Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 09 сарын 20-ны өдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө, төсвийг батлах тухай, Хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулж, орон нутгийн өмчийн хөрөнгийг төрийн өмчид шилжүүлэх тухай асуудлуудыг хэлэлцлээ.
“Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө, төсвийг батлах тухай” асуудлыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.
Танилцуулгад “Нийслэлийн шинэ удирдлагууд ажлаа хүлээн авч, үргэлжлүүлээд нэг жилийн хугацаа өнгөрчээ. Тиймээс энэ удаагийн Нийслэлийн өдөр буюу Нийслэлийн 374 жилийн ойг өөрсдийн хийж хэрэгжүүлсэн ажлаа ард түмэндээ тайлагнаж, дүгнэлт хийхэд анхааран тэмдэглэхээр төлөвлөж, ажлын төлөвлөгөөгөө боловсруулсан. Мөн нийслэлийнхээ бүхий л насны иргэд рүү чиглэсэн, тэднийг оролцоог хангасан үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тухайлбал,Эрүүл, аюулгүй байдлын индексийг тогтоож, сайжруулах ажлын хүрээнд хийгдсэн ажлууд, Улаанбаатар хотын иргэдийг тав тухтай амьдрах нөхцлөөр хангадаг томоохон аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцах, Монголын Хүүхдийн ордон, Хөгжим бүжгийн коллеж, СУИС-ийн оюутан, сурагчдын тайлан тоглолт, “Хүүхдийн найрал дууны уралдаан”-ыг зохион байгуулах, Нийслэлийнхээ бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийн төлөө зүтгэсэн шилдэг иргэдээ урамшуулах, Томоохон сүлжээ дэлгүүр, нийтийн хоолны газруудад хямдралтай, урамшуулалтай худалдаа хийх зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөжээ. Хот тохижилтийн ажилд анхаарал хандуулж, гудамж, замын тэмдэгийг угаах, зорчих хэсгийн тэмдэглэлийг сэргээн будах, замын гэрэлтүүлгийн бүрэн бүтэн байдлыг хангах ажлыг Улаанбаатар хотын Захриагчийн ажлын алба удирдан зохион байгуулах юм. Энэ ажлын хүрээнд “Хоггүй гудамж-Хоггүй хороо” болзолт уралдаан, Шилдэг цэцэрлэгжүүлэлт, хаягжилт, гэрлэн чимэглэл бүхий байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулах гээд бүтээлч, санаачлагатай иргэдээ дэмжиж, урамшуулах арга хэмжээнүүд байгааг танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга “Зөвхөн энэ жил гэлтгүй, цаашдаа Нийслэлийн өдрийг ард түмэндээ ажлаа тайлагнаж, дүгнүүлэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байх болно. Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар төлөвлөсөн ажлууд дээр нэмж нийслэлийн “Шилдэг бүтээн байгуулалт”-ыг гардан хийж, үнэтэй хувь нэмэр оруулсан иргэдээ шалгаруулж, “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-ыг олгох хэрэгтэй. Энэ бол өнгөрсөн хугацаанд хийсэн, цаашид хийх олон томоохон бүтээн байгуулалтад иргэн, аж ахуйн нэгжийг уриалсан бодит үйл ажиллагаа болно. Мөн нийслэлийн өдрийг угтаж хот тохижилтийн ажлаа сайтар зохион байгуулаарай” гэж онцлон хэлсэн юм. Нийслэлийн Засаг даргын дээрх саналын дагуу “Шилдэг бүтээн байгуулалтын эзэд”-ийг шалгаруулахаар боллоо. Ингээд нийслэлийн Удирдлагын зөвлөлийн гишүүд уг асуудлыг дэмжиж НИТХ-ын Тэргүүлэгчидийн хуралдаанд хэлэлцүүлэхээр боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
No comments:
Post a Comment