Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013-2014 оны хичээлийн шинэ жилийг
тохиолдуулан уламжлал ёсоор тав дахь удаагаа теле хичээл заав. Тэрээр
МҮОНТ-ийн 600-гийн студид ерөнхий боловсролын дунд сургуулиуд, хөгжлийн
бэрхшээлтэй сурагчдын тусгай сургуулиудын ахлах ангийн сурагчдад
“Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо” сэдвээр хичээл заасан юм. Уг
хичээлийг МҮОНТ, UBS телевиз орон даяар шууд дамжуулан үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хичээл 10.00 цагаас 45 минут үргэлжлэв.
Хичээлийн
хонх дуугарсны дараа хөтлөгч, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч С.Чимгээ Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах
ангийн сурагчдад “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо” сэдвээр теле хичээл
заахаар ирснийг дуулгалаа.
Хөтлөгч С.Чимгээ:
-Сайн байцгаана уу, эрхэм хүндэт хүүхдүүд ээ. Багш, сурган
хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, эрхэм хүндэт телевиз үзэгчид ээ. Бид
МҮОНТ-ийн 600-гийн студиэс орон даяар дамжуулан үзүүлж байна. Хэдийгээр
өнөөдөр ням гариг, амралтын өдөр ч гэлээ есдүгээр сарын 1 бол ерөнхий
боловсролын дунд сургуулийн сурагчид та бүхний хувьд хичээлийн нэгэн
шинэ жилээ угтан авч байгаа баярын өдөр юм. Тийм учраас та бүхэндээ
2013-2014 оны хичээлийн шинэ жилийн баярын цогтой халуун мэндийг өргөн
дэвшүүлье.
Өнөөдөр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн теле хичээлд оролцохоор 600-гийн студид
маань ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, тусгай сургуулийн
сурагчдын төлөөлөл хүүхдүүд, эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн
төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. Та бүхэнд баярлалаа.
Монгол
Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тав дахь удаагийн теле хичээлээ “Хуулийн
засаглал-хүүхдийн оролцоо” сэдвээр хүргэхэд бэлэн боллоо. Энэ хичээлийг
заах эрхэм багш, Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг угтан
авцгаая, хүүхдүүд ээ" гэв.
Сурагчид Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг алга ташин угтаж авлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч:
-За их баярлалаа. Сайн байцгаана уу, хүүхдүүд ээ. Та бүхэнд хичээлийн
шинэ жилийн баярын мэндийг хүргэж амжилт хүсье. Энэ жилийн хичээлийн
сэдвийг та бүхэн харсан байх. “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо” гэсэн
сэдэвтэй хичээл заахаар болсон. Энэ жилийн хичээл рүүгээ орохоос өмнө
өмнөх дөрвөн жил заасан хичээлийн сэдвээ сануулья. Энэ талаар санаж
байгаа хүүхэд байна уу. Гараа өргөөрэй. 2009 оноос эхлэн хичээл заасан
байгаа.
Сурагч Бумбаяр: -Хамгийн анхны хичээл Дэлхийн дулаарал.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -“Дэлхийн дулаарал ба Монгол” гэсэн сэдэвтэй байсан. Дараагийнх нь.
Сурагч: -Монгол бахархал.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Гурав дахийг хэлэх хүүхэд байна уу?
Хүүхдүүд: -Монголын сайхан орноор...
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Яг тийм. Дөрөв дэх нь ...
Хүүхдүүд: -Хүн болох багаасаа
Монгол Улсын Ерөнхийлөгч:
-За ийм дөрвөн сэдвээр хичээл заасан байгаа. Энэ жилийн хичээл бол
“Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо” гэсэн хичээл байгаа. Өнөөдрийн
хичээлийг би энд сууж юм уу, аль эсвэл самбар түшиж зогсох биш,
хүүхдүүдтэйгээ харилцан ярилцаж явуулья гэсэн бодолтой байна.
Хуулийн
засаглал гэхээр эхний үг нь юу гэсэн үг байна. Хууль гэсэн үг байна.
Хууль гэдэг үгийн талаар, энэ ер нь юу гэсэн үг вэ, хууль гэж юу вэ
гэдэг талаар хэлэх хүүхэд байна уу. Өөрийнхөө бодлоор л хэлээрэй, зөв
буруу хэлж байна гэж шүүмжлэх юм байхгүй. За тэр хүүхэд гараа өргөж
байна.
-Ирээдүй цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Бүрэнжаргал: -Хууль гэдэг нь нийгмийн зохицуулалт гэж бодож байна.
-Тавдугаар сургуулийн сурагч Хулан: -Миний бодлоор хуулийг хүн болгон дагаж мөрдөх ёстой.
Монгол Улсын Ерөнхийлөгч:
-Та бүхэн өөрсдөө хэллээ. Энэ бүгд зөв гэж бодож байна. Хууль гэдэг нь
ерөөсөө л хүний амьдралыг, нийгмийн амьдралыг, улс орны амьдралыг, ард
түмний амьдралыг зохицуулах гэж гаргасан ийм л журам дүрэм байх нь. Хүн
төрийн хуулиас гадна бүгдээрээ дүрэмтэй байдаг. Танай сургуульд
сургуулийн дүрэм гэж байдаг. Сургуулийн дүрэм бол сургуулийн амьдралыг
зохицуулсан дүрэм байдаг. Сагс тоглох гэхэд сагсны дүрэм гэж байдаг.
Хөлбөмбөг тоглож байгаа хүүхэд мөн хөлбөмбөгийн дүрмээр тоглодог шүү
дээ. Шатар тоглоход хүртэл шатар тоглох дүрэм байдаг биз дээ. Хүүг морь
шиг нүүж болохгүй ч гэх юм уу. Тэмээг өөр байдлаар нүүж болохгүй гэх
мэт. Тэгэхээр энэ дүрмийг бүгд дагаж биелүүлнэ гэсэн үг. Амьдрал дээрээс
жишээ авч болох юм. Сая энд нэг хүүхэд хэлсэн, хүн бүхэн дагаж мөрдөх
ёстой гэж. Дараачийн хоёр дахь үг нь энэ дээр байгаа Засаглал гэсэн үг.
Засаглал гэдэг үгийг юу гэж ойлгож байна. За гараа өргөөд хэлээрэй.
Засаглал гэж юу гэсэн үг вэ. Захирагдана гэсэн үг байх нь. Удирдана
гэсэн үг биз дээ.
Хуулийн
засаглал гэхээр юу гэсэн үг вэ гэхээр хуулиар удирдана гэсэн үг.
Хуулийг удирдлага болгоно гэсэн үг. Хууль бол миний дарга гэсэн үг.
Даргалуулна гэсэн утгатай үг байх нь байна шүү дээ. Хуулийн засаглал
гэдэгтэй холбоотойгоор амьдралын жишээ авцгаая.
Саяхан
би нэг сониноос уншиж байсан. Манай Хууль зүйн сайд замын хөдөлгөөнд
машинтай явж байгаад хотын дүрэм зөрчсөн тэгээд торгуулсан байсан. Тэр
тухай та бүхэн сонссон байх. Замын цагдаа зогсоогоод замын дүрэм зөрчлөө
гээд торгосон. Тэр машинтай хэн явж байх нь хамаагүй, тэр замын
цагдаагийн зөв, тийм биз. Хууль зүйн сайд ч явж байна уу, хэн ч явж
байгаа нь хамаагүй, замын дүрэм л зөрчсөн бол тэр хүнийг торгох ёстой.
Энэ юуг харуулж байна. Хууль дүрмийг хүн бүр биелүүлэх ёстой. Хууль
дүрмээс дээгүүр хэн ч байх ёсгүй гэсэн ийм л утгыг харуулж байгаа юм.
Та
бүхнээс ийм жишээ татах хүүхэд байна уу. Би нэг амьдарлын жишээ татая
гэж бодож байна. Би бас хэвлэлээс уншиж байсан. Ач нь гадаадад төржээ.
Хүүхэд нь Америкт ажилладаг байгаад ачийг нь дагуулаад нь аав ээждээ
эргэж ирсэн. Тэгээд эмээ нь ачаа дагуулаад хотоор явж байсан юм байна.
Ач нь тэгсэн бие засья гэжээ. Эмээ нь “Өө миний хүү, энд бие засчих”
гээд хашааны булан руу аваачаад бие засуулах гэсэн чинь ач нь уурлаад
“Би энд бие засахгүй ээ, гадаа бие засч болохгүй шүү дээ. Яг зориулалтын
газар л бие засах ёстой” гээд бие засч өгдөггүй гэнэ. Эмээ нь бүр
гайхжээ.
Манайхан
хашааны булан энэ тэрд бие засна гэдэг бол буруу зүйл байх нь. Тэгэхээр
ач бол эргүүлээд эмээгээ сургаж байгаа юм. Өнөөдрийн хичээлийн хамгийн
гол юм юу байна вэ гэхээр хүүхдүүд аав ээжээ сургахад нөлөөлж болно. 70
км цагаас илүү хурдтай явж болохгүй юм байна шүү, ааваа. Энэ дээр ингээд
заачихсан байна. Энд зогс гэдэг ийм тэмдэг байна. Энэ дээр та заавал
зогсох ёстой. Ихэнх өндөр хөгжилтэй улс орнуудад замын тэмдэгтээс гадна
“зогс” гэсэн тэмдэг байдаг. Заавал тэнд очиж зогсоно.
Манайхан
гадагшаа яваад эхний сурдаг юм “зогс” гэсэн тэмдэг дээр зогсох ёстой,
тэгэхгүй бол цагдаад торгуулна гэж ойлгох хэрэгтэй. Монгол тийм л болох
ёстой, би тийм байгаасай гэж хүсдэг. Замын тэмдгээс гадна “зогс” гэдэг
тэмдэг байх ёстой гэж боддог. Тэгэхээр яг тийм байдлаар ач эмээдээ
“Заавал бие засах газар бие засах ёстой” гэж хэлж байгаа нь эмээгээ
ухааруулж байгаа хэрэг юм. Тэгэхээр хүүхэд бага гэхгүйгээр дүрэм журам
мөрддөг хүүхэд бол энэ улсыг сайн сайхан болгох нь байна шүү дээ. Ээж
аавыгаа ойлгуулах юм байна.
Хоёрт,
өнөөдөр хуулийн засаглал гэдэг хичээлийг заах болсон бас нэг шалтгаан
бол дунд сургуулиудын дунд санал асуулга явуулсан байна лээ. Шударга
байдлын тухай санал асуулга явуулсан байна.
Тэгсэн
нэг санаа зовмоор үр дүн гарч ирсэн байна лээ. 2010, 2011, 2012, 2013
онд санал асуулга явуулж байсан байна. Гэтэл жил ирэх тутам шударга
байдалд хандаж байгаа манай сурагчдын хандлага буурч байсан байна. Тэр
нь яаж буурч байна гэхээр хүүхдүүдээс ингэж асуусан байна л даа. Гэртээ
очоод гэрийн даалгавараа хийхдээ хуулах зөв үү, хуулахгүй байх нь зөв
үү. Эсвэл интернэт рүү ороод тэнд байгаа хариуг тавиад аваад ирэх нь зөв
үү гэсэн чинь “Ер нь бол багш мэдэхгүй бол хуулах зөв шүү дээ” гэсэн
хариулт өгсөн хүүхдийн тоо нэмэгдээд байсан байна. Энэ бол маш буруу.
Энэ
юу вэ гэхээр нөгөө л хүн хууран мэхэлдэг. Хууль дүрэм журмаа
биелүүлдэггүй. Энэ хүн харахгүй байгаа бол би муу юм хийж болно гэдэг
энэ ойлголт манай хүүхдүүдийн дунд бий болж байгаа явдал юм. Тэд удахгүй
насанд хүрнэ, удахгүй том хүн болно. 10, 20 жилийн дараа энэ улс орныг
авч явна. Айл гэрийг авч явах хүмүүс болно. Гэтэл тийм ойлголттой хүмүүс
бий болох юм бол Монголын ирээдүй муу болно.
Өнөөдөр
Ерөнхийлөгчөөсөө авахуулаад улс орон бол хүний засаглалтай биш, хуулийн
засаглалтай байх ёстой. Бид нар бүгдээрээ энэ чиглэл рүү орж байна шүү
дээ. Гэтэл тэр санал асуулга ийм зүйл харуулсан. Тийм учраас хуулийн
засаглалын тухай, дүрэм журмын тухай ярих нь зүйтэй юм байна гэж бодсон.
Энэ дээр санаа оноо хэлэх хүүхэд байвал гараа өргөөд хэлээрэй. Хуулиар
удирдуулах нь зөв үү, даргаар удирдуулах нь зөв үү гэдэг бол хүн
төрөлхтөн үүссэн цагаас бий болсон зүйл. Одоо хүртэл энэ маргаантай
асуудал.
Ер
нь сайн дарга байвал зүгээр шүү дээ. Сургуулийн сайн захирал байвал
сайн. Гэтэл тэр сургуулийн захирал тэтгэвэрт гардаг. Өөр тийшээ шилжээд
явчихдаг, аягүй бол дэвшээд явчихдаг. Тэгсэн дараа нь нэг муу захирал
хүрээд ирвэл яах вэ. Хүн төрөлхтөн амьдралаас юу сурсан бэ гэхээр сайн
хаантай байснаас сайн хуультай байсан нь дээр юм байна. Сайн даргатай
байснаас сайн хуультай байсан нь дээр юм байна гэж ойлгосон. Нэг өдөр
сайн хаантай байж байгаад дараа нь муу хаан хүрээд ирвэл яах вэ. Тийм
учраас сайн хаанаар удирдуулах, сайн даргатай байх гэдэгт биш, сайн
хуульд итгэх нь зөв юм байна. Тэгсээр яваад хуулийн засаглал руу орсон.
