Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнөөдөр болж хуралдаанаар нийслэлд сонгуулийн тойрог байгуулж мандат хуваариалах тухай асуудлыг хэлэлцэн батлав.
НИТХ-ын дарга Д.Баттулга энэхүү асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулсан. Тэрээр Орон нутгийн сонгуулиар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 45төлөөлөгчийг сонгоно. 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хурлаас батлан гаргасан Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.8 дахь хэсэгт “Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн тойргийг энэ хуульд заасан сонгуулийн тогтолцоо, сонгогчдын тоотой уялдуулан санал авах өдрөөс 150-иас доошгүй хоногийн өмнө аймаг, нийслэлийн Хурлын Тэргүүлэгчид байгуулна” гэж заасан байдаг . Мөн Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь тухайн сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байхаар хуульчилсан. Урьд жилүүдэд болж байсан ээлжит сонгуулийн жишгээр сонгуулийн санал авах өдрийг зургадугаар сарын 29-ний өдөр гэж тооцвол энэ удаагийн сонгуулийн тойргийг 2016 оны 2-р сарын 1-ний өдрөөс өмнө байгуулах шаардлагатай. Тиймээс хуульд нийцүүлэн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийг сонгох сонгуулийн тойрог байгуулах, тойрогт ногдох мандатын тоо, хамрах нутаг дэвсгэрийн хувиар, байршлыг тогтоосон тогтоолын төслийг хамтад нь танилцуулж байна гэсэн юм.