Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын орлогч нар, Нийслэлийн үе үеийн удирдлагуудыг төлөөлж УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн М.Энхболд болон гадаадын зочид төлөөлгчид Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Сүлдэт хуур цэнгүүллээ.
Одоогоос 375 жилийн тэртээ 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож Хүн чулуун хөшөөгөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойхно хэсэгт 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм.