Эрхэм сэтгүүлчид ээ
Та бүхэндээ Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний түүхт 103 ойн халуун мэндийг дэвшүүлье.
Нийслэлийн удирдлагын баг ажлаа төрийн үйлчилгээг авлига, хүнд сурталгүй, нээлттэй, ил тод болгож, аливаа шийдвэр, үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний мэдэх эрхийг хангах зорилт тавьж, Мэдээллийн ил тод байдлыг ханган ажиллах тухай захирамж гаргаснаар эхэлж байсан. Энэ нь нийслэлийн удирдлагын зүгээс гаргасан аливаа шийдвэрт иргэд анх удаа өөрсдөө хяналт тавих, санал бодлоо тусгах, мэдээлэл авах боломжтой болсноос гадна нээлттэй мэдээлэх эрхийг сэтгүүлчдэд олгосон юм.
Ил тод, нээлттэй, сайн засаглалыг хөгжүүлэх үйлсэд хамтран ажиллаж буй Эрхэм сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууддаа талархаж байгаагаа илэрхийлье. Аливаа хөгжил дэвшлийн тухай ярихдаа нийгмийг түүчээлэн хөдөлгөгч хүч болсон сэтгүүлчдийн хөдөлмөр, зүтгэлийг мартах учиргүй юм. Тийм ч учраас бид ил тод, нээлттэй засаглалыг хөгжүүлэхэд орон нутгийн төр захиргааны байгууллагын бүтээлч санаачилга, иргэдийн оролцоо, хэвлэл мэдээллийн салбарынхны дэмжлэг чухал болохыг тунхаглан, иргэдийн мэдэх эрхийг хангахын төлөө хүсэл, зорилгоо нэгтгэж байна.
Дэлхийн жишигт хүрсэн хөгжилтэй, эрүүл, аюулгүй, ил тод, нээлттэй Улаанбаатарыг хойч үедээ хүлээлгэн өгөх нь бидний эрхэм зорилго билээ. Тиймээс ил тод, нээлттэй засаглалыг орон нутгийн төр захиргааны бүх шатны байгууллагуудад хэрэгжүүлж, шууд ардчиллыг бэхжүүлэхийн төлөө Та бүхнийг урьдын адил хамтран ажиллаж, хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж байна.
Нийслэлийн шинэ хөгжлийн түүхийг бичихэд Та бүхний мэргэн санаа, шүүмжлэл бидний ажилд урам өгч, урагшлах замд ташуур болох билээ.
Ил тод, нээлттэй Улаанбаатарын төлөө хамтдаа зүтгэе.
Та бүхний оюун гэгээн, мэлмий хурц байх болтугай.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.БаттулгаЭнэ сарын 6-нд Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 103 жилийн ой тохионо. Тус ойг угтан өнөөдөр МСНЭ, НЗДТГ хамтран “Ил тод, нээлттэй Улаанбаатар” 1000 сэтгүүлчийн форумыг СТӨ-нд зохион байгууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл
1913 оны 3 дугаар сарын 6-ны өдөр “Шинэ толь хэмээх бичиг” сонины анхны дугаар хэвлэгдсэнээр Монгол улсад тогтмол хэвлэл үүссэн хэмээн үздэг. Энэхүү сонины эрхлэгчээр их соён гэгээрүүлэгч Жамсрангийн Цэвээн ажиллаж байсан бөгөөд түүнийг Монголын сэтгүүл зүйн салбарыг үндэслэгч хэмээн түүхэн эх сурвалжуудад тэмдэглэсэн байдаг. Энэ өдрөөс хойш Монгол улсад сэтгүүл зүйн салбар хөгжсөөр өнөөдөр 103 жилийн түүхэн ойтойгоо золгож байна.
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс энэ өдрийг тодорхой сэдвийн дор тэмдэглэн, нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, хамтарсан тунхаг бичиг гаргасан бөгөөд энэ удаад мэдээллийн ил тод байдал, нээлттэй засаглалын тухай олон асуудал хөндөв.
