Saturday, September 15, 2012

“Шууд ардчилал, иргэдийн оролцоотой төсвийн менежмент” үндэсний сургалтын хаалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн хэлсэн үг

Энэхүү сургалтад оролцож байгаа та бүхний оройн амар амгаланг ирье.  
Шууд ардчилал, иргэдийн оролцоотой төсвийн менежментийн тухай та бид ярилаа. Ер нь Төсвийн тухай шинэ хуульд танай сумын Засаг даргын Тамгын газар яаж ажиллах, санхүүгийн эх үүсвэрээ хаанаас бүрдүүлэх юм гэдгийг тодорхой заасан байгаа. Тэгэхлээр нэгд бид үүнийг сайн судалж ойлгосон байх хэрэгтэй. Өөрсдөө төдийгүй хүүхдүүд маань мэддэг байх учиртай. Тэд хүүхэд байхдаа монгол хүн болох ёстой.
Монгол хүндээ бүр Монгол Улсын иргэн болох ёстой. Иймээс иргэний хувьд, энэ улсыг ирээдүйд авч явах хүний хувьд нутаг орныхоо засаг захиргааны үйл ажиллагаа, хөгжлийн эх үүсвэрийн тухай ойлголттой болох ёстой. Цаашлаад Монгол Улсынхаа, хөрш орнуудынхаа, дэлхий нийтийн талаар мэдээлэлтэй болох ёстой.
Хоёр дахь гол асуудалд та бүхний анхаарлыг хандуулъя. Иргэн нь оролцдоггүй иргэний нийгэм гэж байж болохгүй. Хүн нь эдэлдэггүй хүний эрх гэж байж болохгүй. Иргэний нийгэм байгуулах нь бидний гол баримтлах зарчим. Үндсэн хуульдаа бид ингэж биччихсэн мөртлөө иргэн нь оролцдоггүй байж таарахгүй. Эндээс бид ажлаа эхлэх ёстой. 
Ерөнхийлөгч болсныхоо дараа удалгүй миний хийсэн нэг ажил бол иргэний танхим шинээр байгуулсан явдал. Үе үеийн төрийн тэргүүнүүд сууж байсан тэр танхимыг иргэд маань саналаа хэлдэг танхим болгоё гэж шийдээд байгуулсан юм. Улсын Их Хурал руу оруулах гэж байгаа, Ерөнхийлөгчийн зүгээс санаачилж боловсруулсан тэр эрх зүйн чухал чухал баримт бичиг, нийгэмд тулгамдсан асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлж, иргэд саналаа хэлдэг байг, тэднийхээ саналыг сонсъё гэж бодсон юм. Иргэд гэдэгт эрдэмтэд, шинжээчид, тухайн хэлэлцэж буй асуудлаар бодитой үйл ажиллагаа явуулдаг, зохицуулдаг хүмүүс, олон нийтийн төлөөлөл гээд олон хүн орж байгаа. Энэ үйл ажиллагаа цаашдаа өргөжөөд аймгууд, мөн сумдад иргэний танхим байгуулагдаж байна. Гэхдээ эхлээд үүндээ бид өөрсдөө дасах хэрэгтэй байна. Шууд хуулиар тулгавал хүн хүлээж авахад хэцүү. Одоо иргэний танхим, иргэний оролцоо гээд иргэн хүн юм ярихад эвэртэй туулай үзсэн юм шиг хандлагатай байдаг нь арилж байгаа. Ингэж явах ёстой.
Би хажуудаа хүний эрх, иргэний оролцооны зөвлөх гэж орон тоог анх удаа бий болгосон. Үүгээрээ Ерөнхийлөгч юунд анхаарах гэж байна вэ гэдгээ ойлгуулах гэсэн юм. Өөрөөр хэлбэл хүний эрх, иргэний оролцоонд анхаарах гэж буй юм байна, ерөөсөө бүх газраа ийм албатай, ийм ажил хариуцсан хүнтэй болгох ёстой юм байна, энэ бол гол асуудал юм гэдгийг ойлгуулах гэж оролдоод байгаа юм. Ямар учраас иргэний оролцооны тухай ингэж удаан хугацааны дараа төрийн ордонд цуглан ярьж байна вэ гэвэл нэгэнт тогтсон бүхэл бүтэн зуршил, хэв жаягийг өөрчлөх хэрэгтэй байгаа юм. Бүхэл бүтэн сэтгэлгээний хувьсгал хийх, тодруулбал хаант төрийн үед хаан шийддэг, бусад улс орны эрхшээл, нөлөөнд байх үед тэр улсууд нь шийддэг, өөр үед нам шийддэг, дарга шийддэг, би бол мэдэх юм байхгүй, тэнд л юм шийдэгдэх ёстой гэсэн ойлголтоор хэдэн зуун жил явсан тэр сэтгэхүйгээсээ хамгийн түрүүнд салах ёстой. Энэ бол боолын, хамжлагын үеийн сэтгэхүй шүү дээ.
Энэ сэтгэхүйгээс салахад цаг хугацаа шаардагдах нь ойлгомжтой. Магадгүй бид өдгөө ч ийм байдлаар хандаж цаг алдсаар байна.
Хууль, эрх зүйн хувьд энэ сэтгэлгээний шинэчлэлийг хийх боломж нээлттэй байгаа. Үндсэн хуульд монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох буюу төлөөллөөрөө дамжуулан төрийн бодлогыг тодорхойлоход оролцоно гэсэн байдаг. Шууд оролцох боломжийг ч заагаад өгчихсөн байна. Мөн Төсвийн тухай хуульд иргэний оролцоо гэсэн бүлэг оруулсан байгаа. Ерөнхийлөгчийн Тамгын газраас аймаг, сумд эдийн засгийн эрх мэдэл олгох, орон нутгийн хөгжлийн сан байгуулах, төсөв мөнгөө өөрсдөө хэлэлцдэг болгох санааг хуульд тусгуулсан юм. Энэ асуудлыг уг нь 2004 онд Ерөнхий сайд байхдаа Засгийн газраас чиглэл өгч, Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн “Тогтвортой амьжиргаа-2” төсөлд аймаг, суманд хийх гэж буй зүйлээ иргэд нь оролцон шийддэг болгохоор тусгуулж байсан. Энэ утгаар бол манайд хэрэгжээд эхэлчихсэн соёл. Тэгэхээр суурь нь 2004 оноос тавигдсан гэсэн үг.
Одоо бид үүнийгээ үндсэн эрх болгож цааш нь өргөжүүлэх хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр та бүхэн шууд ардчиллын багш гэдэг гэрчилгээтэй болох гэж байна. Дээр үеийн шинэ үсгийн багш гэдэг шиг. Шинэ үсэг бараг зааж байсантай адил хэмжээний үйл явц мөн. Та бүхэн орон нутагтаа очоод 10, 20 хүн цуглуулаад тэр хүмүүстээ ардчиллын тухай, иргэний оролцооны тухай мэдсэн бүх зүйлээ ярьж өгөх хэрэгтэй. Иймэрхүү маягаар энэ ажил цаашид өрнөнө.
Ерөнхийлөгчийн, ер нь аль ч даргын бүрэн эрх тодорхой хугацааны дараа дуусна. Тэр үед бидний үйл ажиллагааг юугаар хэмжих вэ гэдгийг байнга бодож байх ёстой. Их эрх мэдэл өөртөө төвлөрүүлснээр хэмжих үү, аль эсвэл эрх мэдлийг иргэдэд шилжүүлснээр үйл ажиллагаа хэмжигдэх үү. Миний итгэл үнэмшлээр бол өөртөө эрх мэдэл төвлөрүүлэх биш, иргэдэд эрх мэдлийг шилжүүлснээр бидний үйл ажиллагаа хэмжигдэнэ гэж боддог. Засгийн эрх барилцаж буй хүмүүс сонгуулийн өмнө нь сөрөг хүчин, янз бүрийн хөдөлгөөний идэвхтэн байх үедээ их л мундаг юм ярьдаг. Тэрийгээ эрх мэдэлтэй болсон хойноо ч бас эрхэмлэдэг, мөрддөг байх хэрэгтэй. Дарга болоод өөр нүүртэй болж болохгүй.
Манайхан сайд, дарга болоод гараад ирэхээрээ илүү олон хүн томилмоор санагдаад, намын гишүүдээсээ илүү хүнийг ажилтай болгомоор бодогдоод, нөгөөдүүл нь ч тэгж шаардаад эхэлдэг. Бас илүү их төсвийг захиран зарцуулдаг болмоор санагдаад ирдэг бололтой. Одоо ийм байдал дээр хязгаарлалт тавьж өгөх цаг болсон. Бид хангалттай ярьсан, одоо үйлдэл хийх хэрэгтэй байна. Тийм учраас иргэний оролцоог хангах талаар Төсвийн хуульд тусгасан санаагаа бид цаашдаа бие даасан хууль болгож өгнө гэж бодож байгаа.
Ер нь монголын төрд 3 дутагдал байгаа. Нэгдүгээрт эрх шилжихгүй байгаа, хоёрдугаарт төрийн эрх мэдлийг бизнес гэж харж байгаа, гуравдугаарт хариуцлага тооцохгүй байгаа. Энэ гурав гурвуулаа дахиад иргэний оролцоотой холбоотой.
Би хоёр жилийн өмнө нь Улсын Их Хуралд үг хэлэхдээ “Орон нутаг бол үндсэн нутаг” гэж анхааруулсан. “Хар гэртээ хаан, бор гэртээ богд” гэсэн үг байдаг. Энэ бол маш гоё үг. Би хэдийгээр ямар ч нийгэмд амьдарч байсан, ямар ч дарга бай, ямар ч эрх мэдэлтэн бай энэ үгийг цааш нь бодох юм бол “Би амьдарч байгаа газрынхаа эзэн, тэнд миний эрх байх ёстой” гэсэн үг юм. Тэр эрхийг нь бид одоо иргэд, ард түмэндээ өгөх цаг болсон. Үүнийг хуульчилж өгөх хэрэгтэй. Одоо бид иргэдээ “Бор гэрт нь богд болгоё, хар гэрт нь хаан болгоё”. Ингэхгүй бол иргэн нь оролцдоггүй нийгэмд төр нь, улс төрчид нь халамжлагч болж хувирдаг.
Ардчиллаар замнасан 22 жилд гажуудал их бий. Мэдээж ололт амжилт ч их бий. Улс төрийн намын хийж байгаа ажлыг хар, улс төрчдийн хийж байгаа ажлыг хар, янз бүрийн хөдөлгөөний хийж байгаа ажлыг хар, хэвлэл мэдээллийн хийж байгаа ажлыг хар. Манай иргэд зүгээр л нэг үзэгчид байгаа шүү дээ. Уг нь жинхэнэ эрх нь та нарт байх ёстой. Тэд бүгд жүжигчид болж хувирсан. Баахан буян амладаг, баахан халамж амладаг. Иргэд нь эрхгүй төр л халамж амладаг. Мөнгийг иргэд нь шийддэг байхад төр халамж амлах шаардлагагүй. Иргэд нь эрхгүй л байвал халамж нэмэгдээд даргаа улам энхрийлэн хайрламаар санагдаад байдаг юм. Нөгөөдүүл нь бүр улам шүтүүлмээр болоод, улам их хэвлэлийн бага хурал хийгээд, улам их мэдэгдэл гаргаад, бараг төрөх гэж буй эхнэрийнх нь өмнөөс өвдөх нь холгүй байдаг. Тэгэхээр үүнийг би “Монголд Улс, монголын төр буруу тийшээ яваад байна” гэж хэлээд байгаа юм.
Ашигт малтмалын хувьд тэр ордыг ашиглуулах уу, хайгуул хийлгэх үү, үгүй юу гэдэг үндсэн эрх нь орон нутагт, тухайн сум, багийн иргэдийн мэдэлд байх ёстой. Тэдний шийдэх асуудал. Тэд шийдээгүй байхад хоёр дахь, гурав дахь шийдвэр гэж гаргадаггүй байх ёстой. Тэгэхээр үндсэн эрхийг иргэдэд нь эдлүүлэх хэрэгтэй. Улаанбаатарт ороод ирэхээр өөр хүн болж байгаа юм шиг, төрийн ордонд ороод ирэхээр өөр хүн болж байгаа юм шиг баашилдгаа болих хэрэгтэй. Ер нь хүн нэг нүүртэй, нэг байр суурьтай, нэг үнэлэмжтэй болох ёстой. Малчин айл ажил асуудлаа яаж шийддэг билээ, та бүхэн сайн мэдэж байгаа. Яг л тийм маягаар сумынхаа, багийнхаа асуудлыг шийд л дээ.
Ер нь Улаанбаатарт хэн сайд, дарга болох нь тэр Дорнодын нэг багт, Хөвсгөлийн нэг малчны гэрт тийм чухал юм уу? Гэтэл иймэрхүү асуудлыг тэр ингэлээ, энэ тэглээ гээд хэдэн телевизээр нь баахан яриад, түүнийх нь ард эрх ашгаа гүйцэлдүүлэх гэсэн хүмүүс малилзтал инээгээд сууж байдаг. Ард иргэд түүнд нь татагдаад хэд хуваагдаж байдаг. Энэ ер нь зөв үү? Бид телевиз үзэж талцах гэж монголд төрсөн юм уу? Тэр эрх мэдэлтэй, мэдэлгүй хүмүүсийн яаж аашилж, баашлахыг үзэх гэж бид монголд төрсөн юм уу? Бид ингэх гэж ардчилсан хувьсгал хийсэн юм уу? Үгүй шүү дээ. Би нэг ингэх гэсэн чинь тэр хаалаа боолоо, өлсгөлөн зарлаж байна. Намайг дэмж гээд талцаж бужигнасаар. Хаа байсан Увсаас тэрийг нь дэмжихээр хүн ирж л байх жишээтэй. Ийм байдлаар сүүлийн 20 жилийг өнгөрөөлөө. Одоо боль л доо. Үүнийхээ оронд улс төрчдөөс эрхийг минь өг, ийм юм хиймээр байна гээд тодорхой зүйл шаард л даа. Яг ийм хөдөлгөөн монголд хэрэгтэй байна.
Ер нь миний хэлдэг нэг үг бий. “Ард түмэн байгаа учраас төр байгаа, түүнээс биш төр, дарга байгаа учраас ард түмэн байгаа юм биш” гэж. Үүгээрээ би эрх нь иргэдэд шилжих хэрэгтэй гэдгийг л хэлж байгаа юм. Өөрчлөлтийн гол утга бол хүн. Хүн өөрөө л өөрчлөгдөх хэрэгтэй. Хүнд дэлхийг өөрчлөх хүч байхгүй байж болно, хүнд өөрөө өөрийгөө өөрчлөх хүч бий шүү. Хүн төрөхөд л эрх нь үүсдэг. Тэр эрхийнхээ төлөө л тэмц. Үүнийхээ төлөө л явах ёстой. Дарга шийдээд ирэхээр ямар завхрал гардаг билээ. Улаанбаатарт хүн явдаггүй газар гүүр барьсныг саяхан телевизээр үзүүлж байсан. Ингэж завхардаг. Тэр гүүр нь хэдэн сая, хэдэн тэрбум төгрөгөөр аягүй бол баригдсан байгаа. Иргэнд очих мөнгө шийдэгдээгүй байхад УИХ-ын гишүүд тийм ч, ийм ч зүйлд миний мөнгөнөөс, миний багцнаас тэрбумаар нь гаргалаа гэж ярьдаг. Үүнийхээ төлөө монголын төр ичих цаг болсон. Монголын төр дахин ийм тэнэг, буруу шийдвэр гаргаж болохгүй. Одоо энэ ажлын эхлэх цэгийг нь энд бид хийх хэрэгтэй. Тэр гүүр барих эрхийг, мөнгөтэй нь иргэдэд өгөх хэрэгтэй байсан юм. Улаанбаатарт нэг хорооны Засаг даргын конторыг өөр хорооны нутаг дээр барьчихсан байна гэдэг яриа гарч л байсан.
Халамж тойрсон гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд монголд хавтгайрсан. Өнөөдөр монголд халамжид зарцуулж байгаа хоёр төгрөг тутмын нэг нь халамжийг завшигч ангийн халаасанд орж байгаа. Сайхан эрүүл саруул хүн халамж аваад явж байна. Нэг хүний нэрний ард арван хүний нэр нэмж бичээд халамж авч байна. Эсвэл гадаад явсан хүнийг байгаа гэж хэлээд халамжийн мөнгө авдаг. Ингэж завхарч байгаа юм. Халамж завшигчид зөвхөн халамжийг биш төрийн эрх мэдлийг завшдаг. Нөгөө нэг хүнийхээ нэрний ард арван хүний, жаран хүний нэр бичиж сонгуульд оруулан тэд өөрийнхөө эрх мэдлийг авч үлддэг. Сая харин компьютер, скайнер хэрэглэж байж сонгууль дүн нуруутай гарч байх шиг байна. Ер нь муу юмыг хүн хийхээс биш, муу юмыг компьютер хийхгүй. Өнөөдөр үнэхээр монголчууд өөрсдийнхөө эрхийг эдэлье, өөрсдийнхөө эрхийг мэдэрье гэвэл энэ эрхийг хуулиар нь буцааж өгөх шаардлагатай.
Сонгууль болсны дараа бялуу хуваана гэсэн үг гардаг. Та нар бялуу сайхан хуваагдаж байна гээд бодоод сууж байгаа. Тэр бялууг намын удирдлагын хэдхэн хүн л хувааж идэж байгаа. Одоо та нар бялуугаа идэх хэрэгтэй шүү дээ. Тэр эрхээ өөрсдөө ав л даа. Асуудлаа иргэд нь өөрсдөө оролцоод шийддэг болох хэрэгтэй. Мөнгийг хуваарилна гэдэг бялууг хувааж байгаатай адилхан. Энэ эрхийг яаж авах вэ, авсан орнуудын туршлага ямар байна гээд зөндөө ярьсан. Ийм учраас нутгийн удирдлага, орон нутгийн удирдлагын тухай хуулийн өөрчлөлтийг энэ Их Хурлаар хийлгэе гэж бодож байна. Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлтийг энэ их хурлаар хийлгэе гэж бодож байгаа. Сул гарсан орон тоон дээр компьютераар шалгалт аваад, хэн нэгдүгээр, хоёрдугаар байрт орно тэр орсон байраараа, ажилласан жил, мэргэжил боловсролоороо тэр ажил дээр очиж байдаг эрхийг л өгөх хэрэгтэй.
Ер нь асуудлыг шийдэхийн тулд наад зах нь зар мэдээний хууль гаргахаар ярьж байна. Үндсэн хөрөнгийн татвар гэдэг юмыг бий болгоод түүний дээд, доод хэмжээг нь тавьж өгч болно. Харин чөлөөлөх, дээд, доод хязгаарын дотор ихэсгэх, багасгах эрхийг нь тэр иргэдэд нь өгөх хэрэгтэй. Тэгээд сумаараа цуглаад яриад хэдээр тогтоохоо шийдэг. Үндсэн хөрөнгийн тэр тогтсон татвар мөнгө нь яг тэр сумынхаа дансанд ордог байх хэрэгтэй. Тухайн сум, аймаг, орон нутгийнхаа дансанд хүн амын орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн газар, ус ашигласны гэхчлэн тодорхой албан татварууд орсон байх ёстой. Ингэж чадах юм бол мөнгөтэй болно. Санхүүгийн эх үүсвэрээ энэ мэтчлэн бүрдүүлэх боломжийг суманд нь өгчих, түүндээ тааруулаад асуудлаа шийдэх боломжийг нь олгочих. Ажил нь эх үүсвэртэйгээ хамт шилжих ёстой. Ийм ийм үйлчилгээг сумаасаа авна, ийм ийм ажлыг аймгаас, ийм ийм зүйлийг төвлөрсөн төсвөөс шийднэ гээд заачих хэрэгтэй. Манайд ажлыг нь өгчихөөд мөнгийг нь, шийдэх боломжийг нь өгдөггүй. Ингэж буруудаад байгаа юм.
Монголд Засаг даргын Тамгын газрыг Засаг даргад үйлчлэх ёстой гэж ойлгодог. Уг нь иргэдийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд Засаг даргаасаа авахуулаад Тамгын газар үйлчилж байх учиртай. Засаг даргын Тамгын газар бол иргэдэд үйлчлэх ёстой байгууллага. Монголд иргэдэд үйлчлэх ямар байгууллага байдгийг мэдэх үү. Үүнийг сайн ойлгохгүй байх шиг байна. Юм завхрахаараа юу руу очтлоо ойлголт, нэр томъёо өөрчлөгддөгийг та бүхэн ойлгосон болов уу гэж бодож байна.
Хуулиар булааж авсан эрхийг хуулиар нь буцааж өгье. Ер нь ийм ажлыг сэтгэлтэй улсууд хийдэг юм. Улаанбаатарт сонгуулиар хүмүүс газрын асуудлаар хөтөлбөр дэвшүүлж гарч ирээд түүнийгээ хэрэгжүүлэхэд нь иргэд хүлээж авч, дэмжиж байна шүү дээ. Газрын асуудлыг 22 жил бизнес болголоо. Хамгийн ашигтай газар бүхнийг нөөц гэж аваад түүнийгээ газрын наймаа, авлигал болгон зарсаар өдий хүрлээ шүү дээ. Үүнийг л өөрчилье. Одоо нийтийн газар гэж байх ёстой, иргэндээ олгох газар гэж байх ёстой. Энэ асуудал Улсын Их Хурлаар маш нарийвчлалтай шийдэгдэнэ гэж бодож байна. Манайд төр нь сургууль, цэцэрлэг, эмнэлгийг анхаараад газрыг шуурхай шийдээд бариулаад явах ёстой. Өнөөдөр 70 мянган хүүхэд цэцэрлэггүй байна. Гэтэл шорон, намын байр, контор /оффис/, баарууд хамгийн хурдан баригдаж байна. Иргэд шийддэг байсан бол тэр сургууль, цэцэрлэг хамгийн түрүүнд баригдана шүү дээ. Улаанбаатарт 10 мянган хүнтэй нэг ч цэцэрлэггүй хороо байна. Тэгэхээр ийм төр, ийм иргэний нийгэм байж болох уу?
Би хувьдаа энэ Их Хуралд маш их итгэж байгаа. Энэ Их Хурлыг зөв Их Хурал гарч ирлээ гэж бодож байгаа. Нэг намаас 70, 60-уулаа сууж байгаа Их Хурал биш юм. Алин нь ч олонх болж чадаагүй, бас энэ Их Хуралд иргэний эрх, орон нутгийн эрх, шударга ёс гэж ярьдаг нэлээд хэдэн хүн орсон. Шударга ёс бол үйлдлээр хэмжигдэнэ. Түүнээс биш цуглаан дээр хэлж байгаа үгээр хэмжигдэхгүй. Амлалтаар хэмжигдэхгүй. Таны үйлдэл, таны гаргаж байгаа шийдвэрээр хэмжигдэнэ. Тэгэхээр миний хийх ажил бол монголын төрийн бодлогыг зөв болгоход оршиж байгаа гэж боддог. Үүнд хувь нэмрээ оруулах ёстой гэж боддог. Монгол Улсад хууль хэрэгждэг болоход хувь нэмрээ оруулах ёстой гэж боддог. Ингэхийн тулд бид ярьж байсан зүйлээ хууль болгоод хэрэгжүүлэх гэж оролдох хэрэгтэй. Энэ бол амар зүйл биш. Ярьж байгаа зүйлээ тодорхой үйлдлээр харуулах хэрэгтэй. Их Хурлаар баталсан зарим хууль 2013, 2014 оноос хэрэгжинэ гэж байгаа. Эдгээрийг нь нааш нь татъя гэж бодож байгаа. Манай Хууль зүйн яам харь гаригийнхан шиг ажилладаг байсан. Одоо арай өөр ажиллах байх гэж бодож байна.
Уг нь Ерөнхийлөгч нь манлайлаад асуудлыг сэдээд явахад хууль, журмын төслийг нь яам, мэргэжилтнүүд нь жин тан болгоод оруулж ирэх ёстой. Өнгөрсөн жилүүдэд Ерөнхийлөгч нь өөрөө сууж хууль бичдэг маягаар явж ирлээ. Одоо Улаанбаатарын ажил өөрөөр явах байх гэж бодож байгаа. Э.Бат-Үүл, Д.Баттулга нар дарга болоод Шууд ардчиллын алба хүртэл байгуулсан байна лээ. Цаашдаа Улаанбаатарт төдийгүй суманд ч ажил ингэж явах ёстой. Өнөөдөр багийн түвшинд хамгийн сайн ардчилалтай байх ёстой. Барууны өндөр хөгжилтэй оронд яваад очихоор нийслэлд нь байдаг стандарт манайхаар бол суманд нь адилхан байх юм. Манайд зуун жилийн өмнөх шигээ л байна. Бие засах газрыг хар. Ямархуу байдалтай усанд орж байгаагаа хар. Энэ мэтийн инженерийн шугам сүлжээг хэрвээ иргэдэд мөнгө нь байдаг бол хамгийн түрүүнд шийдэх байсан. Улс орноо хөгжүүлье гэвэл иргэддээ мөнгөнийх нь шийдвэр гаргах эрхийг өгмөөр байна. Тэгвэл улс орон өөрөө аяндаа сайхан болно. Нэг айлын гэр, нэг сумын төв, тэнд байгаа гудамж сайхан соёлтой болоод ирэх юм бол байдал шал өөр болно. Тэгэхээр тэр эрхийг дээрээс шийдэх гэж гэж өмнө нь 70 жил, сүүлд нь 20 гаруй жил явлаа. Үнэхээр бүтэхгүй байна. Тэр эрхийг иргэддээ бага ч болов олгоё гэж байгаа. Эхний суманд 50 саяас эхэлье гэж байна шүү дээ. 500 сая, тэрбумтай болтол нь тэр орлого, хуримтлалаа бий болгох эрхийг нь иргэддээ өгье.
Ер нь энэ улс төрчид хуурахдаа гарамгай. Над дээр зарим гишүүн Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэж орж ирж байна шүү дээ. Яах нь вэ гэхээр сумын Засаг даргыг сумаас нь сонгодог болгоё гэх юм. Хаанаас ч сонгосон бай ямар ч эрх мэдэлгүй бол яах юм бэ? Ийм байж болохгүй. Хүн гэдэг чинь эрхтэй байж бодсон, төлөвлөснөө хэрэгжүүлнэ шүү дээ. Тийм учраас энэ асуудлаар нэлээд яриа өрнөх байх. Сургалт үр дүнгээ өгнө байх. Аливаа шийдвэр гаргагч нарын үйл ажиллагааг нэг л юмаар хэмжье. Ямар байдлаар эрх мэдэлжүүлж байна, ямар байдлаар эмэгтэйчүүдийг дэмжиж байна, ямар байдлаар ядарсан зүдэрсэн тэр улсуудад асуудлаа шийдүүлэх эрхийг нь өгч байна, түүгээр нь хэмжих хэрэгтэй. Тэгээд ирэхээр халамж чинь зөв гольдролд орно. Хүүхдийн мөнгө шаардлагатай хүүхэддээ очдог болно. Ахмадын тэтгэвэр шаардлагатай хүндээ очдог болно. Ийм учраас эндээс бүгдээрээ нэг зүйлийг ойлгож гарах хэрэгтэй. Орон нутаг гэдэг бол үндсэн нутаг. Үндсэн нутаг учраас үндсэн эрх нь тэр орон нутагт амьдарч байгаа хүмүүст байх ёстой. Төрийн ордонд ажилладаг хүн байдаг болохоос амьдардаг хүн байдаггүй биз дээ.
Улсын Их Хуралд өргөдөл, гомдлын байнгын хороо гэж байгуулагдсан. Цаашдаа иргэний оролцооны гэж явах байх. Иргэний оролцоо, эрхийн чиглэлээр нэлээд олон ажил хийхээр төлөвлөж байгаа. Сум, аймгийн Засаг дарга өдөрт хэдэн төгрөг зарцуулсан бэ гэдгийг өдөр бүхэн хянах механизмыг хуулиар бүрдүүлье гэж бодож байгаа. Ер нь хяналт гэдэг бол явж явж мөнгөнд тавих хяналтыг хэлж байгаа юм. Энэ санаачилгыг АНУ-ын Ерөнхийлөгч Обама гэхчлэн 14 улсын эрх баригчид ярьж тохиролцсоны үндсэн дээр дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлэхээр баттай зогсож байна. Зарим оронд нь үүнийгээ хэрэгжээд эхэлчихлээ. Хэрвээ ийм хууль гарах юм бол үнэхээр монголд хувьсгал болно. Төрийн алба бол уг нь хууль хэрэгжүүлдэг, шударга ёсыг тогтоохын төлөө явдаг ажил. Бүх газар үүнийг ярьж байх ёстой. Шударга ёс гэдэг бол бүх хүнд хамаатай асуудал. Хууль хэрэгжинэ гэдэг бол бүх албан тушаалтанд хамаатай зүйл. Энэ утгаар нь та бүхэн ойлгож үйл ажиллагаанд оролцооч гэдгийг хэлэх гэсэн юм.
Хол газраас цаг зав гаргаж хүрэлцэн ирж оролцсон та бүхэнд баярлалаа. Чухал үйл хэргийг улс орон даяар бид эхлүүлж байна. Улсын Их Хурал, Засгийн газартайгаа хамтраад үнэхээр олон хуулийг өөрчлөх хэрэгтэй. Энд бас сургалт хэрэгтэй. Энэ бол амар зүйл биш. Үүнд тодорхой хэмжээний туршлага, ажил, хугацаа хэрэгтэй гэж бодож байгаа. Гэхдээ хангалттай хугацаа өнгөрсөн болохоор одоо энэ үйл ажиллагааг шат шатаар цааш хэрэгжүүлээд явах ёстой.
Монгол Улсын иргэн нь оролцож асуудлаа шийдэж байх юм бол манай орны тусгаар тогтнол, аюулгүй байдал үүгээр хангагдана. Түүнээс биш дарга гарч ирээд ганц даргын үйл ажиллагаагаар Монгол Улсын аюулгүй байдал хангагддаг юм биш ээ. Монгол Улсын аюулгүй байдлын төлөө монголын 2.8 сая иргэн бүгдээрээ үүрэг хүлээдэг, шийдвэр гаргахад тодорхой хэмжээгээр оролцдог болчихвол монголын аюулгүй байдал баттай болно. Миний монгол үүрд орших болно. Ийм олон суурь асуудал давхар давхар шийдэгдэж байгаа юм шүү.
Та бүхэнд баярлалаа, амжилт хүсье.

No comments:

Post a Comment

1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл