Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Жил бүрийн есдүгээр сарын 10-нд дээрх өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд Хэлмэгдэгсдийн төв хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр боллоо. Дээрх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга М.Энхболд, Л.Цог тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Дашжамцын БАТТУЛГА тэргүүтэй нийслэлийн удирдлагууд, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд оролцлоо. Хэлмэгдэгсдийг хүндэтгэх өдрийг энэ удаад 19 дэх жилдээ тэмдэглэж байна.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 36 мянга орчимд хүрчээ. Тэдгээрээс 30 мянга орчим нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгасан юм байна. Харин 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хууль батлагдсанаар өнөөг хүртэлх хугацаанд 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгожээ.