АНУ-ын Азийн сангийн Улаанбаатар хотын гэр хороолол дахь нийтийн үйлчилгээг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд иргэдэд үзүүлж буй нийтийн үйлчилгээтэй холбоотой шийдвэр гаргах үйл явцад иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Иргэдийн оролцоотой газрын зураглал” хийх төслийг 2013 оны 06 дугаар сараас эхлүүлсэн билээ. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн гэр хорооллын 11 хороонд иргэдийн оролцоотой газрын зураглал хийх ажлыг амжилттай дуусгаад байна.
Төслийн эхний шатны ажлын үр дүнг танилцуулах, иргэдийн оролцоотой газрын зураглалын зорилго, ач холбогдол, цаашдын үр нөлөөний талаарх нээлттэй хэлэлцүүлэгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран 8-р сарын 5-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Азийн сангийн хөтөлбөр, үйл ажиллагаа хариуцсан менежер Тирза Тиннисен болон бусад төлөөлөгчид оролцсон байна. Хотын дарга “АНУ-ын Азийн сангаас Улаанбаатар хотод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд гол суурь болохуйц “Иргэдийн оролцоотой газрын зураглал хийх” үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж байгаад талархал илэрхийлье. Энэ зураглал гэр хорооллын айл өрх бүхэнд үр өгөөжөө өгсөн төсөл байх болно гэдэгт итгэлтэй байна” гэж хэллээ. Төслийн баг мэдээ, мэдээлэл хэрхэн цуглуулсан, газрын зураглал хийсэн үйл явцынхаа талаар танилцуулж, гарсан үр дүнг дүн шинжилгээн дээр үндэслэн тайлбарлалаа. Иргэдийн оролцоотой газрын зураглалын ач холбогдол, цаашдын хэрэглээний талаар Азийн сангийн зөвлөх Жон Тэйлор, Газрын зураглалыг эрүүл, аюулгүй байдлыг индекстэй холбож, хамтатган ашиглах боломжийн талаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун нар танилцуулсан юм. Энэхүү зураглалыг хийснээр Улаанбаатар хотын 60 хувийг эзэлж буй гэр хороололд тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэх боломжтой болно гэдгийг Азийн Сангийн төлөөлөгч хэллээ. Ингэснээр тухайн хорооны автобусны буудал, худаг ус, цэцэрлэг, сургууль, үер усны аюулын бүсийн байршил тодорхой болох юм. Цаашид Улаанбаатар хотын 152 хорооны зураглалыг гаргана. Азийн сангаас танилцуулж буй 11 хороонд иргэдийн оролцоотой хийгдсэн газрын зураглал дээр үндэслэн хийж болох дүн шинжилгээний талаар тодорхой жишээ татан ярилцаж, цаашид газрын зураглал хийх үйл явцыг Улаанбаатар хотын зүгээс баримталж буй бодлого, үйл ажиллагаатай хэрхэн яаж уялдуулах талаар харилцан санал бодлоо солилцлоо. Газрын зураглал хийхэд идэвхтэй оролцсон 11 хорооны Засаг дарга нар болон хэсгийн ахлагч нарыг оролцуулсан уулзалт хэлэлцүүлэг 08 дугаар сарын 06-ны өдөр “Чингис хаан” зочид буудлын уулзалтын танхимд болно гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
No comments:
Post a Comment