2015 оны 08 сарын 14 өдөр дугаар А/671 Улаанбаатар хот
Хөршийн өдөр-ийг зохион байгуулах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ын “а”, 29.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2, 13.2.3, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5.1.2, 5.1.4, 5.1.5 дахь заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44 дүгээр тогтоол, 2015 оны Хөтөлбөр, төлөвлөгөө батлах тухай 126 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр батлагдсан Хөршийн хяналтын хөтөлбөр, Хөршийн хяналтын журам-ыг иргэд олон нийтэд сурталчлах, дүүрэг, хорооны оршин суугчдыг хоорондоо танилцах, ажил амьдралын туршлагаа хуваалцах, харилцан мэдээ мэдээлэл солилцох нөхцөл бололцоог бүрдүүлэхийн зэрэгцээ гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой Хөршийн өдөр-ийг нийслэлийн хэмжээнд 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зохион байгуулсугай.
2. Хөршийн өдөр арга хэмжээний хөтөлбөрийг нэгдүгээр, удирдамжийг хоёрдугаар, төлөвлөгөөг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.
3. Хөршийн өдөр арга хэмжээнд зарцуулах 62.3 сая /жаран хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
4. Хөршийн өдрийн арга хэмжээний бэлтгэлийг бүрэн хангаж, үр дүнтэй зохион байгуулж ажиллахыг Дүүрэг, хороодын Засаг дарга нар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, дүүргүүдийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.
5. Энэ захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч /Ц.Энхцэнгэл/-д даалгасугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ
No comments:
Post a Comment