Төрсөн эцгийнхээ гарт амиа алдсан дөрвөн настай бяцхан охины дурсгалыг хүндэтгэх “Цагаан цуглаан” зул өргөх ёслол өчигдөр буюу 2015 оны хоёрдугаар сарын 28-ны орой 18 цагт Чингисийн талбайд боллоо. Тус арга хэмжээг хүүхдийг хүчирхийлэхийн эсрэг олон нийтийн дуу хоолойг УИХ болоод төрийн эрх бүхий байгууллагуудад хүргэх зорилгоор фэйсбүүкийн "Ээж бүхний дуу хоолой" бүлэг, "Лантуу дохио" зэрэг ТББ-ууд хамтран санаачласан юм.
Энэ үеэр цуглаанд оролцогсод Гэр бүлийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг УИХ-ын хаврын чуулганаар яаралтай хэлэлцэн батлах хэрэгтэйг онцлож байв.