Англиар хуулийн засаглал гэдгийг юу гэж хэлдэг билээ. Мэдэж байгаа
хүүхэд байна уу. “Rule of law”гэдэг.
Хүн
төрөлхтний олон зуун жил явж сурсан зүйл бол хуулийн засаглал юм.
Хуулийн засаглал гэдэг үгийгэрдэмтэд, та бидний мэддэг хүмүүсээс хамгийн
анх хэлсэн хүн хэн байна гэж би судалж үзсэн. Аристотель анх хэлсэн
байна лээ. Ер нь хуулиар засаглах нь зөв юм гэж. Хуулийн засаглал гэдэг
үг одоогоос 500 жилийн өмнө анх хүмүүсийн хэл ярианд орж, анхны онолчдын
үгэнд орж ирсэн байдаг. 1885 онд алдарт Альберт Даеси гэж Английн
хуульч хуулийн засаглал гэж нэр томьёог гаргасан байгаа юм. Тэр хүн
хуулийн засаглал гэдэг үгийг гаргаад юу гэж хэлсэн гэхээр гурван зүйл
хэлсэн байна. Тэр хүн хэлэхдээ шүүхээс гадуур хэнийг ч шийтгэж болохгүй.
Зарим
үед дарга шийтгэ гэсэн учраас шийтгэдэг. Зарим үед гэр оронд ээж аавын
хүслээр л хүүхдүүд голдуу шийтгүүлдэг шүү дээ. Буруу юм хийсэн байна
гээд гар хүрдэг, янз бүрээр загнадаг. Тэгэхээр хамгийн эхнийх нь шүүхээс
гадуур хэнийг ч шийтгэж болохгүй. Хоёрдугаарт, ингэж хэлсэн байна лээ.
Хэнч байсан хуульд захирагдана. Гуравт, хууль хүний эрхийг хүндэтгэсэн
байх ёстой. Дараачийн зүйл рүү орьё. Ер нь хэн ч байсан хуульд
захирагдана гэсэн санаа байгаа юм. Ямар учраас Ерөнхийлөгч тангараг
өргөдөг юм бэ. Ямар учраас төрийн албан хаагч тангараг өргөдөг юм бэ.
Ямар учраас УИХ-ын гишүүн тангараг өргөдөг юм бэ?
Сурагч: -Үнэнийг баримтлахын тулд.
Монгол Улсын Ерөнхийлөгч:
Үнэнийг баримтлахаас илүү хуулийг баримтална, хуулийг сахина гэдэг.
УИХ-ын гишүүдийн тангараг дотор ч хуулийг сахих тухай үг байгаа.
Ерөнхийлөгчийн тангараг дотор ч хуулийг сахих гэсэн үг байгаа.Төрийн
албан хаагчийн тангараг доторч хуулийг сахина гэсэн үг байдаг юм. Тэр юу
гэсэн үг вэ гэхээр миний дээр хууль байгаа. Би хуульд захирагдана. Би
хуулийг сахина. Дунд сургуулийн хүүхэд ч өөрөө хуулийг сахина. Та нарын
аав ээж ч хуулийг сахина. Монгол Улсын Ерөнхийлөгч ч адил хуулийг
сахина. Хууль зөрчсөн бол миний аавд ч адилхан хандана. Ерөнхийлөгчид ч
адилхан хандана. Даргад ч адилхан хандана гэсэн үг шүү дээ. Хуулийг би
даган биелүүлнэ. Хуулийн өмнө бүгдээрээ тэгш байна. Ийм зарчим байгаа
юм.
Сая
миний хэлсэн ач хүү, эмээгийн жишээтэй адилхан жишээ хэлэх хүүхэд байна
уу. Миний амьдралд 10 дугаар ангид сурч байхад нэг тийм жишээ гарч ирж
байсан. Манай ээж Эрдэнэтийн материал техникийн хангамж гэдэг газар
ажилладаг байсан юм. Тэнд жижүүр хийдэг байлаа. Тэгсэн дарга нь нэг
тушаал гаргасан. Материал техник хангамжийн газар гэхээр тэр хашаан
дотор их олон зүйл байдаг. Тэнд хүн бүхэн үнэмлэхээ үзүүлж орно. Ажилдаа
ирэхдээ хүн бүр заавал үнэмлэхээ үзүүлж орно. Үнэмлэхтэй л хүнийг оруул
гэсэн. Тэгсэн нэг өдөр дарга нь үнэмлэхээ мартаад ирсэн юм байна лээ.
Манай ээж жижүүртэй байж байгаад даргыгаа оруулаагүй. Даргыгаа танина,
их хүндэтгэдэг хүн. Гэсэн ч дарга нь гуйгаад, ажилчид нь гуйгаад
оруулаагүй. Ийм тушаал гарсан, таны тушаал. Үнэмлэхгүй хүнийг оруулж
болохгүй гэж надад үүрэг өгсөн. Та өөрөө тэгж үүрэг өгсөн шүү дээ. Би
таныг оруулахгүй гээд, дарга нь машиндаа суугаад буцаж яваад үнэмлэхээ
авчраад орж ирж байсан гэсэн. Энэ юу гэсэн үг гэхээр хууль дүрэм журам
гэдэг бол даргад ч бай, цэрэгт ч бай, хэнд ч бай, адилхан үйлчлэх ёстой л
гэсэн үг шүү дээ. Яг ийм амьдралын жишээ хэлэх хүүхэд байна уу?
-Шинэ-Эрдэм сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Дөлгөөннаран: -Манай
хамаатнууд дунд тамхи татдаг хүмүүс цөөхөн байдаг л даа. Манай нэг ах
тамхи татдаг юм. Тэгээд эмнэлэгт ажилладаг. Тамхины хууль гараад
эмнэлэгт тамхи татах юм бол 5000 төгрөгөөр торгуулна гэхэд мөнгөө хэмнэх
болоод тамхинаас гарсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч:
-Тамхины тухай хууль хэрэгжиж эхэлснээр маш олон хүн тамхинаас гарч
байна. Хуулиа хэрэгжүүлж, тамхийг хаясан нь дээр. Өөр жишээ хэлэх хүүхэд
байна уу?
-Сурагч Мөнхшүр:
-Сайн байна уу. Манай хэсэг найзууд гадуур сэлгүүцэх дуртай. Тэгээд
хүмүүжилгүй хүүхдүүдтэй нөхөрлөснөөс болоод тамхинд орчихсон. Гэтэл
өнгөрсөн гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хуулийн ачаар
тамхинаас гарсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч:
-Яагаад энэ архи, тамхины хууль хэрэгжиж байна гэхээр нийгэм даяараа
энэ зүйлийг хүлээж байсан. Архи, тамхи гэдэг чинь буруу юм гэдгийг бүгд
хүлээн зөвшөөрсөн байсан болохоор хууль сайтар хэрэгжиж байгаа юм.
Тэгэхээр
хууль нь ард иргэд, хүний эрхэд нийцсэн байх ёстой. Хуулиа биелүүлэхгүй
бол иргэн өөрөө л хохирно шүү дээ. Шударга байдлын судалгаа явуулсан
чинь хүн мэдэхгүй бол хуулиа зөрчиж болно гэсэн ойлголт хүүхдүүдийн дунд
байсан. Гэтэл хуулиа зөрчвөл хүн өөрөө л хохирдог. Харин хуулиа
биелүүлдэг хүүхэд өөрийн хүсэл мөрөөдлөө биелүүлээд сайхан газар руу
явна. Монгол Улс хуулийн засаглалтай, хууль журмаа биелүүлдэг улс болж
байгаа.
Хуулийн
засаглалын талаар дөрвөн зарчмыг би олон газраас хайсан. Та бүхэн
гэртээ ирээд интернэтэд ороод үзэж байгаа хичээлийнхээ талаар хайлт
хийдэг. Би ч мөн адил дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн ямар зарчим байна вэ
гэж хайсан. Дэлхийн Шударга ёсны төсөл гэж байдаг юм. World Justice Project гээд.Үүнд дөрвөн зүйлийг бичсэн байдаг.
Нэгдүгээр
зарчимд “төр ба төрийн албан хаагчид хуулиар үүрэг хариуцлага хүлээнэ”
гэж дурдсан байдаг. Хуулийг ямар байгууллага гаргадаг билээ? Улсын Их
Хурал, зөв. Яагаад өөр газар гаргаж болохгүй вэ? Танай ангид гаргаж
болох уу?
Сурагчид: -Болохгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч:
-Сайн байна, та бүхэн тодорхой хүмүүсийн төлөөлөл биш, хуулиар
хориглосон учраас та бүхэн хууль гаргаж болохгүй. Хууль гаргах эрх мэдэл
зөвхөн УИХ-д байна гэж заасан учраас өөр газарт энэ асуудлыг
ярилцахгүй. Харин хуулийн талаар, хуулийг сайжруулах тухай ярилцаж
болно. Энэ бол манай ард иргэдийн эрх юм.
Тэгэхээр
төр болон төрийн албан хаагчид хуулиар үүрэг хариуцлага хүлээдэг. Энэ
үүрэг хариуцлага хүлээлгэж байгаа УИХ-ын гишүүд сайн хууль гаргах үүрэг
хариуцлага хүлээдэг. Төрийн албан хаагчид тэр хуулийг алагчлагүй
биелүүлэх үүрэгтэй.
Хоёрдугаар зарчим бол хууль хэрэгжүүлэх үйл явц юм. Энэ үйл явц нь шударга, нийтлэг, үр дүнтэй байх ёстой.
Гуравдугаар
зарчим нь хуулийн тухай заасан. Хууль өөрөө ойлгомжтой байх ёстой. Хэн ч
уншаад ойлгохоор байхаас гадна нийтлэгдсэн байх ёстой. Мөн тогтвортой
байх ёстой. Хууль өөрөө хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан байх ёстой.
Үүнд хувийн өмчийн эрх чөлөө гэж онцгойлон зааж өгсөн байдаг. Ер нь
хүний эрхэнд байдаг хамгийн чухал эрх бол хувийн өмчийн эрх чөлөө юм.
Дөрөвдүгээр
зарчим бол хуулийн байгууллага. Зарим улс оронд шударга ёсны
байгууллага гэж ярьдаг. Хуулийн байгууллагууд мэргэжлийн, шударга,
хуулиар ажилладаг байх ёстой. Ийм дөрвөн зарчим гаргаж мөрдсөн байдаг.
Дараагийн
сэдэв маань хүүхдийн оролцоо. Хуульд хамгийн чухал зүйл юу вэ гэхээр
хууль өөрөө хүний эрхийг хүндэтгэсэн байх ёстой. Тэгэхээр хүний эрхийг
хангасан хууль батлахын тулд иргэд оролцох ёстой. Хүүхэд бүр хичээл
сургуульдаа маш дуртай явдаг байгаасай гэж би хувьдаа боддог. Ингэж
дуртай явдаг байхын тулд яах ёстой вэ?
Хүүхдийг
сургуульд татахын тулд хичээлийг сонирхолтой болгох ёстой. Хичээлийг
сонирхолтой болгохын тулд хүүхэд бүрийг оролцуулах нь зүйтэй. Хүүхдийн
оролцоо гэдгийг та бүхэн юу гэж ойлгож байна?
Сурагч: -Хүүхэд өөрөө эрх чөлөөтэй оролцохыг хэлнэ байх гэж бодож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч:-Ер
нь хүний эрх хүүхдийн эрхээс эхэлдэг. Хүүхэд бол бусдын л адил хүн.
“Миний тухай ярилцаж байвал намайг оролцуулахгүйгээр битгий шийд” гэдэг
үг бий. Энэ бол хамгийн гол зарчим юм. Багш надад юм зааж, надад
хамаатай зүйл ярьж байгаа бол намайг оролцуулах нь зүйтэй. Одоо багш
хүүхэд хоёр талаас оролцож байж хичээлээ ярилцдаг болъё гэж байгаа.
Хүүхэд өөрөө оролцоод ирвэл илүү сонирхолтой болно. Хүүхэд өөрөө
оролцоод ирэхээр л сурч эхэлдэг. Тэрнээс биш хичээлийг сонсоод, хараад
юм сурч мэддэггүй.
Та
бүгдийн сургуульд хүүхдийн оролцоотой шийдэж болмоор асуудал юу байна?
Хүүхдийн оролцоо гэдэг нь хүүхдэд хамаатай аливаа шийдвэрт хүүхдийг
оролцуулах асуудал юм. Тухайн асуудал үүссэн газарт хүүхэд байгаа л бол
шийдвэрлэхэд тэр хүүхдийг оролцуулж байя. Хүүхдийг хүүхэд гэж үл тоохоо
больё. Хүүхэдтэй холбоотой ямар асуудал байна гэхэд хүүхдүүд өөрсдөө
хүүхдийн хамгаалал гэж хэлсэн. Хүүхдүүд хамгаалагдахгүй байна.
Хүүхдүүдийн цөөнх, ядуу зүдүү амьдралтай, хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдүүдийн эрх хохирч байна. Хүүхдүүд хүнд хүчир ажил хийж, хог түүж,
сургууль завсардаж байна, эцэг эх нь архи ууж, хүүхдээ дээрэлхэж байна.
Хүүхдэд хандахдаа эцэг эх нь хатуу ширүүн байна. Хүүхдийн хүчирхийлэл
газар авч байна.
Сурагч О.Бүжин: -Манай аав архи ууж агсан тавьдаг байсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч:-Үүнийгээ
чи хэлж чадаж байна гэдэг үнэхээр зоригтой хэрэг байна. Тэгэхээр үүнийг
хараад архи уухаа болих хэрэгтэй гэж аав чинь өөртөө дүгнэлт хийнэ
байх. Хүн үргэлж сайн үйлс хийнэ гэж байхгүй. Заримдаа муу зүйл хийсэн ч
гэсэн үүнийгээ ухамсарлаад больчих хэрэгтэй. Энэ орчлонд дандаа сайн
хүн байхгүй. Манай сургуулиудын нэг том дутагдал бол зөвхөн онц сайн
сурдаг цөөн хэдэн хүүхэдтэй ажиллаад байдаг. Гэтэл тэр цөөн хэдэн онц
сурдаг хүүхдэд бус нийтэд нь боловсрол олгохыг зорих ёстой.
Заавал
ном сонинд бичсэн онолын дагуу биш нийт хүүхдүүддээ анхаарал хандуулах
нь чухал. Хүүхдүүд та бүхний ойлголт нэг байх албагүй. Тухайн нэг хүүхэд
бусдаас өөр ойлголттой байж болно. Энэ бол тэр хүүхдийн эрхийн асуудал.
Гол нь тэр хүүхэд өөрийн ойголтоо тайлбарлах хэрэгтэй. Тэгэхээр хүүхэд
өөрийгөө хамгаалах эрхтэй. “Ааваа, та буруу ярьж байна” гэж хэлэх
эрхтэй. “Намайг өөрийгөө хамгааах эрхтэй гэж хэлсэн, тийм учраас би
тайлбарлаж байна” гэж хэлэх эрх хүүхэд бүрт бий.
Хүүхэд
гэдэг чинь ургаж буй ногоо л гэсэн үг. Та бүхэн өсч том болоод ирээдүйн
Монгол Улсыг бүтээж, авч явна. Тэгэхээр хүүхдийн оролцоо гэдэг хамгийн
чухал зүйл юм. Хүүхдийг ялгаварлаж болохгүй. Хүүхдийг ялгаварлах тухай
Монгол ардын зүйр цэцэн үг бий. Ямар үг билээ? “Аяганы алгаас адууны
алаг нь дээр” гэж. Адуу бол өөр өөр зүстэй байж болно. Харин хүүхдийг
битгий ялгаварла. Адуу малын зүсийг ийм тийм гэж ялгана уу гэхээс
хүүхдийг янз бүрээр ялгаварлаж болохгүй л гэсэн санаа юм.
Ерөөсөө
энэ гэрт хувьсгал гаргая. Хүүхдээ сонсдог болъё. Би өөрөө аав. Би өөрөө
Ерөнхийлөгч. Надад бас нэг дутагдал байдаг. Хүүхдийнхээ үгийг
сонсдоггүй. Бодоод байсан чинь би хүүхдээ хамгийн сайн мэддэг юм шиг
мөртлөө хамгийн муу мэддэг юм байна. Яагаад гэвэл хүүхдээ сонсдоггүй,
хүүхдээ оролцуулж асуудал шийддэггүй. Тийм учраас би аавын хувьд нэг
дутагдлаа засъя гэж бодож байгаа юм. Бүх аавуудад, бүх ээжүүдэд уриалж
байна. Хүүхдээ сонсч байя. Хүүхдэд битгий дээрэлхүү ханд гэж. /Сурагчид
алга ташив/
Хүүхдийг
оролцуулж асуудлыг шийд. Хүүхэд хаана хамгийн их оролцож болох вэ. Өсч
төрсөн гэр бүлдээ л хамгийн их оролцоно биз дээ. Өөр хаана оролцож болох
вэ, та нар?
Сурагчид: -Сургууль дээрээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч:-Сургууль
дээрээ. Гэр бүлд оролцоогоо яаж бий болгох вэ. Наад зах нь зун боллоо.
Аав, ээж хоёр оо, Баянхонгор явах уу, Дорнод явах уу. Хүүхдээсээ түүнийг
асуу л даа. Хүүхэд үүнийг ярьж болно оо доо. Аав, ээж хоёр энэ зун
Хөвсгөл явна гэж шийддэг. Тэгээд л хүүхэд Хөвсгөл явдаг. Гэтэл хүүхэд
Хөвсгөл явмааргүй байж болно шүү дээ. Өөр газар очиж үзмээр байж болно
оо доо, тийм ээ. Үүнийг хүүхдээсээ л асуу.
Өөр нэг асуудал. Хүүхдийн 20 мянган төгрөг гэж та нарын нэр дээр мөнгө ирдэг, мэдэх үү?
Сурагчид: -Авдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч:-Энэ
хүүхдийн 20 мянган төгрөгийн талаар та нараас аав, ээж чинь асуусан
хүүхэд байна уу. Миний хүү энэ мөнгийг яаж зарцуулах вэ гэж асуусан уу.
Хэдэн хүүхэд байна, гар өргө дөө. Энд гурав, дөрөв байна. Энд дөрөв,
тав, зургаа байна. Энэ талд бас тав, зургаа байна. Энд энэ хүүхэд өргөж
байна. Энд зургаа. Ингээд харахад цөөхөн байна. Хүүхдийн 20 мянган
төгрөгийн талаар гэр орондоо аав ээжтэйгээ хамгийн түрүүнд яримаар
байгаа юм. “Миний 20 мянган төгрөгийг авсан гэсэн. Ээж ээ, миний 20
мянган төгрөгийг та дансанд хийгээд байгаа юм уу, аль эсвэл талх аваад
байгаа юм уу. Эсвэл аавд өгч явуулаад байгаа юм уу. Өнөөдөр бүх хүүхэд
очиж ээж, ааваасаа асуугаарай. Миний 20 мянган төгрөг хаана яваад байна
гэж. Төрөөс та бүхэнд өгч байгаа мөнгө биз дээ, тийм ээ? Тэгээд нэг
асуу. Асуугаад ирэхээр аав, ээж чинь нэг тайлбар хэлнэ. Аль эсвэл буруу
зарчихсан байж магадгүй учраас та бүхэн яаж зөв зарцуулах талаар аав,
ээждээ хэл. Ингэж гэртээ эхэлж оролц.
Сургууль
дээр хамгийн түрүүнд ямар оролцоо байж болох вэ. Хичээлийг хүүхдүүдийг
оролцуулж заая. Хүүхдээ сонсч заая. Ямар ч томъёо, ямар ч физик,
математик,химийг хүүхэдтэйгээ хамтарч, хүүхдээр эхэлж гаргуулж заавал
зүгээр. Хүүхэдтэйгээ хамтарч ярьж, хүүхэдтэйгээ хамтарч ажилладаг багш л
хамгийн сайн багш. Тэгж байж л хүүхэддээ юм ойлгуулна. Багшийн
мэддэгийг мэдээд л байх юм бол багшаасаа илүү гарч чадахгүй.
Уг
нь маргааш хичээлдээ явахдаа “Аав аа, өчигдөр би багштайгаа ингэж
маргасан шүү. Би өнөөдөр интернэтээс үзээд, фейсбүүкээр найзуудтайгаа
ярилцаад үзсэн чинь энэ асуудлыг ингэж манай найз хэлж өгсөн. Багшийн
энэ тал нь буруу юм байна лээ. За маргааш очоод багшийгаа нэг сайхан мад
тавина даа” гэж бодож очдог. Тэгэхийн тулд яарч байдаг байх ёстой.
Энэ
хоёр хүүхэд өчигдөр ингэж хэлсэн. Би тэр тухай бодоогүй байсан чинь тэр
хоёр хүүхэд ярьсан. Гэхдээ тийм дутуу юм ярьсан байна лээ. Маргааш анги
дээрээ очиж байгаад би ийм ярилцлага өрнүүлнэ гэдэг байх ёстой.
За та нар юу гэж тохиров. Танай сургуульд ямар асуудал байна. За маш богино хугацаанд хэлээрэй?
-111 дүгээр сургуулийн 11 А ангийн сурагч Орхонтамир:
-Манай сургууль эко орчин бүрдүүлэх гэж их хичээдэг. Гадаа талбайд мод,
цэцэг тарьдаг. Тэгсэн чинь тэрийг зөвхөн багш нар тарьдаг. Хүүхдүүд
оролцдоггүй байсан. Тийм болохоор хүүхдүүд “За би тариагүй юм чинь” гээд
модыг хугалдаг, цэцгэн дээр гишгэдэг байсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч:-Хүүхдүүд өөрөө хийгээгүй юм чинь, тийм ээ?
Сурагч Орхонтамир:
-Тэгээд хоёр жилийн өмнөөс хүүхдүүдийг өөрсдийг нь оролцуулдаг болсны
үндсэн дээр хүүхдүүд тэрийг хайрлаад өөрсдөө усалдаг болсон. Одоо их гоё
ургасан.
Монгол Улсын Ерөнхийлөгч:-За
танай сургуулийн хүүхдүүд мод тарихад оролцъё гэж байна. Та ямар
хариулт өгөх вэ. Өөрийгөө багш, захирал гэж бодоод хариулбал?
Сурагч:
-Сүүлийн үед “Ногоон эрин” сэтгүүл гээд байгальд ээлтэй олон сэтгүүл,
сайтууд гарч ирсэн. Сүүлийн үед хүүхдүүд багш нартайгаа хамтдаа мод
тарих орчин их бүрдсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч:-За тэгвэл оролцуулах юм байна.
Сурагч: -Тийм.
Монгол Улсын Ерөнхийлөгч:-Ингээд
асуудлыг шийдэх нь. Ерөөсөө аливаа асуудлыг ярилцахдаа нэг хэсэг нь
шүүгч болоод, нэг хэсэг нь санал дэвшүүлж байгаа хүмүүс болоод л ярих
хэрэгтэй. Манайд хүүхдүүдийн дунд тийм юм байдаг биз дээ. Нэг хэсэг нь
Засгийн газар болоод, нэг хэсэг нь УИХ болоод ярьдаг, тийм ээ. Нэг хэсэг
нь шүүх болоод, нэг хэсэг нь асуудал оруулж байгаа хүмүүс болоод. Энэ
аргыг л би та бүхэнд харуулах гэсэн юм.
Хүн
болгон хүүхдэ сайн хүн болгохыг мөрөөддөг. Гэтэл тэр сайн хүн болох үүд
хаалгыг хаагаад байгаа юм. Хүүхдээ оролцуулахгүй байна гэдэг чинь л
үүд, хаалгыг хаасан байна гэсэн үг.
Сократ
гэдэг гүн ухаантан 2500 жилийн өмнө хэлсэн байдаг. “Хүн бүрт нар
байгаа. Тэр наранд гэрэлтэх боломж олгооч” гэж. Тэгэхээр өнөөдөр
хэдүүлээ Сократын үгийг жаахан өөрчилье. Хүүхэд бүрт нар байгаа. Тэр
наранд гэрэлтэх боломж олгооч. Хүүхдийг оролцуулаач ээ. /алга ташицгаав/
Хүүхдийг
оролцуулж асуудлыг шийд. Та намайг нартай төрүүлчихээд хажуугаар нь
өөрөө үүл болоод хаагаад байх юм гээд, тийм ээ. Хуулийн талаар хэлсэн
Сократынбас нэг гайхамшигтай үг бий. Платон гэдэг бас нэг гүн ухаантан
“Сократын ярианууд” гэж ном гаргасан байдаг.
Сократыг
цаазлагдах гэж байхад түүний Крито гэдэг шавь хүрч ирээд “Хөөе, багш
аа, та зүгээр л Афинаас явчихаач дээ. Шоронгоосоо оргочихооч. Шорон
нээлттэй байж байна. Маргааш таныг цаазлах гээд байна. Таныг оргоод өөр
хот руу очиход хэн ч таныг олохгүй” гэсэн ч Сократ явж өгөхгүй суугаад
байжээ. Тэгээд цаазлуулах болсон. Тэр үед, 2500 жилийн өмнө цаазлахдаа
уух юманд нь хор хийж уулгадаг байсан байгаа юм. Сократ шавьдаа” Би яаж
оргох юм бэ. Бид нийлээд л шийдсэн шүү дээ. Буруу юм хийвэл цаазаар
авахуулна гээд шийдчихсэн. Бид ийм нийгэм байгуулсан. Би оргоод яваад
өгвөл та нарт буруу үлгэр үзүүлнэ биз дээ. Тийм учраас би цаазлуулна”
гэжээ. Тэгээд цаазлуулсан. “Тэр хууль ямар ч бай, буруу ч бай, зөв ч
бай, цаад шийдвэр гаргасан хүн буруу ч бай, зөв ч бай, хамаагүй. Хууль л
ингэж шийдсэн. Бид хүний нийгэмд амьдарч байгаа. Би ганцаараа амиа
бодоод байх хэрэггүй. Би олон нийтийг бодож байгаа учраас би энэ хуулийг
дагах ёстой” гэж Сократ хэлээд хор ууж цаазлуулсан. Хор хөлнөөс нь
эхэлж үйлчлээд сөхөрч унахдаа шавиа дуудаад “Хөөе Крито, Аскелипус “гэж.
Аскелипус гэдэг нь өвчин зовлон арилгадаг Грекийн бурхны нэр. “Тэнд би
нэг муурны өртэй юмсан. Тэр муурыг өгчихөөрэй” гэж хэлээд амьсгал
хураасан. Тэр юу гэсэн үг вэ. Тэрийг өөрсдөө бодоорой.
Одоо бид өөрсөд дээрээ жишээ авъя. Чингис хаан. Чингис хаан юугаараа алдартай вэ. Хүүхдүүд юу гэж бодож байна?
Сурагч: -Их засаг хуулиараа алдартай гэж бодож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч:-Маш зөв. Өөр хэлэх хүүхэд байна уу. За энэ охин.
Сурагч: -Сурагч Булгантуяа байна. Чингис хаан хүнийг удирдах авъяастай. Ухаантай хүн байсан.
Монгол Улсын Ерөнхийлөгч:-Удирдахдаа юугаар удирддаг байсан бэ?
Сурагч: -Хуулиар.
Монгол Улсын Ерөнхийлөгч:-Хуулиар
удирддаг байсан. Яг зөв. Чингис хаан дэлхийд тийм том газар эзэлсэн
мөртөө өөртөө хөшөө босгуулаагүй. Чингис хаан алдар хүндийн төлөө
яваагүй. Чингис хаан алт, мөнгө цуглуулаагүй. Чингис хаан юуг сургаж
явсан бэ. Их засаг хуулийг л хэрэгжүүлэхийг сургаж явсан. Төрийн хууль,
төрийн дэглэм журам гэж ийм байдаг гэдгийг сургаж явсан. Тийм учраас
Монголын хаадаас хамгийн алдартай хүн бол Чингис хаан юм.
Тэгэхээр
юу үлддэг гэж бодож байна? Хаан 800 жилийн өмнө байсан тэр биеэрээ
үлдэхгүй. Гэтэл тэр хүнээс сургааль нь үлдсэн. Тэр хүний тогтоож явсан
дэг журам нь үлдсэн. Дэг журмаа Их засаг хууль болгож бичсэн. Үүгээрээ л
дэлхий нийт Чингис хааны тухай сайнаар ярихдаа, алдартайг нь ярихдаа
энэ тухай ярьдаг.
Ингээд
хичээл юм чинь даалгавар өгье гэж бодож байна. Таван даалгавар өгье гэж
бодож байна. Нэг дэх даалгавар. Сургууль дээрээ та бүхэн очоод
сургуулийн дүрмээ судлаарай. Танай сургуулийн дүрэм та нарын тухай байна
уу, өөр юмны тухай байна уу. Гадаад орнуудын сургуулийн дүрмүүд голдуу
95 хувь нь хүүхдүүдийн тухай байх юм. Манай сургуулийн дүрэм 90-95 хувь
нь сургуулийн удирдлага, аж ахуй, шал өөр юмны тухай байна. Хүүхдүүд
ямар хувцастай байх вэ. Охидод ямар хувцас хориглох, эрэгтэй хүүхдэд
ямар хувцас хориглох, сургуулийн хоолны зааланд юу хийж болох, юу хийж
болохгүй гэчихээд гадаа машин яаж ирж зогсох, яаж орох, хүүхдийн аюулгүй
байдлын тухай юу ч тусгаагүй.Ийм дүрмийг өөрчлөх хэрэгтэй. 2010 оны
аравдугаар сард Боловсролын сайдын чиглэлээр батлагдсан дүрэм байна лээ.
Дүрмээ судал, дүрмээ судлаад өөрсдөө санал дэвшүүл. Заавал муу байна
гэж хэлэх биш, өөрсдөө ийм байя гэж ярих хэрэгтэй.
Хоёр
дахь зүйл гэвэл танай сургууль дээр хүүхдийн эрх ямар байна. Хүүхдийн
хамгаалал ямар байна. Хүүхдийн оролцоо байна уу, үгүй юү гэдгийг судалж
үзээд оролцоо байлгахын тулд ийм юм хийе гэх хэрэгтэй. Ангиасаа л
эхэлмээр байгаа юм. Маргааш ангидаа орж ирэх эхний багшаасаа л “Багш аа,
хэдүүлээ хамтдаа нийлээд суръя” гэе. Багш хүүхэдтэйгээ хамтдаа нийлээд
сурч болно. Хүүхэдтэйгээ цуг урагшилж болно оо доо, тийм ээ. Энэ хичээл
дээр би ийм бодолтой байна. Та намайг сонсооч. Багш буруу байна, зөв
байна гэх биш, та миний үндэслэлийг сонсооч гэе.
Гурав
дахь зүйл нь мөнгөтэй холбоотой. Би сая хүүхдийн мөнгөний тухай ярьсан.
Хүүхдийн мөнгөнийхөө асуудлыг асуудал болгож тавиарай. Хүн бусадтай
хуваалцаж байх ёстой. 20 мянган төгрөгөөсөө ядуу зүдүү амьдралтай ч юм
уу, шаардлагатай хүүхэдтэй хуваалц. 20 мянган төгрөгийнхөө таван төгрөг
тутмын нэгийг та нар бусадтай хуваалц л даа. Оролцоогоо бий болгоё гэвэл
мод тарья. Ангиараа хүүхдийн мөнгөнөөсөө дөрөв дөрвөн мянган төгрөг авч
ирээд, модны үр, цэцэг авч ирээд ангиа сайхан болгоё. Энэ хүүхэд
сургуулийн формоо авч чадаагүй. Хөөрхий ээж,аав нь ажилгүй, амьдрал нь
хэцүү. Өнчин хүүхэд учраас энэ найздаа форм авч өгье. Ингэж эхлэх юм бол
оролцоо бий болно, тийм биз.
Шилэн
дансны тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсан байгаа. Есдүгээр сарын 1-нээс
шилэн данс гэдэг юмтай болж байгаа. Танай сургуульд зарцуулагдаж байгаа
мөнгөн дээр та нар хяналт тавиарай. Жилдээ манай сургуульд хэдэн төгрөг
орж ирдэг юм. Яаж зарцуулагддаг юм гэдгийг захирал ханан дээрээ гаргах
ёстой, веб сайт дээрээ гаргах ёстой юм байна лээ. Өдөрт мөнгөө яаж
зарцуулж байгаа юм. Ингэх юм бол та нарын хамгийн сайн оролцоо бий
болно. Хүүхдүүд өөрсдөө гүйж байж л энэ бүхнийг бий болгох ёстой.
