Төрсөн эцгийнхээ гарт амиа алдсан дөрвөн настай бяцхан охины дурсгалыг хүндэтгэх “Цагаан цуглаан” зул өргөх ёслол өчигдөр буюу 2015 оны хоёрдугаар сарын 28-ны орой 18 цагт Чингисийн талбайд боллоо. Тус арга хэмжээг хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг олон нийтийн дуу хоолойг УИХ болоод төрийн эрх бүхий байгууллагуудад хүргэх зорилгоор фэйсбүүкийн "Ээж бүхний дуу хоолой" бүлэг, "Лантуу дохио" зэрэг ТББ-ууд хамтран санаачласан юм.
Энэ үеэр цуглаанд оролцогсод Гэр бүлийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг УИХ-ын хаврын чуулганаар яаралтай хэлэлцэн батлах хэрэгтэйг онцлож байв.
Эргэн сануулахад, Энэ сарын 21-ний өдөр дөрвөн настай охин төрсөн эцгийнхээ гарт амиа алдсан аймшигт хэрэг гарсан. Охины үхлийн талаарх мэдээллийг талийгаачийн ээжийн найз цахим сүлжээнд дэлгэсэн юм. Түүний мэдээлэлд охиныг БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт тав хоногийн турш сэхээнд байсан бөгөөд анх эмнэлэгт хүргэгдэхдээ тархинд нь цус харвасан, бүх бие нь хөхөрсөн байсан гэжээ. Түүнчлэн охиныг эмчлэгч эмч нар “Охин цус харваад 4-5 хоносон, төрсөн аав нь эмнэлэгт очиж “гомдолгүй, эмнэлэгт хэвтүүлэхгүй” гэх бичиг бичиж, гарын үсэг зураад охиныг авч явсан гэх мэт зүйлсийг ярьсан талаар ч дурдсан байна. Тус хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа юм.
No comments:
Post a Comment