Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Захиргааны ерөнхий хуулийн төсөл, Төрийн сонгогдсон болон томилогдсон өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт захиргааны хэргийн шүүгч, өмгөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, төрийн захиргааны байгууллагын албан хаагчид оролцлоо.
Нээлттэй хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр хөтлөн явуулсан юм. Тэрээр хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ “Эдгээр хоёр хуулийн төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэлийн бодлого болоод Ухаалаг төрийн бодлоготой уялдаж байгаа юм. Захиргааны ерөнхий хууль батлагдан гарснаар захиргааны шийдвэр, үйл ажиллагаа хуулийн дагуу явдаг нэгдсэн стандарттай болно. Мөн Захиргааны хэргийн шүүхүүд захиргааны хууль бус үйл ажиллагаа, дур зоргоос иргэний эрх чөлөөг хамгаалдаг механизм болж бүрдэхэд чухал ач холбогдолтой гэж харж байна. Мөн иргэнд үйлчилж, иргэний эрхийг хамгаалдаг Монгол Улс болоход чухал алхам болох юм. Захиргааны гаргаж буй шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой нэгдсэн мэдээллийн сантай болж чадна. Үүнээс гадна Захиргааны байгууллагын зарим үйл ажиллагааг захиргааны гэрээний үндсэн дээр мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлдэг эрх зүйн орчин бүрдэх юм.
Захиргааны ерөнхий хуулийг Захиргааны шүүхийн гол барих ёстой Үндсэн хууль гэж ойлгож болно. Тэр утгаараа Захиргааны хэргийн шүүх илүү бэхжих, шүүхийн салбарт шинэтгэлийг үргэлжлүүлэхэд томоохон алхам болох юм” гэлээ. Өнөөдөр Монгол Улсад захиргааны албан хаагч 16 мянга гаруй байгаа бөгөөд тэдний үйл ажиллагаа жинхэнэ утгаараа эрх зүйт төр рүү урагшилна гэдгийг мөн тэмдэглэлээ.
Захиргааны ерөнхий хуулийн төслийн талаарх танилцуулгыг хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн доктор Д.Сүнжид хийв. Тэрээр “Өнөөдөр манай улсад 420 гаруй хууль үйлчилж байгаагийн 230 гаруй нь захиргааны байгууллага, албан тушаалтны эрх, үүргийг зохицуулдаг. Гэвч эдгээр хуулиудад захиргааны эрх, үүргийг илүүтэй заасан боловч захиргаанаас аливаа шийдвэр гаргахдаа хүний эрхийг дээдлэн ажиллах, эрх, үүргээ хэрэгжүүлэхэд баримтлах зарчим, журам, хугацаа, дарааллын талаар нэгдсэн зохицуулалтгүй явж ирлээ. Захиргааны ерөнхий хуулийг баталснаар олон талын эерэг үр дагавар нийгэмд гарна. Захиргааны үйл ажиллагаа хуулийн хяналтад орж, захиргаа хариуцлагатай болж, захиргаа, иргэд хуулийг хэрэглэхэд хялбар, дөхөмтэй болж, захиргааны байгууллага шийдвэр гаргахад иргэд оролцох боломж бүрдсэнээр хүнд суртал, авлигаас урьдчилан сэргийлэх, түүнийг багасгах, захиргаа дур зоргоор авирлахаас сэргийлж чадна” гэв.
Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр мөн Төрийн сонгогдсон болон томилогдсон өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийн талаар хөндөж ярилцсан юм. Уг хуулийн төслөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, хуульд заасны дагуу Улсын Их Хурлаас томилогддог албан тушаалтан, аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг даргад сахилгын, улс төрийн, ёс суртахууны хариуцлага хүлээлгэх үндэслэл журмыг тодорхойлоод байгаа юм. Хууль батлагдсанаар төрийн сонгуульт болон томилгоот өндөр алба тушаалтныг огцруулах, эгүүлэн татах үндэслэл, журам, хүлээлгэх хариуцлагын төрөл тодорхой болж, албан тушаалтан өөрөө улс төрийн хариуцлага хүлээх соёл төлөвших нөхцөл бүрдэнэ гэж үзсэн байна.
Хэлэлцүүлэгт оролцогчид хуулиудын төслийн талаар ажлын хэсгийн гишүүдэд асуулт тавин хариулт авч санал бодлоо илэрхийлэв.
No comments:
Post a Comment