Хүүхдийн
эрхийн тухай конвенц гэж байдаг. 1989 оны арваннэгдүгээр сарын 20-нд
батлагдсан. 1989 он, арваннэгдүгээр сар миний амьдралд чухал он учраас
би тогтоочихсон юм. Хүүхдийн эрхийн тухай конвенц , Хүүхдийн эрхийн
тухай хуулийн хэрэгжилт юу болж байна вэ гэдгийг дөрөвт нь бичээрэй.
Хүүхдийн эрхийн стратеги гэж хүртэл баталсан байдаг. Та нар мэдэхгүй л
байгаа. 2011 оны арваннэгдүгээр сард Шадар сайдын 65 дугаар тушаалаар
батлагдсан. Гэтэл энэ тухай сургуулийн хүүхдүүд ерөөсөө мэддэггүй.
Фейсбүүктэй
хүүхдүүд байна уу. Гараа өргө дөө. Сайн байна. Ихэнх нь хэрэглэж байна.
Маш сайн. Твиттер. Твиттер муу байгаа юм байна. Youtube дээр
юм байрлуулж үзсэн, юм үздэг хүүхэд байна уу. Хүн хууль зөрчиж байна
гэж үзэж байгаа бол та нар зүгээр л тэр зөрчиж байгааг нь утас байгаа
бол баримтжуулаад л Youtube дээр
байрлуулчих. Сонсоод байхад нэг хүүхдийн чинь аав архи уугаад хүүхдээ
зодоод байдаг бол бүгдээрээ очоод тэр аавтай уулз. “Та битгий охиноо зод
л доо” гээд. Ийм санаачилга гарга. Оролцоно гэдэг бол өөрөөс чинь л
хамаарна. Өөрөө л санаачилга гаргахгүй бол та нарыг хэн ч оролцуулахгүй.
Хамгийн гол дүрэм тэр байх нь байна шүү дээ. Тийм учраас эхлээд
оролцооны талаар дотроо ярь. Шаардлагатай бол баримтжуул. Бусадтай
хуваалцаж бай. Фейсбүүк дээр л зургийг нь тавьчихаж бай л даа. “Энд би
нэг ийм хууль бус юм харлаа. Манай сургууль дээр нэг ийм юм боллоо.
Манай багш ингэж аашиллаа” ч гэдэг юм уу.
Төгсгөлд
нь би юу гэж хэлэх гэсэн бэ гэхээр хүн сайн явах хэнээс хамаарах вэ,
өөрөөс л хамаарна. Бурхан багшийн хэлсэн үг байдаг. Аврал өөрт чинь бий
гэж. Сайн хүн болно уу, муу хүн болно уу, өөрөөс чинь л хамаарна. Тийм
учраас миний хэлэх дуртай нэг санаа бол хүн бол өөртөө төртэй. Хүн бол
өөртөө хуультай. Та нар өнөөдөр өөртөө хууль гарая гэвэл ямар заалт
оруулах вэ. За энэ хүүхэд гараа өргөлөө, хоёулаа нийлж нэг хууль гаргая.
Өөрийн амьдралдаа баримтлах зарчим гэсэн үг шүү дээ.
Сурагч: -Нэгд, өөртөө үнэнч.
Монгол Улсын Ерөнхийлөгч: -Өөр, за энэ охин.
Сурагч: -Нэгд, гэрийн даалгавраа тогтмол хийж, хичээлдээ идэвхтэй оролцох, хоёрт, хэзээ ч муу зүйлд автаж, муу зүйл хийж болохгүй.
Монгол Улсын Ерөнхийлөгч:
-За, би өөртөө зориулж ийм гурван заалттай хууль гаргалаа. Нэгд, хууль
зөрчихгүй. Хуулийг дагаж биелүүлнэ. Хоёрдугаарт, бусдыг хүндэтгэнэ. Ээж
аавууд бусадтай зөв харилц гэж хэлдэг. Гурав дахь заалт бол оролцоно.
Миний тухай ярьж байгаа бол, миний ард түмний тухай ярьж байгаа бол,
миний иргэдийн тухай ярьж байгаа бол би оролцох ёстой. Хууль зөрчихгүй,
бусдыг хүндэтгэнэ, тэгээд оролцоно гэсэн хуулийг би өөртөө гаргалаа.
Бүгдээрээ амьдралдаа баримталдаг ийм зарчимтай болох ёстой. Ирэх жил
есдүгээр сарын 1-нд би дахиад хичээл заана. Тэгэхдээ би энэ жил таван
чиглэлээр даалгавар өглөө. Ирэх жил энэ даалгаврыг хамгийн сайн
биелүүлсэн хамгийн сайн оролцоотой сургуулийн сурагчдыг оролцуулдаг ч юм
уу.
Хүүхдийн
мөнгөний тухай, шилэн дансны тухай, хууль дүрэм, хүний эрхийн
конвенциудыг судалсан тэр сургуулиудыг оролцуулж ирэх жилийнхээ
хичээлийг хийж магадгүй. Нэг хувилбар ийм байгаа. Өөр сэдвээр ч ярьж
магадгүй. Энд нэг хүүхэд гар өргөлөө.
Сурагч:
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Төрмөнх гэдэг. Би
бол төрийн өмчит Кембрижийн сургалттай сургуулийн хамгийн анхны 40
сурагчийн нэг байгаа юм. Манай сургуулийн одоогийн байдал, хийж байгаа
ажил, хүүхдийн эрхийг яаж дээдэлдэг, яаж сурагч төвтэй хичээл явуулдаг
болон бидний олон улсад гаргасан амжилтыг манай сургууль дээр ирж
сонирхоно уу гэсэн манай захирлын мэндчилгээг дамжуулж байгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч:
-За их баярлалаа. Ер нь сургуулиа, аливаа юмыг сайн болгоё гэвэл хүнээс
биш, дүрэм журмаас шалтгаалдаг. Танай сургуулийн дүрэм хүүхдийн
оролцоотой байна уу, хүүхдийн оролцоог хэр хангасан байна гэдгийг та
бүхэн өөрсдөө хараарай.
Ингээд
“Хүүхдийн оролцоо, хуулийн засаглал” гэдэг энэ хоёр зүйл хүүхдээс эхлэх
хэрэгтэй. Хүүхдүүд маань сайн байх юм бол бидний ирээдүй сайн байна. За
та бүхэнд их баярлалаа" гэв.
Мэдээллийн эх сурвалж : Монгол Улсын Ерөнхийлөгч “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо” сэдвээр теле хичээл заалаа.
No comments:
Post a Comment