Форумын үеэр НЗДТГ-аас авлигагүй, хүнд сурталгүй, нээлттэй засаглал аюулгүй, тохилог орчин бүтээж иргэдээ ажилтай, орлоготой байлгахын тулд өнгөрсөн 4 жилд хийж бүтээсэн ажлаа танилцуулав. Тухайлбал, Өмнө нь жил 2-3 удаа хуралддаг байсан НИТХ-ын үйл ажиллагааг байнгын болгож, 2012 оны 6 дугаар сараас хойш 32 удаа хуралдан, 127 асуудлыг хэлэлцсэн байна. Мөн НИТХ-ын тэргүүлэгчид 70 удаа хуралдаж, 628 асуудлыг хэлэлцэн баталжээ.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нь 2012 оноос эхлэн мэдээллийн ил тод байдлыг хангах, сайн засаглалыг хөгжүүлэхэд чиглэсэн хэд хэдэн томоохон ажлуудыг хэрэгжүүлсэн бөгөөд нийслэлийн Засаг дарга 2012 онд “Мэдээллийн ил тод байдлыг хангах тухай” захирамж гаргаж, уг захирамжаар хувь хүний нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Төрийн нууцын тухай хуулийн дагуу нууцад хамааруулснаас бусад бүх мэдээллийг иргэд, олон нийтэд нээлттэй байх зарчмыг баримтлан ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад үүрэг болгосон байна. Мөн УИХ-аар “Улаанбаатар хотыг 2020 он хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол”, “2030 оны хөгжлийн чиг хандлага”-ыг батлуулжээ. Шууд ардчиллыг хөгжүүлж, иргэний оролцоог хангах үүднээс Нийслэлийн иргэний танхим 34-ийг байгуулжээ. Нийслэлээс иргэдэд үзүүлж буй үйлчилгээг нэг дор төвлөрүүлэн, “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулсан юм. Энэ Монгол Улсад анх удаа төрийн 453 гаруй үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүллээ.
Түүнчлэн ил тод байдлыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын захирамж, хотын удирдлагуудын гадаад томилолтын зардлын тайланг цаг тухайд www.ulaanbaatar.mn цахим хуудсанд байршуулж байна. Мөн нийслэлийн иргэдийн дунд анх удаа “Зөвлөлдөх санал асуулга” явуулж, бүтээн байгуулалтын ажлыг эрэмбэлсэн байна. Уг санал асуулгад 400 иргэн оролцож, 14 төсөл, хөтөлбөрийн талаар хэлэлцсэн юм.
Нийслэлийн 52 байршилд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 15309 га талбайд газар өмчлүүлэх шийдвэр хүрч, нийт 5 удаагийн цахим газар өмчлөлийг зохион байгуулж, 75 мянган иргэн өөрийн газартай болов.
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд 244 автозам шинээр барьсан нь бүтээн байгуулалтын хурд 2.5 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм. Тухайлбал, 30 жилийн настай Улиастай-Гачуурт чиглэлийн автозамыг 2 эгнээ болгон шинэчилж, Өлзийт-Шувуун фабрикыг холбосон 9.6 км автозам зэргийг нэрлэж болох юм. 5 жилийн өмнө нэг автомашин өдөрт дунджаар 49 минут түгжрэлд зогсож, иргэд жилд 15.4 сая ам.доллар зарцуулж байв. Автозамын бүтээн байгуулалт болон түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд замын хөдөлгөөний ачаалал 15-20 хувиар буурчээ. Түүнчлэн 60 жил өөрчлөгдөөгүй нийтийн тээврийн чиглэлийг шинэчилснээр иргэд тохь тухтай зорчих боломжийг бүрдүүлсэн байна.
Мөн 50 мянга гаруй өрхийг дулаанаар хангах хүчин чадалтай “Амгалан” ДЦС-ыг байгуулж, Энхтайвны өргөн чөлөөний шугам сүлжээг шинэчилжээ. Агаар, хөрсний бохирдлыг бууруулж, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхээр 2013 оноос “Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг төсөл нь иргэдийг орон сууцжуулахад томоохон түлхэц болж буйг нийслэлийн удирдлагууд хэлж байлаа.
2013-2015 онд нийслэлд 9940 хүүхдийн багтаамжтай 15 сургууль, 5550 хүүхдийн багтаамжтай 40 цэцэрлэгийг ашиглалтад оруулж, 84 сургууль, 150 цэцэрлэгийн барилгыг засварласан байна. Сургуулийн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор эцэг эхчүүд нь сургуулийн орчинд эргүүлж хийж, тусгай автобусаар 5 дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн 7540 сурагчийг тээвэрлэх болжээ.
Хүй долоон худагт “Монгол наадам” цогцолбор байгуулж, 100 жилийн түүхтэй Даншиг наадмыг сэргээсэн нь нийслэл төдийгүй хөдөө орон нутгийн иргэдийн талархлыг хүлээж байна.
2030 он гэхэд 5 сая жуулчин хүлээн авах зорилго бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг цогцоор нь хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрийн үр дүнд 2015 онд Улаанбаатар хотыг зорих жуулчдын тоо 6 хувиар нэмэгдэж, аялал жуулчлалаас олох орлого 9 хувиар өсчээ.
Сэтгүүлчдийн баярын өдрөөр тэдэнд өөрсдийн хийж бүтээсэн ажлаа тайлагнах хэлбэрээр зохион байгуулж байгаа нь нүдээ олсон зөв алхам гэдгийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэв.
Тэрбээр, “Улаанбаатар хот бидний үр хойчийн гэр орон. Тиймээс энэхүү гэр орноо тохижуулах бидний зорилго хэмээн үзэж, 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг баталсан. Энэ төлөвлөгөөгөөр бид метротой, нийтийн тээврийн зөв тогтолцоотой, өндөр хөгжилтэй хот болох юм. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх суурь үндэс нь ил, тод, нээлттэй, авлигагүй засаглал юм.
2000-2013 оны хооронд үнэгүй олгосон газруудыг дуудлага худалдаагаар борлуулсан 26.6 их наяд төгрөгийн орлого олох байсан гэсэн тооцоолол хийсэн. 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд багтсан метро зэргээс эхлээд бүх ажлыг хэрэгжүүлэхэд 24.5 их наяд төгрөг шаардлагатай. Тэгэхээр бид маш том боломж алдсан гэсэн үг. Энэ бүх боломжийг ард түмэнд хүргэх ажлыг сэтгүүлчид хийдэг. Ийм чухал үүрэг хүлээж, ажлаа нэр төртэй хийж буй сэтгүүлчиддээ хамгийн сайн сайхныг хүсье” гэлээ.
1000 сэтгүүлчийн форумд сэтгүүл зүйн салбарт үйл ажиллагаа явуулж буй хэвлэл мэдээллийн байгууллагын ахмад ажилтнууд, одоо ажиллаж буй сэтгүүлчид болон НЗДТГ-ын алба хаагчид оролцлоо.
Нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа нэр төртэйгээр биелүүлж, нийслэлийн мэдээ мэдээллийг шуурхай бодитой тэнцвэртэй хүргэж, Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэвлэл мэдээллийн байгууллагуудыг шагналаа.
Үүнд: НЗД-ын "Хүндэт өргөмжлөл"-өөр “Зууны мэдээ”, “Өдрийн сонин”, “Өнөөдөр”, “Үндэсний шуудан” сонины хамт олныг, телевизүүдээс МҮОНРТ, UBS, Eagle, Bloomberg телевизийн хамт олныг, сайтуудаас GoGo.mn, Times.mn, Medee.mn, News.mn сайтын хамт олныг тус тус шагнав.
Мөн Монголын сэтгүүл зүйд үнэтэй хувь нэмэр оруулсан Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Амбасэлмаа, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Дашдондов, Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Цэвэлээ нарын ахмад сэтгүүлчдийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын шагналаар тус тус шагнасан юм.
Нийслэлийн тэргүүниий ажилтан цол тэмдгээр МҮОНРТ-ийн зураглаач Г.Байгалмаа, News сайтын орчуулагч Ш.Мягмарсамбуу, News сайтын сурвалжлагч Г.Нэргүй, “Өдрийн сонин”-ы хариуцлагатай нарийн бичгийн дарга Д.Оюунтуяа, E tv телевизийн сэтгүүлч С.Шижирбат, “Open door” сонины нийтлэлийн бодлого эрхэлсэн орлогч эрхлэгч О.Сономпил, “Монголын мэдээ” сонины сэтгүүлч, ахлах редактор Б.Өнөртогтох, UBS телевизийн сэтгүүлч Х.Жавзмаа нарыг тус тус шагналаа.
Жуух бичгээр GoGo.mn сайтын сэтгүүлч Г.Одгарав, Eagle телевизийн нэвтрүүлэгч Ж.Төгсжаргал, Bloomberg телевизийн хөтлөгч, сурвалжлагч Э.Нарантунгалаг, Цензургүй.мн сайтын ерөнхий редактор Р.Сарангоо, Medee.mn сайтын ерөнхий редактор Д.Эрдэнэтуяа нарыг тус тус шагнав.
Түүнчлэн нийслэлийн засаг даргын жуух бичгээр “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Энхболд, Etv телевизийн сэтгүүлч Г.Тэгшжаргал, “Засгийн газрын мэдээ” сонины сэтүүлч Г.Байгаль, “Монголын мэдээ” сонины сурвалжлагч Ж.Отгонмягмар, SBN телевизийн ерөнхий редактор Д.Мягмартогтох, “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Б.Мөнхзул, NTV телевизийн Мэдээ, шуурхай албаны дарга Б.Ууганбаяр, “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Э.Номин-Эрдэнэ, Times.mn сайтын сэтгүүлч Л.Ариунцэцэг, “Үндэсний шуудан” сэтгүүлч О.Эрдэнэчимэг, В.Сарантуяа нар шагнуулав.
No comments:
Post a Comment