Жил бүхэн манай орон нутгийн удирдлага Улаанбаатарт хүрэлцэн ирж, тухайн жилийнхээ асуудлуудыг УИХ, Засгийн газар, бусад олон чиглэлийн байгууллагуудтай ярилцдаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу цуглаж байгаа. Мөн энэ жил нутгийн удирдлага, түүнд тулгамдаж байгаа асуудлууд, сорилт, ямар шийдэл байж болох тухай гэсэн цаг үеэ олсон асуудлаар та бүхэн ярилцахаар цугларсан нь их зөв юм.
Эхэнд нь миний хэлэх нэг санаа бол бидний сонгож авсан зам, манай нийгмийн байдалтай холбоотой хоёр зүйлийг хэлье. Хоёр хэсэг ойлгот яваад байгаа юм. Нэг хэсэг нь бидний сонгосон зам бол зөв. Ерөөсөө үүгээр явах ёстой гэсэн, түүнд итгэсэн, тэр нь догма болчихсон нэг хэсэг явж байна. Дээхнэ үед бид хуучинсаг үзэлтэн гэж ярьдаг байлаа шүү дээ. Яг тийм хэлбэр рүү орчихсон. Гэтэл дэлхий нийт, орчин нөхцөл маш их өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр бидний сонгож авсан зам гэдэг ойлголт бол монголчууд улс нийгмээ, амьдралаа хамгийн үр дүнтэйгээр яаж удирдаж авч явах вэ гэсэн асуудал шүү дээ. Түүний эрэл хайгуул байгаа юм. Хамгийн үр дүнтэй удирдлагад орон нутагт ч бай, төвд ч бай, нийцэхгүй байгаа бол бид явж байгаа зүйлээ солиод, өөрчлөөд, шинэчлээд явах ёстой гэсэн нэг зүйл байгаа. Хоёр дахь хэсэг бол “Бүх юм болохоо байчихлаа. Одоо орвонгоор нь өөрчилж эргүүлэхгүй бол болохгүй байна. Миний ярьж байгааг л хийхгүй бол болохоо болилоо” гэсэн нэг ийм ойлголт явж байна.
Эндээс дүгнэлт хэлэхэд шинэ нийгэмд шилжээд бид 26 жил болоход хүмүүс бид бүгдээрээ маш их суралцсан. Нийгэм өөрөө маш их хэрсүү болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Нийгэмдээ халдацгүй, наалдацгүй зүйл ярихад нийгэм түүнийг хүлээж авч чадахгүй. Эндээс юу гэж хэлэх гэж байна вэ гэвэл өнөөдрийн энэ тогтсон тогтолцоо, улс төр, энэ чиглэл нь сайжрах тал руугаа цаашаа явах байх. Нэг их унаад айхавтар муудчихгүй байх. Бас нэг их айхавтар солигдоод, өөр болоод, мундаг болчихгүй байх. Ерөнхий гол дүн нуруу бол энэ чигээрээ цаашаа үргэлжилнэ. Мэдээж энд өөрчлөлт, шинэчлэлт хийгээд явах нь ойлгомжтой. Яагаад гэвэл нийгмийн суурь, хүмүүсийн ойлголт маань, хүмүүсийн авч байгаа мэдээлэл тийм хэмжээнд төлөвшиж чадлаа гэдгийг бас хэлэх ёстой.
Аливаа амжилттай нийгэмд нэг зүй тогтол байна. Ямар ч нийгэм бай, ямар ч нэртэй бай зүй тогтолтой. Энд би гурван зүй тогтлыг эхлээд хэлье.
Нэгдүгээрт, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хүндэтгэнэ. Эрх, эрх чөлөө, үүрэг хариуцлага гэдгийг ижил тэнцүү авч үзэж байгаа юм. Манайх үүрэг хариуцлага гэдэг талаа их орхигдуулсан. Иргэн дээр ч бай, албан тушаалтан дээр ч бай. Тийм учраас эрх, эрх чөлөө, үүрэг хариуцлагыг ижил тэнцүү авч явдаг.
Хоёрдугаарт, хуулиар засаглах ёсыг, хуулийн засаглалыг л хатуу мөрддөг. Хууль биелүүлдэг, хууль биелүүлээгүй зөрчсөн бол, ялангуяа албан тушаалтан зөрчсөн бол хариуцлага хүлээдэг. Хэн ч хуулийн гадна, хэн ч хуулийн дээр биш гэдэг ойлголт байгаа юм. Энэ бол амжилттай явж байгаа нийгмийн бас нэг зүй тогтол.
Гурав дахь зүй тогтол бол иргэдийн оролцоо, санаачилгыг дэмждэг. Нэгэнт л тэр иргэдийн өөрсдийнх нь байгуулж байгаа, сайн сайхан явахын төлөө байгуулж байгаа нийгэм учраас түүнийг дэмждэг, ийм нэг гурван зүй тогтол байна. Үүнд бид нийцүүлж ажлаа харж явах ёстой.
Өнгөрсөн 25 жилд олон амжилт, ололт гарсан. Үүнийг хүмүүс ярьдаг. Харин болохгүй зүйл дээр нь би хоёрхон зүйл хэлье. Миний харж байгаагаар ялангуяа улс төрийн системд, төв, орон нутгийн удирдлагад, хаанаа ч гэсэн адилхан анхаарах ёстой хоёр том дутагдал, хоёр том засах ёстой зүйл байгаа юм.
Нэгд, иргэдийн улс төрийн эрхийг янз бүрийн аргаар булааж авах, иргэдийн улс төрийн эрхийг булааж өөрсдөө хэрэгжүүлэх гэсэн оролдлого маш эрчимтэй явсан. Нэгдүгээрт энэ нь сонгуулиар дамжсан.Сонгуульд баахан хүн өрсөлддөг. Сонгуулийн үеэр баахан ярьдаг. Сонгуулийн үеэр баахан гоё юм амладаг. Тэгээд яваад өгдөг. Иргэд тэр сонгогдсон улс маань бидний эрхийг төлөөлнө. Биднийг төлөөлж ажиллана гэж боддог. Тэд ярьж байсан зүйлийнхээ ихэнхийг мартдаг. Одоо бид үүнийгээ бодох хэрэгтэй.
Өөр нэг зүйл бол намаар дамжиж булааж авч байгаа. 1990 оны сонгууль шиг ардчилсан сонгууль ер нь Монголд дахиж болоогүй гэж хэлж болно. Тэр үед албан байгууллагууд нэр дэвшүүлдэг байсан. Гудамж, иргэдийн хороо, хэсэг нэр дэвшүүлдэг байсан. Санаж л байгаа байх. 2300 гаруй нэр дэвшигч дэвшиж байсан. Иргэд цуглаад, нэрээ дэвшүүлээд, энэ хүн намайг төлөөлнө гээд явдаг байсан. Одоо бол зөвхөн нам дэвшүүлнэ. Манай намын дэвшүүлсэн хүний төлөө л та саналаа өг. Өгөхгүй бол бай гэдэг. Иргэдийн улс төрийн сонголтынх нь эрхийг иймэрхүү байдлаар авсан байна. Бид нар үүнийг ингэж хэт нэг тал руу явуулжээ. Үүн дээр бид бодох ёстой юм биш үү. Орон нутагт ч адилхан, төвд ч адилхан ийм байдал ажиглагдаж байгаа. Тэгээд гарсан нөхдүүд ихэнх тохиолдолд өөрийн дур зоргоороо, иргэдийн нийтлэг эрх ашиг гэдэг ойлголт байхгүй. Өөрсдийнхөө дур зоргоор явуулдаг. Энд байгаа Засаг дарга нар, Иргэдийн Хурлын дарга нар Ерөнхийлөгчөөсөө эхлээд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Бид эхлээд ард түмний хүн байх ёстой. Бид эхлээд ард түмний нийтлэг эрх ашгийг төлөөлдөг хүмүүс байх ёстой. Тэр нийтлэг эрх ашигт үйлчилдэг хүн байх ёстой. Дараа нь чи тэр намын хүн байж болно.
Эхлээд би ард түмний хүн байх ёстой шүү. Эхлээд би энэ төлөөлж байгаа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дээр амьдарч байгаа иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө явах ёстой шүү. Тэнд үйлчилгээ үзүүлэх ёстой гэдгээ маш их сайн ойлгомоор байгаа юм.
Өнгөрсөн 25 жилд гарсан, болохгүй байгаа хоёр дахь зүйл бол хариуцлага хүлээхээ больсон. Ямар ч сайхан нийгэм, ямар ч сайхан юм яриад тэнд албан тушаалтан нь хариуцлага хүлээдэггүй бол тухайн нийгэм, тухайн байгууламж, тухайн тогтолцоо утгаа алддаг. Хуулийн ч бай, ёс зүйн ч бай, сонгуулийн ч бай, бүх утгаа алддаг. Энэ хариуцлага гэдэг зүйл алга болсон. Мэдсээр байж хуулийг зөрчдөг, “Би хууль зөрчинө. Намайг зөрччихсөн байхад хэн ч яаж ч чадахгүй. Би хариуцлагаас ангид байж чадна” гэж боддог. Бүхэл бүтэн ийм бүлэглэл, зохион байгуулалт, ийм хэсэг нийгэмд бий болж, гарч ирж байгаа. Имй байдлыг бид зогсоохгүйгээр өнөөдөр энд хэчнээн сайхан юм яриад явахгүй. Энэ хоёр зүйлийг засахын төлөө ажиллах ёстой. Ажиллаж ч байгаа.
Үүнийг яагаад яриад байна вэ гэвэл өнөөдөр хүмүүсийн авч байгаа мэдээлэл, та бүхний хүүхдүүдийн авч байгаа мэдээлэл, иргэдийн авч байгаа мэдээлэл их өөр болсон. Орчин нөхцөл их өөрчлөгдсөн. Тийм учраас бид энэ орчин нөхцөл, байгаа зүйлдээ тааруулж, ирээдүйгээ харж, нөгөө талаас үнэт зүйлээ эрхэмлэж цаашаа явах ёстой. Миний харж байгаагаар юун дээр амжилт гараад байна вэ гэхээр иргэдийн оролцож, бүтээж хийж байгаа зүйл дээр л амжилт гарч байгаа.
Би та бүхний хөндөж магадгүй, хамгийн ярих дуртай сэдэв болох Орон нутгийн хөгжлийн сангийн асуудлыгн талаар ярья. Би 2009 онд гарч ирээд иргэдийн оролцоо хэрэгтэй. Монголчууд иргэний нийгмээ байгуулж байгаа. Иргэд оролцдоггүй иргэний нийгэм байж болохгүй гэж ярьсаар байгаад, зөвлөгөөн хийж зүтгүүлсээр байгаад хуульд өөрчлөлт оруулж Орон нутгийн хөгжлийн санг бий болгосон. 2013 оноос эхлээд тодорхой томъёогоор мөнгө хуваарилж эхэлсэн. 2014, 2015 онд өгсөн. Улаанбаатараас орон нутагтаа очоод амраад ирсэн хүн хүртэл ярьж байгаа. Аймгаас сум руу очсон хүн хүртэл ярьж байгаа шүү дээ. Суман дээр амьдарч байгаа хүн ч ярьж байгаа. “Үнэхээр манай сум, аймаг нүүрээ угаасан юм шиг боллоо. Шинэ юм шиг боллоо. Ажил хийгдэж байна” гэж ярьж байгаа. Иргэдэд эрхийг нь өглөө гээд орхиж болохгүй. Тэнд санхүүгийн эрх байхгүй бол, орон нутагт анхүүгийн эрх очихгүй бол, иргэдийн гар дээр асуудал шийддэг эрх очихгүй бол юу ч шйидэгдэхгүй. Бүх сум, дүүрэг, Улаанбаатар бүгд адилхан. Маш их зүйл хийгдсэн. Үүний цаана нэг их сайн зүйл гарч ирж байгаа. Хамтын амьдралын соёл бий болж байгаа. Соёл төлөвшиж байгаа. Нэгэнт тийм боломж үүсээд ирэхээр хүмүүс ирээдүйгээ ярьж эхэлдэг. Төлөвлөгөөгөө гаргаж эхэлдэг. Бүтээдэг. Нийлээд хийж, бүтээж байгаа зүйлээрээ бахархдаг болж эхэлж байгаа. Нэг хүн ярьж байсан. Гаднаас нэг залуу ирээд, аймаг дээрээ очиж байж байгаад гадагш явах гэснээ “Ерөөсөө би аймагтаа үлдлээ. Манай аймагт хүн аятайхан амьдрах сайхан боломж бүрдэж байгаа юм байна шүү дээ. Заавал би гадагшаа явж яах юм” гэсэн байна. Та бүхэн мэдэж байгаа. Улаанбаатар руу хөдөөнөөс нүүдэг нүүдэл нэг үеэ бодоход татраад, эргээд аймаг, сум руугаа очдог үзэгдэл нэлээд олон аймаг дээр гардаг болсныг мэдэж байгаа. “тэндээ очиж амьдаръя. Энд утаанд, түгжрээнд байгаад яах вэ” гэсэн ойлголт нэмэгдэж эхэлж байна. Энэ бол сайн зүйл
No comments:
Post a Comment