НИТХ-ын Тэргүүлэгчдийн энэ удаагийн хуралдаанаар хотын даргын орлогч Ц.Цогзолмаагийн оруулсан "Нийслэлийн Иргэний танхимын журам"-ыг баталлаа. Энэхүү иргэний танхим нь Ерөнхийлөгчөөс гаргасан санаачлагын дагуу хийгдэж байгаа ажил бөгөөд Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимаас ялгаатай байх аж. Энэхүү танхимд зөвхөн хотын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх бөгөөд хуучин хотын захиргаа байрлаж байсан Улаанбаатар банкинд байрлахаар тогтжээ. Нийслэл Иргэний танхимтай болсноор хотын иргэд өөрсдийн дуу хоолойг албан ёсоор тэргүүлэгч нарт хүргэх боломж нээгдэх юм. Дараа нь Ногоон байгууламжийн хорооноос оруулсан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төлөвлөлтөд нэмэлт тодотгол оруулах асуудлыг Тэргүүлэгчид хэлэлцэв.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 130 аад га-д шинэ төлөвлөлт хийх болсноо тодотголоор батлууллаа.
Мөн энэ удаагийн хуралдаанд Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 400 шинэ автобус нэмж, парк шинэчлэл хийх асуудлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр оруулсан юм. Нийслэлийн нийтийн тээвэрт "цус сэлбэх" эдгээр автобусууд бүгд орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байх бөгөөд хөрөнгийг зээлээр шийдэх юм байна. Өөрөөр хэлбэл, нийслэл эдгээр 400 автобусыг гурван жилийн хугацаатай зээлээр авах аж.
Уг саналыг Тэргүүлэгчид санал нэгтэй дэмжсэн юм. Шинэ автобусууд орж ирснээр хотынхны хуучин "унаанууд" ашиглалтаас хасагдана. Эдгээр автобусуудыг хувийн компаниудад тараахгүй, төрийн өмчит компаниудад өгнө хэмээн хотын дарга онцолж байсан. Түүнчлэн хурлын Тэргүүлэгчид автобусны эцсийн буудлуудыг боломж бололцооны хэрээр цааш уртасгах, чиглэлийн зохицуулалтыг хийх, ирж явах цагийн маршрутыг тодорхой гаргаж өгөх тал дээр анхааран ажиллахыг нийтийн тээврийн удирдлагуудад сануулсан юм.
No comments:
Post a Comment