат Карагез оролцсон бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ Монгол, Турк хоёр улсын эртний найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд бид нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхүүдэд нүүрсний тусламж үзүүлж байгаадаа баяртай байна. Тус дүүргүүдийн Засаг даргын Тамгын газартай хамтран эмзэг бүлгийн өрхүүдийг хамруулж чадсанаараа энэ удаагийн хүмүүнлэгийн үйл ажиллагаа нүдээ олсон арга хэмжээ боллоо гэдгийг онцлон хэллээ.
Үүний хариуд нийслэлийн Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга Ц. Батхүү Тэвдэж явахад тэвнээр тусал гэдэг монгол ардын зүйр үг байдаг. Тэр ч утгаараа хаврын урт өдрүүдэд Монголын ард түмэнд тусламжийн гараа сунгаж байгаа Туркийн ард түмэнд талархаж байна гэв.
Дээрх нийгэмлэг нь нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Орхон, Дархан-Уул, Баян-Өлгий болон Ховд аймгуудад дээрх тусламжийн аяныг үргэлжлүүлэх юм байна.
No comments:
Post a Comment